Сурвалжлага: Би хичээлдээ явмаар л байна | News.MN

Сурвалжлага: Би хичээлдээ явмаар л байна

Сурвалжлага: Би хичээлдээ явмаар л байна

Сурвалжлага: Би хичээлдээ явмаар л байна

Шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлж сургууль, цэцэрлэгийг карантилаад удаж байна.  Энэ хэрээр ч хүүхдүүд уйдаж, утасны хамааралтай болж буй эцэг эхчүүд хэлэх болсон. Үнэндээ, тоглоомын төв, кинотеатр, амралт, цанын бааз, үзвэр үйлчилгээ бүгд хаалттай. Цэвэр агаарыг ч бас “хязгаарласан” тул гэртээ цахим орчинд өдрийг үр ашиггүй өнгөрүүлж, утастайгаа "найзлах"-аас ч өөр сонголт алга.

 Хэдийгээр ууланд алхах гарц, зарим амралтын газруудыг нээх асуудал хөндөгдсөн ч шийдвэр нь гараагүй. Гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийслэлийн ногоон бүсэд хязгаарлалт тогтоосон хотын даргын шийдвэр хүчин төгөлдөр хэвээр.

Хорио цээрийн дэглэм үргэлжилж буй энэ өдрүүдэд хүн бүр дөрвөн хананыхаа дунд хашигдаж, цахим орчинд уйдсан, идсэн, амьсгалах агаар дутсан, жин нэмсэнээ гайхсан хүмүүс олширчээ. Хөл хорионоос залхаж байгаа нь хүүхдүүд болж.

Арванхоёрдугаар сараас хойш гэртээ “хоригдсон” багачууд утас, телевизтэй нөхөрлөөд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хүүхдүүд теле хичээл, хүүхэлдэйн киноноос өөр мэдээлэл, мэдлэг авчих нэвтрүүлэг үзэж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй.

Телевизүүд хүүхдүүдэд зориулсан нэвтрүүлэгтээ хэрхэн анхаарч буйг сонирхохоор Монголын үндэсний олон нийтийн телевизийн гуравдугаар сарын 16-ны өдрийн хөтөлбөрийг харлаа.  Эфир өглөөний 07:00 цагт нээснээс хойш 07:45 цагт Эх өв: Монгол хээ нэвтрүүлэг. Дараа нь 08:15 цагт “Маамуу” хүүхдийн нэвтрүүлэг, 14:00-16:55 цаг хүртэл теле хичээл, 18:45 цагт “ботгохон”, 20:50 цагт “боролдойн цаг”-аар хүүхдэд зориулсан контент өндөрлөж байв. Мөн 25 дугаар суваг телевизийн хөтөлбөрийг харвал эфир 07:30 цагт нээснээс хойш өдрийн 12:20 цагт “Марс гаригт ээжүүд хэрэгтэй” хүүхэлдэйн кино, 11:00, 15:30 цагуудад теле хичээлээс өөр хүүхдэд зориулсан контент харагдаагүй бол NTV телевизийн гуравдугаар сарын 16-ны өдрийн хөтөлбөрөөр 07:10, 18:00 цагт “Юүхүү ба түүний найзууд” хүүхэлдэйн кино тус тус гарч байв. Энэ мэтчилэн ETV, NTV, C1,  SBN зэрэг телевизийн суваг ч  мөн адил хүүхэлдэйн кино өдөрт 1-2 удаагийн давтамжаас хэтэрсэнгүй. Эндээс харахад телевизүүдийн хүүхдэд зориулсан контент тун бага харагдаж байгаа юм.

Хүүхдүүдийг зурагтын өмнө "уяж" болохгүй ч ядаж телевизүүд нь хүүхдүүдэд зориулсан хэрэгтэй мэдээ мэдээлэлтэй, сонирхол татсан контент хэрэгтэй байгааг эцэг эхчүүд онцолж байлаа. Ялангуяа байнга гарч байдаг  хүүхэлдэйн киногоо  дахин дахин давтан үзүүлж байгаад эцэг эхчүүд төдийгүй хүүхдүүд ч сонирхолгүй байгааг  шүүмжлэв. Тиймээс ихэнх хүүхдүүд гар утас, компьютерээс хүүхэлдэй кино, тоглоом тоглох "сонголт" хийдэг аж. Хөл хорио тогтоосон өдрүүдэд үндэсний контентын уралдаан зарлагдаж, түүнд нь олон телевиз шалгарч, шагнуулсан.  Яг ийм л цаг үед тэр олон телевизийн сувгууд бяцхан үзэгчиддээ зориулсан контентыг нийгмийн хариуцлагын хүрээнд хийх, нэвтрүүлэх үүрэг хүлээх учиртайг ч сануулах эцэг, эх байлаа.

Хөл хорионд хүүхдүүд дэлгэцийн донтолт, хичээлийн хоцрогдол, жингийн илүүдэл, агаар хүчилтөрөгчийн дутагдал, аюул осол гэх мэт эрсдэлийг өөр дээрээ үүрч байгааг үгүйсгэх аргагүй. Дэлгэц ширтэхээс өөр сонголтгүй болсон хүүхдүүд найзуудаа санагалзаж, хичээлээ үгүйлж эхэллээ.

БИ ИХ УЙДАЖ БАЙНА

Гуравдугаар ангийн сурагч Э.ЭНХСАЙХАН: 

-Би их уйдаж байна. Сургуульдаа явах дуртай. Хичээл орохгүй болохоор оюун ухаан маань муудаж, хичээлээ хийж чадахгүй юм шиг санагддаг. Теле хичээлээр үзсэн хичээлийг маань заадаг болохоор хийдэггүй. Өдөр хүүхэлдэйн кино үздэг. Телевизээр кино гарч байгаа үед би утас ашигладаггүй. Харин ээжийг мэдээ үзэх үед би утсаар тоглоом тоглож, сонирхолтой хүүхэлдэйн кино үздэг. Гэхдээ хичээлдээ явж, найзуудтайгаа хамт байхыг хүсч байна.

ХИЧЭЭЛДЭЭ ЯВМААР БАЙНА

Зургадугаар ангийн сурагч Л.ЦЭЛМЭГ: 

-Гэртээ л амарч байна. Телевизээр үзсэн хүүхэлдэйн кинонууд гаргадаг болохоор утсаараа хүүхэлдэйн кино үзэж, тоглоом тоглож өдрийг өнгөрүүлдэг. Их уйддаг. Цэвэр агаарт гарч салхилмаар санагддаг боловч ээж, аав гадуур хөл хориотой гээд хамт гадуур явж чаддаггүй гэлээ. Хичээлдээ явмаар байна.

ЦЭВЭР АГААРТ ГАРЧ ЧАДАХГҮЙ БОЛОХООР ГЭРИЙНХЭЭ ОЙРОЛЦОО САЛХИЛЖ БАЙНА

Эцэг эхчүүд амралт чөлөөт цагаа хүүхэдтэйгээ хэрхэн өнгөрүүлж байгааг сонирхлоо.

Баянзүрх дүүргийн VI хорооны оршин суугч П.ТҮМЭНГЭРЭЛ: 

-Цэвэр агаарт гарах нь чухал ч хөл хорио цуцлагдахыг хүлээлгүй хүүхэдтэйгээ хамт өдөрт 30 минут алхаж, агаарладаг. Хүүхэдтэйгээ хамт алхахдаа гудамж талбайд хүнгүй бол түрдээ амны хаалтаа авч, бусад үед зүүж байна. Ажлын өдрүүдэд хүүхдийнхээ багшийн өгсөн гэрийн даалгаврыг хийлгэж өдрийг өнгөрүүлдэг. Мэдээж, хүүхэд болохоор хүүхэлдэйн кино үзэж, тоглоом тоглоно. Гэхдээ хязгаартай. Сургууль, цэцэрлэг карентилсан үед зарим телевизийн сувгууд хүүхдэд зориулсан нэвтрүүлгийг хангалттай сайн гаргаж байгаа л гэж боддог. Тэр тусмаа Юнивишнд өдөр бүр хүүхдүүдэд зориулсан үнэгүй үзэх кинонууд байршуулж байна. Хүүхдийнхээ сошиал орчны хэрэглээг хянахгүй бол хүүхэлдэйн кино, нэвтрүүлэг нь ихэднэ үү гэхээс багадахгүй. Утас, телевизийн хэрэглээнд нь хяналт тавьж, тодорхой хугацаанд л үзүүлдэг. Өглөө нь хүүхдэдээ кино үзүүлэхээс өмнө хамтдаа 30 минут алхдаг.

Сүхбаатар дүүргийн VIII хорооны оршин суугч н.ДОРЖГОТОВ: 

-Хөл хорио тогтоосон хугацаанд бид гэрээсээ гараагүй. Хүүхдүүд маань теле хичээлээ хийж байгаа. Хорио цээрийн дэглэм цуцлагдахаар хүн цөөхөн газар агаар салхинд гарна. Одоогоор хичээлээ хий гэдэг шаардлагыг хүүхдүүдээ тавьж байна. Хүүхдүүд маань салхинд гарах сонирхол их байгаа. Гэхдээ одоохондоо гэрийнхээ ойролцоо өдөрт 15 минут салхилах байдлаар л агаарлаж байна даа.

Баянзүрх дүүргийн V хорооны оршин суугч Н.ЛХАГВАА: 

-Манай хүүхэд телевиз үзэж, утсаараа тоглож л амарч байна. Хичээлээ хийхгүй. Теле хичээлээ ойлгохгүй болохоор одоо яах билээ. Ер нь телевизээр хүүхдэд зориулсан нэвтрүүлэг гаргаж байгаа нь ховор юм. Утаснаас нь холдуулж, цэвэр агаарт салхилуулъя гэхээр ногоон бүсэд гарахыг хориглосон. Хаашаа ч гарч явах боломжгүй гэрт л байхаас өөр арга алга. Гэхдээ хашаа байшинд амьдардаг болохоор хөдөлгөөний дутагдалд орох вий гэж санаа зовох нь бага. Хүүхэд маань нохойтойгоо тоглоно, гэртээ утсаараа хүүхэлдэйн кино үзэх зэргээр л амарч байна даа.

 

Эцэг, эхчүүд томчууд бид гэртээ хорионд байгаа хүүхдүүдийнхээ цаг завыг зөв боловсон өнгөрөөхөд, дасгал хийлгэх, гэрийн нөхцөлд дархлааг нь дэмжих гар утас, зурагтаас хол байлгаж, энэ цаг мөчид хүүхдүүддээ илүү их анхаарал хандуулахгүй бол богинохон хугацаанд ч гэсэн тэд буруу зуршилд дасчих вий гэдэг болгоомжлол буйг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Хотын төв эл хуль. Зам сэлүүхэн, орон сууц, сургууль цэцэрлэг, тоглоомын талбайд хүүхдүүдийн тоглож, шулганах дуугаар дутсан мэт аниргүй. Хорио цээрийн дэглэм үргэлжилсээр…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж