Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

Төсвөөр хэн юу ярив?

УИХ-ын чуулган үдээс хойш хуралдаж Улсын төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг баталж байна. Засгийн газрын анх өргөн барьсан төсвийг нэлээд өөрчилж, зарим гишүүд төржилт хийлээ гэж Сангийн сайд Б.Болор хэлсэн. Тиймээс ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нараас төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хэрхэн дүгнэж байгааг тодрууллаа.

-2016 оны улсын төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг өрнөж байна. Засгийн газрын өргөн барьсан төсөв анхны хувилбараасаа нэлээд өөрчлөгдлөө. Үүнийг та юу гэж дүгнэж байна вэ?

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл

-Нэгдүгээрт: Хамгийн сайн төсөв бол тэг хувийн алдагдалтай төсөв байдаг. Бүр болохгүй бол -1 хувийн алдагдалтай баталж болдог. Өөрөөр хэлбэл 2016 оны эдийн засгийг бага ч гэсэн идэвхжүүлэхийн тулд төсвөө алдагдалгүй батлах ёстой байсан. Ингэснээр Засгийн газар өөрөө Монголбанкнаас зээл авах шаардлагагүй болж, Монголбанкны мөнгөний бодлогыг сулруулах боломж байсан. Одоо бол төв банкны мөнгөний бодлого батлагдчихлаа. Дараа жилд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ гэсэн төв банкны төсөөлөл нь хэцүү болчхож байгаа юм. Яагаад гэхээр эдийн засагт тодорхойгүй байдал үүсэж, эрсдэлийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Төсвийн алдагдал -3,23 хувиар орж ирсэн. Одоо бараг 4 хувь руу дөхөж байна. -3,23 хувийн алдагдал чинь 910 тэрбум төгрөг гэсэн үг. Үүгээр бизнесийн идэвхжилтийг яаж хангаж болох вэ гэдэг талаас нь бодоод үзэхэд төсвийг алдагдалгүй батлах нь ямар ач холбогдолтой болохыг хүмүүс ойлгох байх. Тиймээс үүнийг хийж чадсангүй.

Хоёрдугаарт: Төсвийг алдагдалтай баталснаар нийт эдийн засагт ачаалал өгнө. Учир нь өрийн хязгаар тоон утгаараа хязгаараас даваагүй ч ДНБ-ний төсөөллийг харахад давчихсан байна. Одоогоор ДНБ-ний 2016 оны гурван төсөөлөл байна. Засгийн газар 4,1 хувь гэж төсөөлж байгаа бол дэлхийн банк, олон улсын валютын сангаас 0,8 хувь, мөн төв банкны төсөөлөл байгаа юм. Үүнээс хамгийн өөдрөг нь Засгийн газрын төсөөлөл. Гэтэл улсын төсвөө 961 тэрбум төгрөгийн алдагдалтай баталж дээрээс нь ДНБ-ээ өөдрөг төсөөлсөн нь ачаалал нэмэгдүүлнэ. Энэ нь 2017 оноос эхлээд өр зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлнө гэсэн үг л дээ.


УИХ-ын гишүүн Д.Ганхуяг

-Засгийн газар -3,3 хувийн алдагдалтай төсөв өргөн барьсан. Хэлэлцүүлгийн шатанд нэлээн хүнд байлаа. Учир юу вэ гэвэл 2016 онд сонгууль болох гэж байгаатай холбогдуулан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрмэлзэлтэй нам эвслийн бүлгүүд, гишүүд ч цөөнгүй байлаа. Гэхдээ бид энэ асуудлыг аль болох зөвшилцөж -3,4 буюу -0,1 хувиар нэмэгдүүлсэн алдагдалтай баталлаа. Энэ нь 20 гаруй тэрбум төгрөгийн асуудал. 2015 оны төсвийг таван хувийн алдагдалтай баталж байсан бол энэ удаад -3,4 хувь боллоо. Бид 1,6 хувь буюу 500 орчим тэрбум төгрөгөөр алдагдлаа бууруулж чадлаа гэж хэлмээр байна. Ер нь сонгуулийн жилд бүтээн байгуулалтын ажил нэмэгддэг. 2012 онд 2,5 их наяд төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийнэ гэж орж ирээд 1,5 их наядаар баталж байсан. Гэтэл 2016 оны төсөв үүнээс эсрэг байр суурь баримталсан.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж