Тусгаарлах байраар үйлчлүүлсэн иргэд төлбөрөө төлье! | News.MN

Тусгаарлах байраар үйлчлүүлсэн иргэд төлбөрөө төлье!

Тусгаарлах байраар үйлчлүүлсэн иргэд төлбөрөө төлье!

Тусгаарлах байраар үйлчлүүлсэн иргэд төлбөрөө төлье!

Шинэ коронавирусийн халдвар дэлхийн асуудал болж, Монгол Улс энэхүү цар тахлаас иргэдээ хамгаалахын тулд бүхий л бололцоотой арга хэмжээг авч, гадаад руу аяллаар, ажлаар явсан иргэдээ хилээр нэвтрүүлэн, тусгаарлах байранд байршуулж, аюулгүй байдлыг хангасан ч үнэгүй юманд нугасгүй муухай зангаа гаргав бололтой, төлбөрөө төлөхгүй луу унжих болжээ.

Улсын Онцгой Комиссоос өнөөдөр /2020.03.16/ хийсэн мэдээллээр тусгаарлалтад байгаа 60 гаруй иргэдийн 14 хоногийн хугацаа дуусч, Бага баян, Асралт мед, Цэргийн төв эмнэлгээс гарч буй аж. Гэвч тусгаарлалтад байсан 14 хоногийн төлбөрөө барагдуулаагүй. Нэг хоногийн төлбөр нь 40 мянгаас-50 мянган төгрөг болж буй. Сувиллын газар байсан иргэд нэг хоногийн 50 мянган төгрөг төлөх бол Цэргийн төв эмнэлэгт байршсан нь 40 мянган төгрөг төлөх ёстой. Хэрэв төлбөрөө төлөхгүй бол гэрийнх нь хаягаар нэхэмжлэлийг араас нь илгээх аж.

Төлбөр төлөгдөхгүй байгаагаас дараагийн иргэдийг эх оронд нь авчирхад хаана байршуулах вэ гэдгээс эхлээд асуудал тулгарах болж буй. Иймээс албаныхан төлбөрөө цаг алдалгүй төлөхийг сануулж байна.

Уг нь гадаад руу ажлаар, аяллаар явсан иргэд нь олонхидоо төлбөр төлөх бололцоотой гэж хэлж болно. Ажилгүй, орлогогүй иргэн гадаад руу явах боломжгүй. Гэтэл болж л өгвөл үнэгүй үйлчилгээ авахын дон туссан муухай зан нь энэ хүнд үед ч засагдсангүй, би л болж байвал бусад нь яах вэ гэдэг аминч үзлийнх нь хандлага ийнхүү асуудал үүсгэж эхэллээ.

Улсын Онцгой Комиссынхны хувьд ганц төлбөрийн асуудалтай тулж буй юм биш, БНСУ-аас иргэдээ тусгай үүргийн онгоцоор татан авахаар болж, онгоцны тийзээ бичүүлсэн иргэдийн ар гэрийнхнийг цагаан хэрэглэл авчирч өгөхийг анхааруулсан ч онгоц нь Сөүл рүү ниссэн байхад нэг ч хүний ар гэрээс нь тэрхүү цагаан хэрэглэлийг авчирч өгөөгүй. Арга ядахдаа албаныхан цагаан хэрэглэл зээлээр авч, дараа нь төлбөрийг нь иргэдээс гаргуулахаар болсон.

Тусгай үүргийн нислэгээр эрүүл мэндийн шалтгаантай, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, жирэмсэн эмэгтэйг түрүүлж авна гэхэд “Онгоцондоо багтаасангүй” гэж хэл ам хийсэн нь ч бий. Аль ч орнууд гадаадад байгаа иргэдээ татан авахдаа дээрх шалгуурыг тавьж буй. Гэтэл би л болж байвал бусад нь яах вэ гэдэг өнөөх л муухай зангаа гаргасан нь тэр.

Тэр бүү хэл тусгаарлалтын байрыг голж, таван одтой зочид буудал нэхэж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн, нэгнээ эндээс гаръя гэж уриалан, "оргох"-ыг завдсан тохиолдлууд ч гарсан.

Монгол Улсыг том гүрнүүдтэй харьцуулшгүй эдийн засгийн чадамж, эрүүл мэндийн салбарынх нь хөгжил сул ч гэлээ, бүхий л байгууллагууд эрвийх дэрвийхээрээ ажиллаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг тултал авч, эмч, цагдаа, онцгой, хилийнхэн хувцсаа ч тайлах завгүй ажиллаж, иргэдийнхээ эрүүл мэндийн энхийн манаанд цаг наргүй зүтгэж байхад ядаж, гаргасан дүрэм журмыг хэл амгүй мөрдөөд, төлбөрөө цаг тухайд нь барагдуулбал энэхүү хүндхэн цаг үед хаа, хаанаа л нэмэр болохоор байна. Муухай зангаа засч, төлбөрөө төлөхөд анхаарна уу, тусгаарлах байраар үйлчлүүлсэн иргэд ээ!

Амралт зугаалганд гэр бүл, найз нөхдөөрөө явахад өдрийн 50 мянган төгрөг байтугайг төлдөг атлаа амь насыг нь хамгаалахын төлөө авсан арга хэмжээний төлбөрийг төлөхдөө хойрго хандах нь муухай биш үү. Хэрэв сануулаад байхад төлбөрөө төлөхгүй бол Улсын Онцгой Комисс нэрийг нь зарласан ч яагаад болохгүй гэж… Тэд ичихгүй бол өмнөөс нь ичих хэрэггүй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
БурууБуруу
20
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж