"Банкууд зээлийг хойшлуулах боломжтой"

Хуучирсан мэдээ: 2020.03.16-нд нийтлэгдсэн

"Банкууд зээлийг хойшлуулах боломжтой"

"Банкууд зээлийг хойшлуулах боломжтой"

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл, Монголын банкны холбоо, Улаанбаатар хотын худалдааны танхим болон хувийн хэвшлийнхэн өнөөдөр /2020.03.16/ мэдээлэл хийлээ.


МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: Коронавирус халдвар дэлхийн 150 гаруй орныг хамарсан тул улс орон бүр эдийн засгийн эрсдэлээс хамгаалах арга хэмжээг авч эхэлж буйгаа ил тод зарлаж байна. Монгол Улсын эдийн засаг ч мөн адил томоохон сорилттой тулгарч байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нийт 1100 гаруй бизнес эрхлэгчдээс судалгаа авсан. Энэхүү судалгаанаас харвал, коронавирусийн улмаас хөл хорио тогтоосон нь бизнес эрхлэгчдийн 88 хувьд нь хохирол учирч байна гэсэн дүр зураг ажиглагдсан. Тухайлбал, зээлийн төлбөр, зээлийн хүү, түүний торгууль, алданги, нийгмийн даатгалын шимтгэл, татвар зэргийг төлөх хүндрэлтэй боллоо. Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй болсон зэрэг маш олон сорилттой тулгарч байна. Эдгээр саналуудыг бид Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлд хүргүүлсэн. Энэ хугацаанд Монголбанк түргэн шуурхай арга хэмжээ авч, Мөнгөний бодлогын хүүгээ нэг хувиар бууруулж, 10 хувь болгосон мөн төгрөгийн зайлшгүй байх нөөцийг бууруулсан зэрэг шийдвэр гаргалаа.

Макро эдийн засгийн түвшинд төсвийн бодлогоор дамжуулж, эдийн засгийн хамгаалах зайлшгүй шаардлагатай байна. Бидний тооцоогоор, хэрвээ Монгол Улс энэ янзаараа байгаад байвал ажилгүйдлийн түвшин хамгийн багадаа 20 хувьд хүрнэ. Хэрвээ ажилгүйдэл ихэсвэл хэрэглээний зээлийн төлөлт, ард иргэдийн амьжиргаа гээд нөхцөл байдал улам хүнд байдалд орно.

Энэхүү тооцоолол, судалгаагаа бид ҮАБЗ-д танилцуулсан. Нийтдээ таван багц, 21 саналыг хүргүүлсэн. Энэ саналын дагуу яаралтай арга хэмжээ авахыг бид шаардаж байгаа ч өнөөдрийг хүртэл дорвитой шийдэл гарахгүй байна.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар: Бизнес эрхлэгчдийн зүгээс хүлээлт маш өндөр байна. Банкны зээл бол бизнес эрхлэгчдэд ирж буй дарамтын 60 хувийг үзүүлж байна гэсэн судалгаа гарсан байна. Банкуудын холбоо бол энэ асуудалд шийдэл хайж, төр засаг, Монголбанктай удаа дараа уулзаж, идэвхтэй ажиллаж байна.

Эхний ээлжид банкууд өөрсдөө хийж чадах зүйл гэвэл үнэхээр хүндрэл бий болчихсон бизнес эрхлэгч байвал тухайн зээл авсан банкиндаа хандаад асуудлаа шийдүүлж болно. Дүрэм журмынхаа хүрээнд бүтцийн өөрчлөлт хийгээд хугацааг нь хойшлуулах боломжтой.

Гэхдээ тухайн зээлийнх нь бүтцийг өөрчиллөө гэхэд тодорхой шаардлагууд Монголбанк, Сангийн яамны хамтарсан тушаалаар тавигддаг. Уг шаардагын хүрээнд сангуудыг нь байгуулна. Өөрөөр хэлбэл, банкуудын хувьд зардал нэмэгдэнэ. Мөн зээлдэгчдийг бүтэц өөрчллөгдсөн зээл гээд Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлнэ гэх мэтчилэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Иймд энэ асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор Сангийн яам, Монголбанканд журмынхаа заалтыг тодорхой хугацаанд түдгэлзүүлэх, хойшлуулах хүсэлт тавьсан. Энэ нааштай шийдэгдвэл банкуудын зүгээс иргэдийн зээлийг хойшлуулах боломжтой. Дэлхий дахинд болж буй үйл явдлыг харвал Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын яриад байсан богино хугацаанд унаад сэргэх /V /эдийн засгийн нөхцөл байдал биш болчихлоо. Эдийн засаг тэрчигтээ буюу уналтад орох нөхцөл байдал бий болж байгаа тул МҮХАҮТ-тай санал нэгдэж байгаагаа илэрхийлж байна.

Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан: Урин дулаан цагт Монголын бизнес улам эрчимждэг. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдалд бид удаан хугацаанд байсан тул эдийн засгийн дархлаа суларч байна. Танхим дээр судалгаа маш их хийгдсэн байна. Бид судалгаа дээр тулгуурлан ярьж байна. Урин дулаан цагт бүтээн байгуулалтын ажил эрчимжиж эхэлдэг. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгддэг.

Олон улсын нөхцөл байдлаас харахад, гадаадын хөрөнгө оруулалт буурах төлөвтэй байна. Иймээс дотооддоо эдийн засгийн онцгой арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна.

Улаанбаатар хотын худалдааны танхим: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 70-80 хувь нь Улаанбаатар хотын худалдааны танхимд бүртгэлтэй байдаг. Гамшгийн нөхцөл байдалд эдийн засаг хурдан сэргэхээргүй болчихлоо. Бид Мөнгөний зөөлөн бодлого баримтлах ёстой гэсэн саналтай байна. Мөн төсвийн худалдан авалтыг дотоодоос хийх, ингэхдээ ил тод, шударга тусгай нөхцөлөөр хийгээч ээ гэсэн саналтай байна. Төсвийн худалдан авалт ЖДҮ эрхлэгчдэд маш их дэмжлэг болгоно. Зээлтэй холбоотой банкуудыг шахахаас илүүтэй, банкуудад тодорхой хэмжээний эрсдэл бий болж байгаа тул төр банкуудыг тэрхүү эрсдэлийг даах шаардлагатай байна. Үүн дээр бид хамтран ажиллаж, банкуудын өмнө үүсэх эрсдэлийг яаж хамтран хуваалцахыг хэлэлцэх ёстой.Үүн дээр тодорхой шийдэлд хүрэх шаардлагатай байна.  Учир нь, ЖДҮ эрхлэгчид болон иргэдийн хувьд өнөөдрийн нөхцөлд зээлийн эргэн төлөлт маш чухал тулгамдсан асуудал болж байна. Маш олон компаниуд орон тоогоо цомхотгож байна. Энэ эрсдэлийг үүрэх хамтарсан нэг шийдэлд хүрэх саналтай байна.

Мөн Засгийн газрын тусгай сан гэж бий. Энэ тусгай сангуудын хуульд яаралтай горимоор өөрчлөлт оруулж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

Монголын барилгын үндэсний ассоциаци: НДШ НӨАТ зогсоох, зээлийг хойшлуулах, хүүг нь түр зогсоох, үүнээс шалтгаалах асуудлыг аль болох хөнгөвчлөх, бартер, өрийн сүлжээнээс гарахын тулд төлбөр тооцоондоо ашиглаж буй векселийн тухай хуулийг хэрэгжүүлэн компанийн өрийн бичгийг гарган, хоорондоо төлбөр тооцоо хийдэг болох, барилгын салбарт тулгамдаж буй орон сууцны борлуулалтын асуудал байна. Энэ нь ипотекийн зээлтэй холбогдож байгаа, гэхдээ энэ зээлийн олголт багасч байна. Иймээс шинээр орон сууц барихаас илүү одоо байгаа орон сууцыг борлуулах тал дээр тодорхой хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй байна. Гааль, мэргэжлийн хяналт, татвараас тодорхой хэмжээний шахалт үзүүлж байна. Мөн эрсдэлийн байдалд Монгол Улс яаж аж ахуй нэгж, иргэн, байгууллагаа дэмжих тал дээр хамтран ажиллах хэрэгтэй байна.

Баялаг бүтээгчдийн холбоо: ЖДҮХС ямар ч мөнгөгүй байна. ЖДҮ-тэй холбоотой агентлаг байгуулах ёстой. Өнөөдрийн нөхцөл байдал ЖДҮ эрхлэгчид ажилчдаа гуравдугаар сарын 30 хүртэл амраачихсан байна. Цаашид нөхцөл байдал хэрхэхийг мэдэхгүй байна. Иймээс ЖДҮХС мөнгөжүүлэх хэрэгтэй байна. Гамшгийн үед хамгийн их өртөмтгий салбар нь ЖДҮ салбар юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж