Ээлжит сонгуулийг хойшлуулах нь МАН-д ашиггүй

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

Ээлжит сонгуулийг хойшлуулах нь МАН-д ашиггүй

Ээлжит сонгуулийг хойшлуулах нь МАН-д ашиггүй

Ердөө гурван сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Ээлжит сонгуульд оролцох нам, нэр дэвшигчдийн хувьд сонгуульдаа бэлтгэсээр байгаа ч шинэ төрлийн коронавирусийн халдварын анхны тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэн, хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ цаг үед УИХ-ын сонгууль болох уу гэдэг эргэлзээ олон нийтийн дунд төрөөд байгаа юм.

Хэдийгээр коронавирусийн халдварын 4 тохиолдол Монголд бүртгэгдсэн ч эрсдэл маш өндөр орны тоонд орж буй. Тиймээс хүмүүсийг нэг дор олноор цуглуулахгүй байх, иргэд хувийн ариун цэврээ сахих шаардлагатай байгаа. Олон улсын эмч, мэргэжилтнүүдийн хувьд шинэ төрлийн коронавирусийн халдварын эрсдэлтэй үе нь 4-5 дугаар сард гэж тооцоолж буй. Японы судлаачдын хувьд коронавирусийн ид идэвхжил ирэх наймдугаар сар хүртэл үргэлжилнэ гэж ч тооцоолж буй. Харин цаашид коронавирусийн халдвар тархахгүй байх, бид хариуцлагатай байж чадвал ирэх зургадугаар сард нөхцөл байдал намжина гэж дотооддоо тооцоолж буй.

Дэлхийн олон оронд аюулын харанга дэлдээд буй коронавирусийн халдварыг хариуцлагатай, ухамсартай байж чадвал бид даваад гарах итгэл найдвар өнөөдөр ч харагдаж буй. Тиймээс ирэх зургадугаар сарын 24-нд болох УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахгүй байх нь эрх баригчдад ашигтай.

УИХ-ын ээлжит сонгууль хойшлогдож байсан түүх байхгүй бөгөөд энэ удаагийн найм дахь сонгууль ч хойшлохгүй л болов уу. Хэдийгээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд шаардлагатай тохиолдолд сонгуулийг хойшлуулах заалт оруулсан ч энэ заалтыг хэрэгжүүлэхгүй л болов уу. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд УИХ-аас ямар нэг шийдвэр гараагүй, гарахгүй бол бэлтгэл ажлаа үргэлжлүүлнэ гэдгийг хэлж буй. Тэгээд ч намуудын хувьд мөрийн хөтөлбөрөө онлайнаар баталгаажуулж, дотоод зохион байгуулалтад ороод явж байгаа бөгөөд сонгуулийн хороонд заасан хугацаанд материалаа бүрдүүлээд явбал сонгуулийн бэлтгэл ажил саатахгүй өрнөөд байж болох.

УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /2019.12.24-НД БАТЛАГДСАН/:

  • 9.4. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно.
  • 9.6. Улсын Их Хурал энэ хуулийн 9.4, 9.5-д заасан онцгой нөхцөл арилсны дараа ажлын долоон өдөрт багтаан, санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ээлжит сонгуулийг товлон зарлана.

Улсын онцгой комиссын шийдвэрээр хорио цээрийн дэглэмийг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл гэж тогтоосон бөгөөд дэлхий нийтийг сандаргаж буй коронавирусийн халдвар бүргэгдэхгүй, эрсдэл буураад эхэлбэл хорио цээрийг үргэлжлүүлэхгүй цуцлахаар төлөвлөжээ.

Яг одоогийн нөхцөл байдлаас харахад ээлжит сонгуулийг хойшлуулах нь эрх баригчдад ашиггүй, бусад улс төрийн хүчинд ашигтай байхаар харагдаж буй. Өнөөдрийг хүртэл эрх баригчдын цуглуулсан “нэр хүнд”, сүүлийн хэдэн сар хэрэгжүүлж буй арга хэмжээ, сар шинийн өмнө тэтгэврийн тэглэлт гээд одоохондоо эрх баригчдын нэр хүнд огцом өсөөгүй ч буураагүй байгаа.

Хорио цээрийн дэглэмтэй энэ үед сонгуульд горилогчдын хувьд танигдах боломж нь хомс. Угтаа бол сонгуулийн жилийн он гараад л нэр дэвшигчид албан бусаар сурталчилгаагаа хийгээд эхэлдэг. Гэтэл энэ жил коронавирусээс болж хорио цээрийн дэглэмтэй багагүй хугацааг нь алдаж байна. Тиймээс нэр дэвшигчдийн хувьд, ялангуяа шинэ нэр дэвшигчдийн хувьд нөхцөл байдал өөр болж байна. Өөрөөр хэлбэл, одоогийн парламентад байгаа нэр дэвшигчдэд бол том тойрог боломж илүү байж болох ч сонгогчдын хувьд хуучин цаг шиг болсныг нэр дэвшигчид ойлгож байгаа биз ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж