Амиа золиход ч шалтгаан байх ёстой

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

Амиа золиход ч шалтгаан байх ёстой

Өдөр болгон нэг том дуулиан гарч, олон нийтийг донсолгох болсон нь Монголын  эдийн засаг төдийгүй нийгэм  нь ч хүндээр өвчилсний тод шинж юм. Үнэндээ өдөр ирэх тусам улс төр бүүр утгаа алдан, ардчилсан, хүнлэг энэрэнгүй Монголд ажилгүй боллоо хэмээн амиа золих хэмжээний асуудал үүсэхэд хүргэж байгаа нь дэндүү харамсалтай.

Монгол Улсын нийт иргэдийн 98 хувь нь бичиг үсэгт тайлагдсан, мянган хүнд оногдох дээд боловсролтой мэргэжилтний тоогоор дэлхийд тэргүүлдэг. Гэвч, бид сэтгэлгээний харанхуйгаа, муйхар зөрчилдөөнөөсөө салж чадсангүй. Өөрөөр хэлбэл,  монгол хүний үнэлэмж  үнэгүйдсэн хийгээд сэдэв болгоныг улстөрчид улс төр болгон хувиргасан нь тусгаар  улсын иргэн өөрөө өөрийгөө шатаахад хүргэж буйг энэ явдал харууллаа.

Өт хүртэл амьдрахын төлөө тэмцдэг. Гэхдээ ажилгүй боллоо гээд энэ нь амиа золих хэмжээний том шалтгаан мөн үү. Яасан ч ядарсан сэтгэхүй, ямар тэнэг улс төр вэ. Энэ бол монголчууд сэтгэлгээний болоод ёс зүйн хувьд асар том уналтад орсны нэг нотолгоо. Нөгөө талдаа эрх  зүйт төрийн иргэн ийм хэмжээний үйлдэл гаргахад хүргэсэн улстөрчдийн утгаа алдсан улс төрийн үр дагаврын нэг гэж хэлж болно. Үнэнийг хэлэхэд асуудлыг эвээр яриад, ойлголцол, итгэлцлийн хүрээнд шийдэж чадахгүй болтлоо Монголын  нийгэм задарч, эвдэрч, доройтжээ. Бид аливаа асуудлыг  хүчирхийллийн замаар шийдэх гэж ингэж оролдож байгаа нь ардчилсан болоод хүнлэг энэрэнгүй нийгэмд хүлээн зөвшөөрөх хийгээд өмөөрөх явдал яавч биш юм.

Өнөөдрийн улс төр дэх уул уурхай, баялаг дагасан  нам, бүлэглэлүүдийн зодоон энгийн иргэдээ хүртэл талцан хуваагдуулж, хэрүүлээ хаа сайгүй цацаж, нялах болсон нь эцэстээ ийм аймшгийг дагууллаа.

Энэ бол “чи, би, нохой гахайндаа тулсан” Монголын улстөрчдийн эрх мэдэл булаацалдсан их хэрүүлийн балаг. Эрх мэдэлтнүүдийн эрдэнэс тойрсон шуналын  хар гай.

С.Эрдэнэ  нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” нэртэй үйлдвэрчний эвлэлийн даргаар ажилладаг юм байна. Тэрбээр олон ч удаа хэвлэлийн бага хурал хийлгэж Тавюантолгойн сэдвээр мэдээлэл өгч байжээ.  Тухайлбал, одоогоос нэг жилийн өмнө буюу 2014 оны зургадугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК нь эдийн засгийн хувьд дампуурч, улмаар хувьд очиход ойрхон байна. Иймд төрийн хяналт, засгийн газрын анхаарал шаардлагатай байна” хэмээн хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийж байжээ. Харин түүнээс хойш нэг жилийн дараа буюу энэ зун Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах гэрээг Монголд ашиггүй байдлаар хийж, гадны компанид 60 жилээр ашиглуулах гэлээ хэмээн эсэргүүцэж, “Манай компани байгуулагд­­санаасаа хойш амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл ком­­­панийн ололт амжилтыг үл тоож байгаад гомдолтой байна” гэж хэвлэлийнхэнд хэлж байв.

Эрх  зүйт төрийн иргэн ийм хэмжээний үйлдэл гаргахад хүргэсэн улстөрчдийн утгаа алдсан улс төрийн үр дагаврын нэг гэж хэлж болно. Үнэнийг хэлэхэд асуудлыг эвээр яриад, итгэлцлийн хүрээнд шийдэж чадахгүй болтлоо Монголын  нийгэм эвдэрч, доройтжээ. Бид аливаа асуудлыг хүчирхийллийн замаар шийдэх гэж ингэж оролдож байгаа нь ардчилсан болоод хүнлэг энэрэнгүй нийгэмд хүлээн зөвшөөрөх хийгээд өмөөрөх явдал яавч биш.

Эндээс харахад иргэн С.Эрдэнэ  яагаад нэг сэдвээр хоёр өөр мэдээлэл хийх болов оо? “Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн даргаар ажилладаг тэрбээр хэн нэгэн  улстөрчийн улс төрийнх нь  зэвсэг болсон юм биш байгаа?! гэсэн хоёр асуултыг тавихад хүргэж буй юм.

Тавантолгой бол Монголын  үе, үеийн Засгийн газрын толгойны өвчин, энэ асуудал сөхөгдөх бүрт эсэргүүцэн тэмцдэг хэсэг бүлэг хүмүүс Төрийн ордон дотор ч, саарал ордны гадаад ч цөөнгүй бий. Улстөрчдийн үл ойлголцол, Тавантолгойг тойрсон эрх мэдлийн зодоон, баялаг дагасан хэрүүл өнөөдөр хэн нэгний өөрөө өөрийгөө шатаах жижиг улс төр, цаашлаад иргэний дажин үүсгэх хэмжээний том асуудал болон хувирах вий гэсэн айдас ч эндээс төрж байна.  

С.Эрдэнийн өөрөө өөрийгөө шатаах болсон шалтгаан нь тун жижиг. Ажилчдынх нь тайлбарлаж байгаагаар Австралийн компанид “Эрдэнэс Тавантолгой” өрөө төлж чадаагүйгээс болоод зүүн Цанхид олборлолт явуулах эрхийг нь Хятадын оператор компани худалдаж авсан аж.  Өнгөрсөн аравдугаар сард “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэг “Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан 203 хүний ажлын байрны нөхцөлийг дордуулахгүй, цалинг нь бууруулахгүйгээр “TTJVCo” компанид шилжүүлэхээр болсон” гэж энэ  талаар  мэдээлж байсан юм. Тэгэхээр С.Эрдэнийн амиа золих шалтгаан нь ердөө энэ асуудал байсан гэвэл, хүчирхийллийн замаар асуудлыг шийдэх гэж улайрсан түүний буруу.  Түүнд эвээр, эс бөгөөс эрх зүйт төрийн хувьд шүүхээр, адагдлаад л тэрхүү 200 гаруй ажилтнуудын хамтаар эсэргүүцэл илэрхийлж болох байсан.  Даанч тэмцлийн зөв гарцыг биш буруу хувилбарыг сонгож.

Үнийг хэлэхэд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани сүүлийн жилүүдэд хамгийн их улстөрждөг, экс удирдлагууд нь авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-д шалгагдаж байгаа хэл ам, хэрүүл ихтэй байгууллага болж хувирсан.  Ажилчид нь сав л хийвэл, өлсч, жагсахаа илэрхийлдэг тус байгууллага доторх  улс төрийн золиос, улстөрчдийн зодооны уршиг С.Эрдэнийн хэргээр ийнхүү “эргээсээ” хальж эхлэв.

Нөгөөтэйгүүр баялаг тойрсон Монголын их хэрүүл, улстөрчдийн улстөржилтөөс үүдэлтэй уул уурхайн салбарын дампуурлаас болж ажлаа алдахад хүрсэн С.Эрдэнэ шиг амиа золихоо байг гэхнээ энэ салбарт ажиллаж яваа хичнээн мянган хүн дотроо бухимдалтай байгааг  тоочин хэлэхэд хэцүү. Ямар ч байсан  Монголын улстөрчид уул уурхайг тойрсон хэрүүлээ зогсоож,  уул уурхайгаар популизм хийхээ болихгүй бол ажлаа, амьдралаа алдсан олон мянган хүн хямралд өртөн "өвдөхдөө" ингээд босоод ирж магадгүй байна шүү. Эдийн засгаа хорлож, хөгжлийг чөдөрлөж суудаг "эх оронч" улстөрчдөд хандаж  хэлэхэд С.Эрдэнийн өөрөө өөрийгөө шатааж байгаа бичлэгийг сайн хар гэж зөвлөе. Энэ бол том дохио. Учир нь хүчирхийллээс хүчирхийлэл  төрдөг гэж үүнийг л хэлдэг юм шүү дээ.

 Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж