Д.Эрдэнэбат: Монгол улсад үндэсний үйлдвэрлэлийн давалгаа эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: Монгол улсад үндэсний үйлдвэрлэлийн давалгаа эхэлж байна

 

Эрхэм хүндэт залуу эрдэмтэд, судлаачид аа

Чуулганы хүндэт төлөөлөгчид өө,

 

Өнөөдөр Монголчууд бид хэрэглээний эдийн засгаас үйлдвэрлэгч бүтээгч эдийн засагруу шилжиж байна. Тиймээс Монгол улс экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн  өсөлт, хөгжлийн стратегийг сонгоод байна.

 

Улс орнуудын эдийн засгийн хөгжлийн түлхүүр нь аж үйлдвэржилт байгаатай хэн ч маргахгүй биз.

 

Монгол орны хувьд уул уурхайн түүхий эд худалдаалагч орноос өөрийн баялгийн нөөцдөө тулгуурлан аж үйлдвэрийг угтан хөгжүүлэх бодлогоо тодорхойлсон экпортлогч орон болох боломж бүрдээд байна.

 

Бид үрсүүлсэн технологи, инновацийн бүтээгдэхүүнээ хөрсөндөө яаж суулгахаа шийдээгүй явсан. Одоо Аж үйлдвэр бол хөрс чийг нь юм.

 

Манай улсын нийт экспортын бүтээгдэхүүн 97 хувийг технологийн багтаамжгүй буюу нам технологийн үйлдвэрлэл эзлэж байна. Өөрөөр хэлбэл хоцрогдсон технологтой өрсөлдөх чадваргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэсэн үг.

 

Иймд бид технологийн хоцрогдлоосоо богино хугацаанд гарах, дэвшилтэд технологийг өөрийн нөхцөлд нутагшуулах, үндэсний шинжлэх ухаан технологийн суурь баазтай болох, шинэ техник технологийг хэрэглэх ур чадварын арга барилд суралцах, инженер, техникийн ажилтны нөөц бэлтгэх бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 

Бодлогын хэрэгжилтийн эхлэлийн торгон агшинд Залуу эрдэмтэд чуулж байгаагаараа онцлог юм.

 

Экспортын бүтцэд төдийлөн өөрчлөлт орохгүй байгаагаас дотоодын аж үйлдвэрийн салбарын хөгжлийн түвшин доогуур, гадаад зах зээлд өрсөлдөх чадвар сул байсаар байна.

 

Бидэнд шинэлэг санаачилга арга барил үгүйлэгдэж байна. Үйлдвэрлэлийг технологижуулах, экспортыг нэмэгдүүлэхэд ОХУ, БНХАУ, Европын улс орнууд, Японтой худалдаа эдийн засгийн эрчимтэй харилцаанд шилжиж байна.

 

Өнгөрсөн жилүүдэд үйлдвэрлэл болон шинжлэх ухааны хооронд ихээхэн зай гарч холджээ. Үр дүнд нь манай бизнесменүүд үйлдвэрлэл эрхлэхдээ шинжлэх ухаан, судалгаа хөгжилд түшиглэх бус богино хугацаанд ашиг олох зүйлийн эрэлд гардаг болсон нь нууц биш.

 

Эргэлтийн хөрөнгийн болон богино хугацааны зээл зарим үед аж үйлдвэрийн салбарт ихээхэн дэмжлэг болж чаддаг хэдий ч судалгаа хөгжилд суурилсан урт хугацаанд тогтвортой ажиллах үйлдвэрлэлийг дэмжих нь илүү чухал байна.

 

Манай улс шинжлэх ухаан, судалгаа хөгжлийн салбардаа дотоодын нийт бүтээгдэхүүний 0.27 хувийг зарцуулж байгаа нь маш хангалтгүй үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт бусад оронд 1-3 хувь эзлэж байна.

 

Энэ онд баталсан “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулиар компаниудын судалгаа хөгжилд зарцуулсан зардлын тодорхой хэсгийг төрөөс буцааж олгохоор зааж өгсөн нь урт хугацааны тогтвортой үйлдвэрлэлийг дэмжсэн томоохон дэмжлэг болж байгаа.

 

Төр-шинжлэх ухаан-хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааг бүрдүүлэх нь Аж үйлдвэрийн салбарын хөгжлийн хэтийн зорилго болгон тодорхойлсон.

 

Аж үйлдвэрийн яамнаас салбарын өрсөлдөх чадварыг эрс дээшлүүлэх зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн кластерийн хандлагаар аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхээр зорьж байна. Үйлдвэрлэлийн салбар бүрт төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн гурвалсан холбоо-хамтын ажиллагаа бүхий үндэсний хэмжээний кластерууд байгуулж, дотооддоо хоорондоо өрсөлдөх бус нэгдсэн зохион байгуулалтаар гадаад зах зээлд гарч өрсөлдөх . Ийнхүү нөөц боломж, хүчээ нийлүүлж нэгдэж ажилласнаар түүхий эдийн нөөц баялаг, хүний нөөц, мэдлэгийн нөөцийг үр дүнтэй бүрэн ашиглах болно.

 

Бидний өмнө тавигдаж буй асуудлууд юу байна вэ!

 

Яагаад эрдэмтэд хэрэгтэй юм бэ?

 

Энгийн хэлээр өдөр тутмын амьдралын хэрэглээнд шинжлэх ухааны нөлөөллийг буй болгох, инновацийг нэвтрүүлэхэд онцгой чухал үүргийг гүйцэтгэнэ.

 

  • Үндэсний төслүүдийг бид яаж буй болгох вэ?
  • Бидний стратегийн сонголт нь юу юм бэ?
  • Үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацийг буй болгож чадах уу?
  • Технологийн түншлэл хэрхэн буй болгож хувийн сектор, дээд сургуулиудтай холбох вэ?
  • Практик хэрэглээ – өдөр тутмын сүлжээний хэлбэрээр яаж хэвшүүлэх вэ?
  • Бизнес төлөвлөгөөг салбаруудаар хөдөлмөрийн бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээр яаж зохион байгуулах вэ?
  • Шинжлэх ухаан туршилт судалгааны төвүүдийг хэрхэн зохион байгуулах вэ?
  • Дээд сургууль ба Шинжлэх ухааны паркын холбоосыг яаж ойлгох вэ?

 

Жижиг дунд инновацийн бизнес

 

  • Инноваци шингэсэн зах зээлийн хэмжээг нэмэгдүүлэх
  • Инновацийн зардлын хэмжээг олгоход дэмжилэг үзүүлэх
  • Старт ап компани буй болгох

 

Сонгон шалгаруулалтын арга хэрэглэх, тодорхой санхүүжилтийн хязгаар тогтоож өгөх, фонд байгуулах чухал уу?

 

Эдгээр асуултанд энд хуран чуулсан залуу эрдэмтэд судлаачид та бүхэн хариулт олон мэргэн оюунаа хандуулах нь чухал байна.

 

Эрхэм залуус, эрдэмтэн судлаачдаа, Монгол улсад үндэсний үйлдвэрлэлийн давалгаа эхэлж байна. Бид оюуны багтаамж өндөртэй, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн буй болгож дэлхийн зах зээлд экспортлох эрхэм зорилгыг дэвшүүлж байна. Энэ зорилгод залуус та бүхний эрдэм мэдлэг юу юунаас чухал гэдгийг би дахин тэмдэглэхийг хүсч байна.

 

Эрдэм мэдлэг үеийн үед цэцэглэн хөгжих болтугай.

 

Залуу эрдэмтэн судлаачдын үндэсний чуулганд амжилт хүсье.

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.ANBULEG.MN

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж