АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд Төрийн ордонд өнөөдөр /2020.03.16/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Коронавирусийн хажуугаар Тавантолгойн асуудал давхар яваад байна. 160 гаруй хуудастай “Тавантолгой IPO” гэсэн номыг 2018 оны зургадугаар сарын 14-ны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал, 2018 оны зургадугаар сарын 20-29-ны өдрүүд дэх УИХ-ын байнгын хороо, 29-ны өдрийн чуулганы хуралдаан дээр энэ номыг ашиглаж, УИХ-ын гишүүд Тавантолгойг хувьчлах тухай 73 дугаар тогтоолыг баталсан. “Тавантолгой IPO” номын эхний хуудаст Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүн таны албан хэрэгцээнд зориулав гэж бичсэн байдаг. Уг номд Тавантолгойг хувьчлах нь ямар ашигтай вэ гэдэг талаар бичигдсэн.
Тавантолгойг хувьчлах цаг нь биш. Өөрийнх нь орлогоор бүтээн байгуулалтыг хийж дуусч байхад зарах шаардлага юу байна вэ гэж УИХ-ын гишүүд болон ҮАБЗ-ийн гишүүдэд хандаж байна. Энэ шийдвэрээ даруй албажуулахгүй бол Тавантолгой IPO гаргах нэрийдлээр баахан мөнгө үрэх нь. Хэдэн арван тэрбум төгрөг үрэх нь. Энэ үрэх гэж байгаа мөнгөө одоо зогсооё, Д.Сумъяабазар сайдаа.
Сүүлийн үед би Тавантолгойг хувьчлах асуудлыг ярихаар бөөн довтолгоо ирж байгаа. Ор үндэсгүй мэдээлэл тарааж байна. 2015 оны дөрөвдүгээр сарын 06-нд Тавантолгойн хувьчлалыг Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нар хувьчлах гэж байсныг зогсоосны төлөө би гацаагч гэдэг нэртэй болсон. Би ч одоо муулуулсаар байгаад тоохоо больсон. Хамгийн гол нь хоёр гүтгэлэг явуулж үүнд нь хүн бүхэн итгэчихсэн. Намайг хэдэн мянган машин явуулдаг гэж тараасан. Би хэдэн мянган машин явуулах байтугай хувьдаа жижиг суудлын тэрэг байхгүй. Хоёрдугаарт “Хишиг арвин” гэдэг компанийг минийх болгож гүтгэсэн. Надад энэ компанийн хүмүүстэй холбоотой асуудал байхгүй. Миний эзэмшил компаниуд ХОМ-т бий. Аль аль нь миний ХОМ-т байхгүй. Одоо дахин “Страто” гэдэг компанитай холбож байна. "Страто" ХХК бол нүүрс угаахаар төлөвлөж байгаа хувийн компани. Би ямар ч холбоогүй. Таван жил гүтгэсэн арга барилаараа намайг дахин гүтгэж байна. Эзэн нь дандаа нэг. Тавантолгойг хувьчлах гэсэн бүлэглэлд саад болмогц довтолдог.
Хэрэв би Тавантолгойн талаар яриагүй бол над руу довтолгоо ирэхгүй л дээ. Тавантолгойн асуудал нь зөвхөн З.Энхболдын эрх ашиг биш, 2.5 сая иргэний эрх ашиг байгаа учраас бүгд нийлж тэмцэх хэрэгтэй. Хэрэв Д.Сумъяабазарын төлөвлөгөөгөөр явах юм бол ирэх жилээс ногдол ашиг гэж байхгүй болно. Яагаад гэвэл хамгийн үнэ цэнэтэй коксжих нүүрсийг нь тасалж аваад өөр компани болгочих учраас. Тэрнийхээ 30 хувийг анх 5.2 тэрбум ам.доллараар зарна гэж байсан бол одоо ганц тэрбум ам.доллар хүргэхгүй зарах гэж байна. Эрчим хүчний нүүрс үнэ цэнэгүй, коксжих нүүрс үнэ цэнэтэй. Цаашид ч над руу довтолгоонууд ирнэ. МАН, “Эрдэнэс Тавантолгой” компани, МСS групп энэ гурав нийлж байгаад Л.Наранбаатарыг хөлсөлж намайг гүтгүүлсэн юм билээ. Л.Наранбаатараас өөр хүн гүтгэж ял авахыг хүсэхгүй л дээ. Нэгэнт ял авснаараа гүтгэж хэдэн төгрөгөө аваад яв гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэр нөхөр хүн залилаад шүүхийн шийдвэрээр ялаа авчихсан. Гарзгүй хүн гэсэн үг. Намайг гүтгэх гэж байгаа бол хүн үнэмших зүйлээр гүтгээ. Тавантолгойг үнэгүй авах гэсэн төсөл зогссон. Одоо Д.Сумъяабазар, У.Хүрэлсүх нарын ямар нэг үнээр зарах гэж байгаа юм чинь мөн л зогсоно. Яагаад гэвэл 2.5 сая хувьцаа эзэмшигч 200 жил ногдол ашиг авмаар байна. Үүнийг биднээс асуулгүйгээр зарах гэж байгаа нь буруу. Одоо зогсоо. “Тавантолгой IPO”-д байр суурь гарсан 40 гаруй гишүүн, ҮАБЗ-ийн гишүүд Д.Сумъабазарын энэ төсөлд итгэснийх. Одоо зарах гээд гүрийгээд байх хэрэггүй гэж уриалмаар байна.
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Та Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа өөр юм яриад, АН-д очоод бас нэг өөр юм яриад байна л даа?
-Би ҮАБЗ-ийн саналын эрхгүй гишүүн байсан. Тэнд ярьсан юм бүгд тэмдэглэл дотор байгаа. Өнөөдөр А.Гансүх ярилцлага өгсөн байна. З.Энхболд дарга дэмжиж байсан ч гэх шиг. Би дэмжээгүй, тэр протоколоо 100 хувь ил болгоорой. Зөвхөн миний хэлсэн үгийг биш. Тэгэхээр уур амьсгал ойлгогдоно. ҮАБЗ, УИХ энэ номд хууртагдсан. "IPO гэдэг өмч хувьчлал биш. Хөрөнгийн бирж дээр гаргана" гэж Д.Сумъяабазар яриад байгаа юм. Д.Сумъяабазар бөх барилдахдаа сайн байж болно. Би Д.Сумъяабазартай бөх барилдвал дийлэхгүй. Гэхдээ миний үгэнд орох хэрэгтэй. Би хоёр жил АНУ-д номыг нь үзсэн. IPO гаргах дээр Д.Сумъяабазар надтай маргалдахаа болих хэрэгтэй. Энэ зүгээр л өмч хувьчлал. Би Л.Оюун-Эрдэнэд ч гэсэн хэлсэн. Нууцлаад байгаа тэр протоколоо ил болго. Тэнд нууц зүйл байхгүй. Миний өмнөөс тайлбар хийгээд л, З.Энхболд дарга дэмжиж байсан ч гэж байх шиг.
"Страто" компанийг таны төрсөн дүү ажиллуулдаг юм биш үү?
-Надтай ямар ч хамаагүй. Би 30 гэр бүлийн технологийг хэлээд байна шүү дээ. Зүгээр л гүтгэчихдэг. Түүнийгээ хэдэн мянган сувгаар зэрэг явуулчихаар хүмүүс үнэн гэж ойлгодог. Түүн дотор нь үнэн юм нэг ч байхгүй. Гүтгэсэн хүмүүс одоо ял авна. Торгуулаад өнгөрдөг үе нь өнгөрсөн. Тийм учраас одоо ялтнаар гүтгүүлж байна. Миний тухай 1996 оноос хойш маш их материал гарна. Манай ах дүү, хамаатан садан өмч хувьчлалд оролцоогүй. Улсаас үнэгүй өгсөн байраа авсан. Одоо манай ээж тэр байрандаа амьдарч байгаа. Сонгууль бүрээр намайг гүтгэдэг. Тавантолгойн хувьчлалыг зогсооно гээд гараад ирэхэд гүтгэлэг идэвхжиж байна. Хэрвээ үнэн байсан бол би ял шийтгэлийг нь авахад бэлэн байгаа. Харамсалтай нь 24 жилийн турш ор үндэслэлгүйгээр гүтгэсэн. 30 гэр бол социализмын өмнө хайгуул хийсэн 150 орчим ордыг үнэгүй авсан. Энэ мэт хүмүүс энэ бүх гүтгэлийг гаргадаг, санхүүжүүлдэг, тараадаг. Удахгүй сонгууль болно. Юу ч хамаагүйгээр намайг гүтгэнэ.