Үзэгчгүй аялах олимпийн галт бамбар

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

Үзэгчгүй аялах олимпийн галт бамбар

Үзэгчгүй аялах олимпийн галт бамбар

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам эхлэхэд 128 өдөр үлджээ. Сүүлийн үед дэлхий даяар дэгдээд буй шинэ коронавирусийн цар тахлаас үл хамааран олимпийн галт бамбар анх үүссэн газраасаа буюу Грек улсын эртний Олимпиа уулын бэлээс бадамлан ассан. Энэ удаагийн олимпийн галт бамбарыг 2016 оны Риогийн олимпийн буудлагын тэмцээний алтан медальт Анна Коракаки хүлээн авсан нь олимпийн галт бамбарыг анхлан хүлээн авсан анхны эмэгтэй хүн боллоо.

Олимпийн энэхүү галт бамбарыг энэ сарын 19-нд Афин хотын Панатинайко задгай цэнгэлдэх хүрээлэнд үзэгчгүй хаалттай орчинд Японы талд шилжүүлэн өгөх ажээ.

36 жилийн өмнө Лос Анжелес-1984 зуны олимпийн наадмын галт бамбарыг асаах үйл ажиллагаа үзэгчгүй, хаалттай зохион байгуулагдаж байснаас хойшхи анхны тохиолдол энэ болж байна.

Японы талаас олимпийн галт бамбарыг Токио-2020 олимпийн зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ёоширо Мори, олимпийн гурван удаагийн аварга, жүдочин Тадахиро Номүра болон олимпийн гурван удаагийн аварга, чөлөөт бөхийн тамирчин Саори Ёошида нар хүлээн авна.

Мөн олимпийн галт бамбарыг Олимпиа уулнаас Афин хотын Панатинайко цэнгэлдэх хүрээлэн хүртэл үзэгчгүй, олон нийтийг хамруулахгүй аялуулахаар болсон байна.

Грек улсын нийт 31 хотоор аялах байсан олимпийн галт бамбар шинэ коронавирусийн халдвараас болж хаалттай, олон нийтийг хамруулалгүй аялах болсон.

Японы талаас олимпийн галт бамбарыг хүлээн аваад тусгай “Tokyo 2020 Go” гэх нэртэй агаарын хөлгөөр аялж, Мияаги мужийн Мацүшима агаарын бааз дээр гуравдугаар сарын 20-нд газардах аж. Токио-2020 олимпийн галт бамбар нь Мияаги, Ивате, Фүкүшима зэрэг 2011 оны Тохокү газар хөдлөлт болон цүнамид өртсөн нутгуудаар “Сэргэлтийн гал” хэмээх нэрэн дор анхлан аялах болно.

Дизайнер Токүжин Ёшиокагийн бүтээсэн Токио 2020 зуны олимпийн бамбар нь Япон улсын бэлгэ тэмдэг болох сакура цэцгийн хэлбэрээс санаа авч, 30 хувийг нь дахин боловсруулсан хөнгөн цагаанаар хийсэн ба 71 см урттай уг бамбар нь 1,2 килограмм жинтэй.

Токио-2020 олимпийн наадмын албан ёсны элч төлөөлөгчдөөр:

  • Сэндвич мэн хэмээх комеди хослол
  • Сатоми Ишихара хэмээх жүжигчин бүсгүй
  • Аки Такүчи хэмээх паралимпийн буудлагын гурван удаагийн аварга бүсгүй
  • Тадахиро Номүра хэмээх олимпийн гурван удаагийн аварга жүдочин нар байгаа бол энэ удаагийн Токио-2020 олимпийн наадам өмнөх олимпийн наадмуудаас бусад элч төлөөлөгчдөөрөө онцгой байна. Учир нь энэ удаагийн олимпийн наадамд сансрын элч төлөөлөгч болон аниме элч төлөөлөгч гэж байгаа юм.

Сансрын элч төлөөлөгчдөөр:

  • Акахико Хошиде
  • Сойчи Ногүчи нар байгаа бол

Аниме элч төлөөлөгчдөөр:

  • Сайлор Мүүн
  • Лүффи
  • Наруто
  • Гокү
  • Астро бой
  • Көр Миракле
  • Көр Мэйжикал
  • Шин
  • Жибаняан нар сонгогджээ.

Олимпийн галт бамбар гуравдугаар сарын 26-нд Фүкүшимагаас гараагаа эхлүүлэн 121 дэх өдрөө буюу долдугаар сарын 24-нд Токио хотын “Шинэ үндэсний цэнгэлдэх”-д хүрэлцэн ирэх аж. Нийт 121 өдрийн турш “Hope Lights Our Way” гэх уриан дор Япон улсын 47 хотоор аялана. Үүнд Фүкүшима, Точики, Гүнма, Нагано, Гифү, Айчи, Мие, Вакаяама, Нара, Осака, Токүшима, Кагава, Кочи, Ехиме, Ойта, Мияазаки, Кагошима, Окинава, Күмамото, Нагасаки, Сага, Фүкүока, Яамагүчи, Шимане, Хирошима, Окаяама, Тоттори, Хёого, Кёото, Шига, Фүкүй, Ишикава, Тояама, Нийгата, Яамагата, Акита, Аомори, Хоккайдо, Ивате, Мияаги, Шизүока, Яаманаши, Канагава, Чиба, Ибараки, Сайтама, Токио зэрэг хотуудаар аялана. Мөн Токиогийн алслагдсан хоёр арал дээр ч мөн аялах ажээ. Ийнхүү олимпийн галт бамбар 56 жилийн дараа Токио хотод эргэн ирэхээр болж байна.

Япон улсын Ерөнхий сайд Абе Шинзо олимпийн наадмыг ямар нэгэн асуудалгүй хуваарийн дагуу ирэх долдугаар сард нээнэ гэж мэдэгдсэн.

Токио-2020 зуны XXXII олимпийн наадам нь өмнөх 2016 оны Риогийн олимпийн адилаар галт бамбарыг хүлээн авах хоёр тогоотой байх ажээ. Нэгийг нь цэнгэлдэх хүрээлэн дотор анхлан асаах бол дараагийнх нь цэнгэлдэхийн гадна асах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж