"Хямралын үеийг зөв бодлого, эх оронч хандлагаар давна"

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

"Хямралын үеийг зөв бодлого, эх оронч хандлагаар давна"

"Хямралын үеийг зөв бодлого, эх оронч хандлагаар давна"

"Лүүк Монголиа" ХХК-ийн захирал Т.Баттулгатай ярилцлаа.

Сүүлийн үед “Монгол Дархлаа” гэдэг агуулгатай богино хэмжээний видео сошлоор их анзаарагдах боллоо. Тэр дундаас таны, бизнесээс улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд хол бай гэсэн утгатай үг их анхаарал татсан. Та энэ видеонд ярьж байсан агуулгаа дэлгэрүүлж ярихгүй юу?

-“Монгол Дархлаа “гэдэг бол нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг зөв оношилж нийгмээ эмчлэх арга замыг хайх зорилгод нэгдсэн залуучуудын сошл хөдөлгөөн.

Өнөөдөр дэлхийг айлгаж байгаа вирусын халдвар хүний эрүүл мэндэд, айл өрхүүдийн тайван амгалан амьдралд, улс орнуудын төсөв санхүүд ямар их хор хохирол авчирч байгаатай адилхан манай нийгмийн салаа мөчир бүрд, бүх шатанд вирус нийгмийг маш их өвчлүүлсэн байна. Өвчлөхгүй байя гэвэл маш сайн дархлаатай байх ёстой. Ийм байдлаар харж, монголд байгаа олон асуудлыг нэлээн судалж, нэгтгэж харж байгаад  томьёолсон. Өнөөдөр монголд популизм, авилга,  ядуурал гурав хамгийн их хор хохирол дагуулж байна. Энэ бол бидний өвчин.  Энэ  гурвыг эмлчэх гол вакцин нь бидний тодорхойлж байгаагаар Мэдлэг, Хариуцлага, Бүтээмж  гурав юм. Энэ тодорхойлолтын дагуу бид тодорхой санал асуулгууд, судалгаа, уулзалтууд хийсэн. Хамгийн гол нь залуучуудаа сонсож байна. Тэдний ярьсан дэвшүүлсэн зүйлийг тодорхой хөтөлбөр болгоод  хэрэгжүүлэхийн төлөө явах болно.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу? Аль салбарт ажилладаг, ажил мэргэжлийн ямар туршлагатай хүн бэ?

-Намайг Төмөрдашийн Баттулга гэдэг. Би Ховд аймагт төрж өссөн. Бизнесийн удирдлагын чиглэлээр Англид сургууль төгссөн. Мэргэжлээрээ хувийн салбарт ажиллаж ирсэн. 2005 оноос эхлэн аялал жуулчлал, олон улсын худалдааны чиглэлээр хувийн бизнесээ эхлүүлсэн. Ажлын хажуугаар өөрийн сонирхлын дагуу улс төр, нийгмийн амьдралд идэвхитэй оролцдог. Залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд оролцож дэмжиж ирсэн. Спортод их дуртай учраас спортын арга хэмжээ их зохион байуулдаг, залуучуудын спортын бэлтгэл оролцоог дэмжих дуртай. Ном унших их дуртай. Нийгэмд мэдлэг түгээх, нийгмийг эрүүлжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах юмсан гэж хичээдэг. Дэлхий дахинд хамгийн их уншигдаж, анхаарал татсан улс төрийн болон, эдийн засгийн зарим номуудыг орчуулж монголын уншигчиддаа хүргэсэн. Ажлын хажуугаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн докторантурт сурч, хөгжлийн эдийн засаг чиглэлээр судалгаа хийж байна.

-Тэгэхээр хүмүүсийг хамгийн их бухимдуулж байгаа, таны хэлснээр яаралтай эмчлэх ёстой зүйлийн нэг нь төр өөрөө бизнес эрхлэгч болж хувираад байгаа энэ асуудал юм байна гэж ойлголоо?

-Төр өөрөө бизнес хийх буруу. Гэхдээ түүнээс илүү хортой зүйл гэвэл, түмний итгэлийг хүлээж, төрийн өндөр алба хашиж байгаа хүмүүс эрх мэдлээ ашиглан хувийн бизнесээ хийдэг байдал манайд хавтгай. Эмгэнэлтэй, их гутамшигтай зүйл шүү дээ.

Бид бизнес эрхэлж байгаагийн хувьд алдаж оноод, элдэв саад бэрхшээлийг даваад ажиллаад ирсэн. Уг нь татвар төлөгч нарт төр үйлчлэгч байх ёстой, гэтэл өрсөлдөгч болоод удлаа. Төрийн бизнес цөөн хэдэн салбарт байгаа л даа, бизнес тэнцэвргүй байдал үүсгэдэг, улс төржсөн менежменттэй учраас ашиг олохоосоос алдах нь их. Гэхдээ тэр гайгүй хэрэг. Харин төрийн өндөр албан тушаалтнууд, улсын их хурлын гишүүд эрх мэдлээрээ бизнес хийх л хамгийн гамшигтай, тэдний бизнестэй өрсөлдөх хэцүү төдийгүй боломжгүй шүү дээ.

Монголд өнөөдөр баялгийн өрмийг хэн хамж байна? хэн хамгийн үнэ цэнэтэй уул уурхайн ордыг эзэмшиж байна? хэн хамгийн үнэ цэнэтэй газрын зөвшөөрөл авч байна? хэний ажил ногоон гэрлээр бүтэж байна, хэн хамгийн хөнгөлөлттэй зээл, санхүүгийн хөшүүргийг авч чадаж байгаа билээ? Би танаас асууж байна. Та гараад захын хүнээс асуу, захын бизнес эрхлэгчээс асуу. Хариулт тодорхой. Гэтэл ердийн бизнес эрхлэгч зүгээр ердийн журмаар ажлаа явуулахад ямар их саад бэрхшээл тохиолддог билээ. Аж ахуй эрхлэхэд шат болгонд зохиомлоор үүсгэсэн саад бэрхшээл, гарын үсэг, зөвшөөрөл, хүнд суртал, хяналт шалгалт. Төрийн хурган дарга нарын үүсгэсэн зохиомол бэрхшээл бүр цаанаа авилгын төлөөстэй. Өрсөлдөөний энэ тэгш бус байдал асар их бизнесийг боомилж, жирийн бизнес эрхлэгчдийн урмыг хугалж байгааг би хэлсэн.

Түүнээс гадна, эрх мэдэлтэн бизнесчин бол эдийн засгийн хөгжлийн  гамшиг, бул хар чулуу.  Харвардын их сургуулийн эдийн засгийн профессор Дарон Асемоглу, Жэймс Робинсон нарын “Улс орнууд яагаад сүйрдэг вэ?” гэдэг ном байдаг. Номын гол санаа улстөрчид эрх мэдлээ ашиглан өөртөө давуу тал бий болгож бизнес хийдэг улс орнууд хөгжих биш сүйрдэг тухай. Үүнийгээ маш олон орны жишээн дээр баталсан. Зимбабве гэх мэт Африкийн орнууд, Венесуэл гэх мэт Латин Америкийн орнууд, Дундад Азийн орнуудад эрх мэдэлтэй улс төрчид эдийн засгийн хамгийн үнэ цэнэтэй бялууг өөрсөддөө авдаг учраас ямар ч сайхан боломж байсан улс орон нь уруудаж, хүн ам нь ядуурч ирсэн. Энэ байдал манай өнөөгийн нөхцөл байдалд яг таарч байгаа.

Чөлөөт зах зээл дээр өрсөлдөж байгаа бизнесийн байгууллагууд өрсөлдөөний давуу тал олж авахын тулд бизнестээ шинэ технологи, ноу хау нэвтрүүлж, боловсон хүчнээ улам чадавхижуулж, менежментээ цаг үргэлж сайжруулдаг. Тэдний бизнесийнхээ тусын тулд санаж сэдэж, хийж бүтээж байгаа бүхэн бүтээмжийг дээшлүүлж, бүтээмжийн өсөлт нь нийт нийгмийн эдийн засгийн өсөлт болж байдаг. Гэтэл эрх мэдлээрээ бизнес хийдэг улс төрчдөд энэ бүхэн шаардлагагүй, хэрэгцээгүй. Яагаад гэвэл, тэдний бизнесийн давуу тал нь зөвхөн эрх мэдэл. Тэд маш том том тендер авдаг, маш том том концесс нэртэй луйврын бизнес хийдэг, эрх мэдлээрээ далайлган уул уурхайн компаниудад маш том том шахаа хийдэг. Гэвч технологи хөгжүүлдэггүй, менежементийн сайн туршага нэвтрүүлдэггүй, боловсон хүчнээ сургадаггүй. Тэд амин чухал ганц зүйл болох эрх мэдлээ л усалдаг, торддог. Ингэж эдийн засгийн хамгийн том боломж дээр эзэн суусан эрх мэдэлтэн бүтээмжийг дээшлүүлэх бүх боломжийг хаадаг. Тэгээд эрх мэдлээ буруугаар ашиглаж олж авсан мөнгөөрөө эргээд сонгогчдын саналыг худалдаж аваад сууж байдаг. Ийм учраас манай улсад бүтээмж нэмэгдэхгүй байгаа юм. Ийм учраас манай цалин Амрикийнхаас 10 дахин бага байгаа юм. Ийм учраас манай залуус мянга мянгаараа Солонгост хар ажил хийхээр яваад байгаа юм. Чухам ийм учраас манай улс “сүйрэх” гээд байгаа юм.

-Улстөр бизнес хоёр хутгалдсан энэ байдлыг яаралтай засах хэрэгтэй. Гэхдээ яаж?

-Хууль л үйлчлэх хэрэгтэй. Хуулийн засаглал ажиллах хэрэгтэй. Хууль цааз үйлчилдэг орнуудад эрх мэдлээрээ бизнес хийх гэж оролдсон хүмүүс юун дарга гишүүн, бүгд гэмт хэрэгтэн шүү дээ. Манайд уг нь хууль эрх зүйн хангалттай зохицуулалтууд байгаа.  Нийтийн албанд хувийн болон хувийн ашиг сонирхлыг хянан зохиуулах хууль, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авилгын эсрэг хууль байдаг боловч эрх мэдэлтний асуудлаар бол амьдрал дээр хэрэгжихгүй байна.

Түүнээс гадна улстөрд орж байгаа хүмүүсийн ёсзүйн асуудал байна. Ёс зүйн өндөр хэм хэмжээтэй орнуудад эрх мэдэлтэн өөртөө бизнесийн давуу тал бий болгох байтугай, дэлгүүрт оочирлоход өөртөө давуу тал бий болговол нийгмээр жигшигддэг. Ямар ёс зүйтэй, түүх намтартай хүмүүс улстөрд зүтгээд байна гэдэгт сонгогчид бид маш гярхай ажиглаж, хэрсүү дүгнэж, зөв сонголт хийж байхгүй бол болохгүй боллоо.

Бизнесийг дэмжих бодлого нь алдаатай байна. Тодорхой салбарыг эсвэл тодорхой компанийг бусдааас ялгаж аваад илүү боломж олгоод дэмжих нь эдийн засагт тэгш биш байдал бий болгодог. Үүнээс аль болох зайлсхийж, ямар салбарт үйл ажиллагаа эрхэлж байгааг үл харгалзан эхлэлийн шатанд нь маш бодитой дэмжлэг үзүүлдэг туршлага бусад орнуудад бий.  Татвараар дэмжиж болно, туршлага, зөвлөгөө, техник технологийн туслалцаа үзүүлж болно. Ихэнх бизнес гарааны үе дээрээ дампуурдаг, цөөн хэд нь өсч бойжоод татвар төлөгч, ажил олгогч болоод явдаг. Бойжилтын шатаа давах эхний гурван жилд нь тодорхой татварын хөнгөлөлт өгч болно.

Манайд олон сан, төсөл хөтөлбөр байдаг дуулддаг. Эдгээр сангууд шударга ажиллолаа л гэхэд өрсөлдөж байгаа 100 компаниас нэгийг нь сонгож аваад мөнгө өгөөд дэмжээд явчихдаг. Энэ чинь тэгш биш байдал үүсгээд нэг нь амьдраад бусад дампуурах нөхцөл болж болно шүү дээ. Дээрээс нь ЖДҮ санг улс төрчид цөлмөсөн дуулианыг бүр яриад ч яахав. Татвар төлөгчдийн мөнгөөр боссон, эргээд тэднийг дэмжих ёстой санг, түүнийг зөв хуваарилах эрх мэдлийг авсан хамгийн дээд эрхтэй хүмүүс буюу УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдөө авчихсан. Өнөөдөр энэ хүмүүс юу ч гэж тайлбарласан энэ бол гэмт хэрэг, үеийн үед гутамшигтайгаар дурсагдах жигшүүрт явдал.

-Бизнес эрхэлж байгаа хүний хувьд танаас нэг зүйл асууя. Коронавирусийн үед хамгийн их хохирох нь бизнес эрхлэгчид юм байна гээд ярьж бичээд эхэлчихлээ. Манай улс энэ үеийг хохирол багатай давж гарахын тулд ямар арга хэмжээ авах ёстой гэж та бодож байна?

-Эдийн засгийн байдал маш хүнд хүнд, хямрал зайлшгүй боллоо.  Нэгдүгээр сараас эхлээд худалдаа үйлчилгээний байгууллагын орлого тасалдсан, гэвч зардлууд гардгаараа гарч байгаа. Цалингаа тавьж байна, түрээсээ төлж байна, банкны хүүгээ төлж байна. Энэ байдал дахиад 1-2 сар үргэлжилбэл олон мянган бизнесийн байгууллагууд хаалгаа барьж мэднэ. Ийм учраас шийдвэртэй арга хэмжээ аваачээ. Төр манлайллаа харуулаачээ гэж бизнес эрхлэгчид хүсч байна. Дэлхийн улс орнууд бизнесүүдээ дэмжих стимулус пакэйж гаргаад, шийдвэртэй арга хэмжээ авч байна. Зарим улсад зээлийн хүүгээ түр тэглэх бодлого явуулж байна. Харин манай Төв банк бодлогын хүүгээ  0.5 –аар бууруулсан нь бэлгэдлийн шинж чанартай. Уг нь бол тэн хагасаар биш юмаа гэхэд гуравны нэгээр буулгачих болов уу гэсэн хүлээлт байсан. Түрээслүүлэгч нар бас түрээслэгчдтэйгээ эрсдлээ хуваалцмаар байна. 100 жижиг лангуу байхад маргааш энэ 100 бүгдээрээ дампуурахгүйн тулд төлбөрөө 50 хувиа бууруулчихаасай.  Би үүнийг уриалж байна. Хямралын үеийг хамт давах боломжийг бүгдээрээ бүрдүүлэх ёстой гэж харж байна. Улс татвар төлөгчөө, банк үйлчлүүлэгчээ, түрээслүүлэгч түрээслэгчээ алдах гээд байна. Эрсддлээ хуваахгүй бол бүгд бие биеэ татаж унагаад, бүгд хохироно шүү дээ.

Улс бизнесийн байгууллагуудаа татварын бодлогоор дэмжих ёстой. УИХ яаралтай хуралдаад төсвөө танаад, татвараа хасаад, хямралын үеийн төлөвлөгөө батлаад ажиллаж эхлэх болсон. Манай улсын 2020 оны төсөв 11 орчим их наядаар батлагдсан. Түүний 2 их наяд нь алдагдал буюу ыбараг 20 хувь нь яаж орж ирэх байсан нь тодорхойгүй төсөв. Хөл хариотой байдал дахиад цаашид үргэлжилбэл юун 2 их наяд, түүнээс хэд дахин илүү хасахтай, төсөв болохоор харагдаад байна. 2020 оны сонгуульд зориулсан поп амлалтуудаа эргэж харж үзээд түүнээсээ ухамсартайгаар татгалзаач. Баахан хэрэгтэй хэрэггүй хөрөнгө оруулалт төлөвлөрчихсөн, соёлын төв л гэхэд 51 ширхэг байсан. Сангийн сайд яагаад төсвийн тодотголоо хийх тухай огт ярихгүй байгааг ойлгохгүй байна. Сонгуулийн өмнө л шоудаж байвал оны эцсээр энэ улс сүйрэх эрх баригчдад хамаагүй юм болов уу?

-Энэ хүнд үед хамгийн их нэрвэгдэх нь аялал жуулчлалын салбар гэдэг нь гарцаагүй болчихлоо. Танд хямралыг давах өөрийн гэсэн ямар нэг төлөвлөгөө бий юу?

-Бүх салбарт тэр дундаа аялал жуулчлал асар хүнд цохилт авахаар болсон. Би 2003 онд САРС гарахад Жуулчин ХК ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэр жил ирэх жуулчид, аялал жуулчлалын салбараас орох орлогын хэмжээ 50 хувиар буурч байсан юмдаг. Тэн хагас нь алга болсон гэсэн үг шүү дээ. Гэтэл одоо 2020 он, дэлхий нийт улам хоорондоо харилцан хамааралтай, вирусийн голомт БНХАУ тэр үед дэлхийн аялал жуулчлалын зах зээлийн 5% байсан бол өнөөдөр 20% болчихсон үе. Түүнээс гадна энэ корона хэмээх вирус САРС-тай харьцуулахад тархац хэдэн арав дахин илүү, дэлхий нийтийг хамарсан цар тахал болохыг нийтээрээ хүлээн зөвшөөрлөө шүү дээ. Өдийд манай улсад ирэх жуулчдын захиалгууд ид хийгдэж байдаг. Одоо хийгдэх биш цуцлагдаж байна. Энэ үйл ажиллагаа  үргэлжлэхээр байна. Энэ хохирлыг ганц жуулчны компаниуд биш биш зам тээвэр, зочид буудал, жуулчны баазууд, цаашлаад ресторан, дэлгүүр хоршоо, орон нутгийн иргэд бүх нийтээрээ амсана. Жуулчлалын энэхүү уналтаас аврах аврах гарц бий. Монголчууд энэ зун өөрсдөө дотооддоо аялах хэрэгтэй, өөрсдөө жуулчид байя. Монголчуудаа 2020 онд эх орноороо аялцгаая гэж уриалмаар байна. Нэг  талаар мөнгөө хэмнэнэ,  нөгөө талаар гадаадын жуулчдын хасагдсан тэр орон зайг өөрсдөө нөхөх эх оронч хандлага.  Эх оронч байцгаая!

Богино хугацаанд маш сонирхолтой яриа өрнүүлсэн Танд их баярлалаа.

Х.ГАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж