А.Ганбаатар: МХБХ-ны хувьд энэ жил ургац арвинтай байлаа

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

А.Ганбаатар: МХБХ-ны хувьд энэ жил ургац арвинтай байлаа

2016 оны футзалын насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эрхийн төлөөх Зүүн Азийн бүсийн тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатарт энэ сарын 14-19-нд болно. Энэхүү тэмцээний босгон дээр Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн Амгаланбаатарын Ганбаатартай ярилцлаа. Энэ эрхэм өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд болсон МХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаас хойших богино хугацаанд Монголын хөлбөмбөг өнгөө эрс зассан нь хэний ч нүдэнд ил байна.

 

“Хүрхрээ лиг”-ийг шууд дамжуулан үзүүлсэн нь үр дүнд хүрсэн

 

-Монголын хөлбөмбөгийн амьдралд 2015 онд онцлох үйл явдал олон тохиолоо. Хоёулаа Монголын спортын түүхэнд хамгийн өндөр шагналын сантай тэмцээн ч байж болох “Хүрхрээ лиг”-ийн тухай эхэлж яривал ямар вэ?

-Тэгье. Би гадны хөлбөмбөг өндөр хөгжсөн орнуудын загварыг хараад манайд нэн тэргүүнд системийн өөрчлөлт хийх ёстой гэж боддог байлаа. Тэр тусмаа Английн “Премьер лиг”-ийг анхааралтай ажиглаж, эхний ээлжинд дээд лигээ сайжруулах зорилт тавьсан. Ингэхийн тулд хамгийн түрүүнд эхний шаардлага нь шагналын сангаа өндөр болгох. Энэ нь хөл дээрээ тогтох гэж үзэж буй клубүүдэд дэм болох зэрэг олон сайн талтай. Хэдийгээр улс орны эдийн засгийн байдал сайнгүй байгаа ч В.Энхбаатар ерөнхийлөгчтэй “Алтан жолоо” групп, О.Оргил захиралтай “Арвайн үндэс” ХХК бидний саналыг хүлээн авч, дөрвөн жилийн 500 сая төгрөгийн гэрээ байгуулсанд маш их баяртай байгаа. Ингэснээр бид дээд лигээ “Хүрхрээ лиг” хэмээн нэрлэж, нэг улирлын шагналын санг нь 100 сая төгрөг, үүний дараагийн буюу нэгдүгээр лигийг бий болгож, шагналын санг нь 25 сая төгрөг болгосон (Өнгөрсөн жилийн лигийн шагналын сан 18 сая төгрөг байсан).

-“НТВ” телевиз “Хүрхрээ лиг”-ийг шууд дамжуулан үзүүлснээр үзэгчид Монголын хөлбөмбөгийн тухай илүү мэдэж, дасгалжуулагч, тоглогчдыг тодорхой хэмжээнд таньдаг боллоо. Гэхдээ зарим хүн “Ганбаатар өөрт ойрхон телевизээр гаргачихлаа” гэсэн бодол байх шиг байна …

-Хэрвээ бид “НТВ” телевизийн эфирийнх нь цагийг мөнгөөр үнэлбэл талийна. Лиг эхлэхэд ингэж ажиллах телевиз өөр байгаагүй. Харин ч бидэнтэй харилцан ойлголцсоноор лигийг шууд дамжуулан үзүүлж, Монголын хөлбөмбөгийн таниулан сурталчилсан тус телевизэд талархах хэрэгтэй. “Максима Консалтинг” судалгааны байгууллагаас гаргасан дүнг харахад “Хүрхрээ лиг”-ийг телевизээр үзэх үзэгчдийн тоо долоо хоног бүр өссөн харагдсан. Өөрөөр хэлбэл лигийг шууд дамжуулан үзүүлсэн нь үр дүнтэй болжээ.

-МХБХ-ны дээд лиг, нэгдүгээр лиг, цомын болон бусад тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэх сонирхолтой бусад телевизэд боломж байгаа юу?

-Бүрэн бий. Олон улсад аливаа тэмцээн уралдааныг шууд дамжуулан үзүүлэх эрхийг худалддаг, тухайн телевиз эргээд реклам сурталчилгаанаас ашиг олдог сонгомол жишиг байдаг. Харамсалтай нь манайд өнөөдөр тийм боломж, зах зээл алга. Хүүхдээр зүйрлүүлэх юм бол дөнгөж мөлхөж байна. Ийм үед шууд дамжуулан үзүүлэх эрхээ зарна гэдэг утгагүй, хаа хаанаа хохиролтой. Тиймээс уян хатан хандсан. Харин хүмүүс мэддэг, үздэг болсны дараа бизнесийн зарчмаар хандаж, телевизүүдийн дунд үнэ хаялцуулахаас өөр аргагүй. Хэдэн жилийн дараа тийм болох болов уу.

-Лиг үзэж байхад танд юу бодогдож байв?

-Үзэгчтэй болгох нь хамгийн чухал гэдгийг илүү мэдэрсэн.

-Үүний тулд яах ёстой вэ?

-Одтой болох ёстой. Олон хөлбөмбөгч дундаас ялгараад гараад ирсэн хэдийгээ сайн сурталчилах хэрэгтэй. Хүмүүс Криштиану Роналду, Лионель Мессиг үзэх гэж цэнгэлдэх хүрээлэнг дүүргэдэг биз дээ.

 

Хоёр лигтэй болсноор өгсдөг, урууддаг тогтолцоо бий болсон

 

-МХБХ 1996 оноос хойш ганц л лигтэй байлаа. Харин энэ жил нэгдүгээр лигийг санаачилж, зохион байгуулсан нь үнэхээр нүдээ олсон шийдвэр байж чадлаа …

-Хөлбөмбөгийн хөгжлийн пирамид гэж алтан дүрэм бий. Доод лиг гэдэг түүний л нэг бүтэц. Монголын хөлбөмбөг хоёр лигтэй болсноор дээш өгсдөг, доош урууддаг тогтолцоо бий боллоо. Энэ жил “Хүрхрээ лиг”-т доош унахгүйн төлөөх, нэгдүгээр лигт дээш дэвшихийн төлөөх өрсөлдөөн маш ширүүн өрнөхийг харах сайхан байсан.

-Лигт өрсөлдөж буй багуудын тоог нэмэх бодол бий юу?

-“Хүрхрээ лиг”-т дараа жилээс 10 баг өрсөлдөнө. Есдүгээр байрт орсон “Соёмбын барсууд” доош унаж, нэгдүгээр лигийн эхний хоёр байрт орсон “Континенталь”, “Хангарьд Сити” дээш гарч ирнэ. Энэ тоо нь ойрын жилүүддээ болох юм шиг санагдсан. Харин нэгдүгээр лигийн багуудын тоог нэмж болно. Английн “Премьер лиг” 20, “Чемпионшип лиг” 24 багтай байдаг шиг. Бас манай Техникийн хэлтсийнхэн юу гэх нь вэ.

-МХБХ-ны цомын тэмцээн болохгүй гэж байгаад боллоо, багуудаас төлбөр авна гэж байгаад авсангүй. Газар дээр нь шийдвэр гаргах тохиолдол энэ жил хэд хэд байлаа…

-Жилийн тэмцээн уралдааны нэгдсэн төлөвлөгөө оны өмнө гарах ёстой. Яг үнэнийг хэлэхэд МХБХ-ны сонгуулиас шалтгаалаад жилийн өмнө манай салбар их бужигнаантай байлаа. Бид сонгуулийн дараа “Лигээ ямар хэлбэрээр явуулах вэ”, “Энэ жилдээ хуучнаараа явах уу”, “Олон тэмцээн зохион байгуулахад хүчин чадал хүрэлцэх үү” зэргээр их ярилцсан. МХБХ-ны энэ олон тэмцээний шагналын санг бүгдийг нь гаргавал үндсэндээ мөнгөгүй болно. Өөрөөр хэлбэл ивээн тэтгэгчид олох зайлшгүй шаардлагатай. Тиймээс энэ жил газар дээр нь шийдвэр гаргах, уян хатан хандах тохиолдол хэд хэд байсныг нуухгүй.

 

Эмэгтэйчүүдийн шигшээ багийг япон дасгалжуулагч удирдана

 

-Таны барьж авсан хоёр дахь гол ажил юу байв?

-Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжил. ОУХБХ-ноос үүнийг гишүүн холбооддоо байнга сануулж, хурал зөвлөлгөөн болгон дээр хэлж, бараг шаардаж байна. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөг дэлхийн хэмжээнд гарч ирж, олон үзэгчтэй боллоо. Гэтэл монгол охид, бүсгүйчүүд маань яагаад чадахгүй гэж.

-Би монгол эмэгтэйчүүдийг эрчүүдээсээ түрүүлж өндөр амжилт үзүүлэх боломжтой гэж боддог. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ. ОУХБХ-ноос олгож буй нийт мөнгөнийхөө 15 хувийг эмэгтэйчүүдийн хөлбөмбөгт зарцуулах чиглэл өгдөг. Бид ч гэсэн тэр зарчмаар нь явбал амжилт гарах байх.

-Эмэгтэйчүүдийн анхдугаар лигийг зохион байгуулсны дараа танд юу бодогдсон бэ?

-Намайг ерөнхийлөгч болохоос өмнө манайд охид, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн огт болж байгаагүй биш болж байсан. Харин бид системтэйгээр, илүү өндөр түвшинд тоглуулахын тулд эмэгтэйчүүдийн анхны лигийг өнгөрсөн долдугаар сард зохион байгуулсан. Бид эхэндээ хэдэн баг оролцох бол гэж санаа зовж байлаа. Гэтэл найман багтай сайхан лиг болсонд сэтгэл хангалуун байна. Манай охид, эмэгтэйчүүд хөөрхөн тоглож байна билээ. Ирээдүй харагдсан болохоор дараагийн арга хэмжээг авсан.

-Та эмэгтэйчүүдийг шигшээ багийг ярьж байна уу?

-Тийм ээ. Тэгээд ч би сонгуулийн өмнө мөрийн хөтөлбөр боловсруулахдаа Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг байгуулахаа амалсан шүү дээ. Анхдугаар лигийг үзээд олж авсан итгэл үнэмшил маань гол түлхэц болж, өнгөрсөн есдүгээр сард Японы хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллах санаж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар япон хүн ажиллах боллоо. Хамгийн авууштай нь энэхүү дасгалжуулагчийн бүх зардлыг Японы хөлбөмбөгийн холбоо бүрэн хариуцна. Япон бүсгүйчүүд ДАШТ-ээс 2011 онд алт, энэ жил мөнгөн медаль хүртэж, 2012 оны Лондоны олимпийн наадам үзүүрлэж, өнгөрсөн жил Азийн цомд түрүүлсэн нь тус улсын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжил хаана явааг хэлээд өгнө.

-Та япончуудын амжилтын нууцыг сонирхов уу?

-Тэд эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тусгай хэв маяг бий болгосноо ярьсан нь их сонирхолтой санагдсан шүү. Жижигхэн биетэй япон бүсгүйчүүд өндөр ур чадвартай бразил, чацархаг биетэй герман, америкчуудтай ширүүн өрсөлдөж буйн нууцыг хэв маягтайгаа холбон тайлбарласан. Бид япончуудын зөвхөн амжилтыг нь хараад хамтарч ажиллахаар шийдвэрлээгүй. Тэдний бодлого, монгол хүнтэй бие бялдрын ойролцоо түвшин, улсынх нь газар зүйн байрлал гээд олон зүйлийг харсан.

-Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийг хэн удирдах нь тодорхой болсон уу?

-Японы хөлбөмбөгийн холбоо Монголд ажиллах дасгалжуулагчийг сонгон шалгаруулж байгаа юм билээ. Хавраас ирж, ажлаа эхлүүлэх байх.

-Эмэгтэйчүүдийн футзалын хөгжилд хэрхэн анхаарч байна вэ?

-Ирэх арванхоёрдугаар сард охид, эмэгтэйчүүдийн футзалын УАШТ таван насны ангилалд болно. Охид 11, 13, 15, 17 хүртэлх гэсэн үндсэн дөрвөн насны ангилалд, эмэгтэйчүүд 18-аас дээш насны ангилалд өрсөлдөх юм. Ирэх оны гуравдугаар сард футзалын охид, эмэгтэйчүүдийн анхдугаар лиг болох бөгөөд УАШТ-ий эхний найман байрт орсон багууд эрх авч оролцоно.


 

Герман дасгалжуулагчтай ярилцаж байна

 

-Эмэгтэйчүүдийн шигшээ багт санаа зовох байж болох юм байна. Тэгвэл эрчүүдийн шигшээ багаа хэрхэх вэ?

-Би гадаадын өндөр ур чадвартай мэргэжилтэн авч ажиллуулахаа амласан. Яг өнөөдөр МХБХ шигшээ багийн дасгалжуулагчид сард хамгийн дээд тал нь 5000 ам.доллар өгч чадна. Гэвч дэлхийн зах зээлээс боломждоо тааруулж хайхад гарч ирсэн дасгалжуулагчид сэтгэлд арай л нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл миний түрийвчинд байгаа мөнгө хүссэн машиныг минь авахад хүрэлцэхгүй нь.

-Монголд ажиллах хамгийн боломжтой дасгалжуулагч хэн бэ?

-Германы хөлбөмбөгийн холбооноос бидэнд санал болгосон Ханс Михаэль Вайсс хамгийн их таалагдсан. Вайсс Германы Ерөнхийлөгч Йоахим Гаук өнгөрсөн сард манай улсад айлчлах бүрэлдэхүүнд багтаж, бидэнтэй уулзсан. ЕХБХ-ны дасгалжуулагчийн “Про” зэрэглэлтэй, япон эхнэртэй болоод ч тэр үү Азийн хэд хэдэн улсад ажилласан туршлагатай. Манай шигшээ баг 2011 онд АХБХ-ны “Челленж цом”-ын эрхийн төлөө Филиппинийн шигшээ багтай таарч тоглосныг байсныг санаж байна уу. Вайсс тэр багийг удирдаж, ОУХБХ-ны чансааг жилийн дотор 40 байраар ахиулсан юм билээ. Герман дасгалжуулагч өөрийнх нь шаардлагыг биелүүлэх юм бол 203 дугаарт байрт эрэмбэлэгдэж байгаа Монгол Улсын шигшээ багийг жилийн дотор 180 руу оруулахаа амласан.

-Шаардлага нь юу вэ?

-Хамгийн гол шаардлага нь өөрийн багтайгаа ирж ажиллах. Хаалгачийн дасгалжуулагч, фитнессийн дасгалжуулагч хэд хэдэн хүн байсан. Үүнээс зөвхөн өөрийнх нь сарын цалин 12 мянган ам.доллар бөгөөд бүгдийнх нь цалин гэж замбараагүй их юм болно. Бид зөвхөн Вайссыг ажиллуулж, монгол дасгалжуулагчдаар туслуулахаар ярилцаж байна.

-Цалингийнх нь зөрүү 7000 ам.долларыг хаанаас олох вэ?

-Хөлбөмбөгт зүрх сэтгэлтэй ивээн тэтгэгч олдох болов уу гэж найдаж байна. Насанд хүрэгчдийн шигшээ багтаа гадаад нэртэй жуулчин биш, дэлхийн зах зээлээс авсан өндөр зэрэглэлтэй дасгалжуулагч ажиллуулж үзмээр байна шүү дээ.

 

МХБХ-ны шинэлэг байдлыг гадныхан үнэлж байна

 

-МХБХ нутагтаа хоёр ч том тэмцээний эрхийн төлөөх тэмцээнийг зохион байгуулах болсон. Тухайлбал 16 хүртэлх насныхны Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний хэсгийн тоглолтыг эх орондоо хэрхэн авчрав?

-АХБХ-ны 46 дугаар их хурал Бахрайны нийслэл Манамад дөрөвдүгээр сарын 30-нд болж, Салман Бин Ибрахим Аль-Халифа ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон. Бид энэ хурлаас эхлэн МХБХ-ны үйл ажиллагааг сурталчилж, 16 хүртэлх насныхны Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний хэсгийн тоглолтыг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн. Басхүү хэт том өрсөлдөгчтэйгөө ярилцах шаардлага гарсан. Япончуудад өөрийгөө ямар зүйл хийхийг хүсч буйгаа, энэ тэмцээнийг Улаанбаатарт зохион байгуулах нь Монголын хөлбөмбөгт ямар хэрэгтэй болохыг учирлаж ойлгуулсан. Ингээд АХБХ-ны тэмцээн зохион байгуулах эрх олгох хороо манайхыг дэмжсэн. Энэхүү тэмцээнийг эх орондоо хүлээн авсан нь үр дүнгээ өгсөн.

-Тэгвэл одоо болох футзалын Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнийг эх орондоо авчирсан гол мессеж юу байв?

-МХБХ эмэгтэйчүүдийн хөлбөмбөг, футзалд анхаарал хандуулж байгаагаа ойлгуулж чадсан. Монголд энэхүү тэмцээнийг хүлээн авах нь футзалыг дэмждэг үзэгч, ивээн тэтгэгчдэд том бэлэг болохыг хэлж, энэ хоёр гол хүчин зүйлийг идэвхижүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Ерөнхийдөө ОУХБХ, АХБХ, ЗАХБХ МХБХ-г шинэлэг байдлаар ажиллах гэж оролдож байгаа олж харж, үнэлж байна.

-Та МХБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч байхдаа Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг цалинжуулах ажлыг эхлүүлсэн нь олон хүнд урам хайрласан. Өдгөө футзалын шигшээ багийн дасгалжуулагч, тоглогч ч гэсэн цалинтай байгаа биз дээ?

-Тийм ээ. Шигшээ багт цугларснаас тарах хүртэлх хугацаанд цалин авна. Гадны улсынх шиг байнгын цалинтай байх боломж өнөөдөр бидэнд байхгүй ч МХБХ-ноос энэ тал дээр ихээхэн анхаарал хандуулж буйг онцолмоор байна. Төсөв мөнгөнөөс гадна хувцас хунар, хоол хүнс, эм бэлдмэлийн хувьд ч тэр.

-Шигшээ багтай холбоотой өөр ямар асуудал байдаг вэ?

-Оюутнуудад бас нэг зовлон бий. Тэднийг цугларалтад гарч, тэмцээнд оролцох үеэр кредитийг нь хасчихдаг. Харин бид сургуулиудынх нь удирдлагуудтай ярилцаад нааштайгаар шийдвэрлэсэн. Ямар ч байсан тэмцээнд оролцох үеэрээ кредитээ хасуулахаа больсон. Хавар насанд хүрэгчид, залуучуудын, энэ удаа футзалын шигшээ багт энэ арга хэмжээг авсан.

 

Хөлбөмбөгийн хөгжлийн суурь нь хүүхэд

 

-Та ярилцлагын эхэнд “Системийн өөрчлөлт” гэж ярьснаа тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?

-Хөлбөмбөгийн хөгжлийн пирамид гэж зүйлийн тухай олон улсад их яригддаг. Энэхүү пирамидын суурь нь грассрүүтс буюу 12 хүртэлх насныхны хөлбөмбөг. Үүнээс дээшээ өсвөрийн хөлбөмбөг, академи, хагас мэргэжлийн хөлбөмбөг, мэргэжлийн хөлбөмбөг гэж явсаар пирамидын оройд үндэсний шигшээ баг байдгийг хөлбөмбөгийн мэргэжилтнүүд сайн мэдэх байх. Монголын хөлбөмбөгийг энэхүү алтан дүрмийн дагуу хөгжүүлж, шинэ шатанд гаргана.

-Тэгвэл энэхүү пирамидын суурь болсон грассрүүтс рүү хандаж юу хийх вэ?

-Манайд ЕБС-иудын биеийн тамирын хичээлд хөлбөмбөгийн тухай үзээд л өнгөрдөг. Харин би БСШУ-ны сайд Л.Гантөмөртэй ярилцаад нэг том ажил эхлүүлэх боллоо. ЕБС-иудад хөлбөмбөгийн хичээл орж, зориулалтын заал, талбайтай зарим сургуульд хөлбөмбөгийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээнэ. Энэхүү ажлын үр дүн алсдаа нэг юм дуулгах байх.

-Манай 15 хүртэлх насны шигшээ баг Японд 0:17-гоор хожигдоход танд юу бодогдсон бэ?

-Хөлбөмбөгийн хөгжлийн түвшин яалт ч үгүй хол байгааг монголчууд бүгд харсан. Би тэрхүү тоглолтыг Японы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Кунья Даини, ОУХБХ-ны дэд ерөнхийлөгч Козо Ташима хоёрын дунд сууж үзсэн юм. Тэд өөрсдийнхөө ялалтыг “Нэг биш нэлээн хэдэн жилийн хөдөлмөр. Бид нэг баг болохын тулд маш олон тэмцээнд оролцсон” гэж ярьсан. Бид ч гэсэн энэ замаар явах хэрэгтэй.

-Тэр тоглолтын дараа би юу гэж бодсоноо хэлэх үү?

-Тэгээч.

-МХБХ 2007 оноос өсвөр үеийнхний лигийг 15, 17 хүртэлх насны ангилалд зохион байгуулж байгаа. Гэхдээ лиг 10-20 хоногт л үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл үргэлжлэх хугацааг уртасгах шаардлагатай юм шиг санагдлаа …

-Санал нэг байна. Би энэ тухай бодоогүй биш бодсон. Гэхдээ өсвөр үеийнхний лиг үргэлжлэх хугацааг сунгах нь манай улсын боловсролын системтэй сайн зохицож чадахгүй. Хичээл ном орхигдсоноор хүүхдүүд аав ээж, багштайгаа зөрчилдөх зэрэг асуудал үүснэ. Гэхдээ бага багаар ахиулж л байна. МХБХ 2015 оны гуравдугаар сард футзалын өсвөр үеийнхний анхдугаар лигийг 15, 17 хүртэлх насны ангилалд зохион байгуулсан. Бид 2016 оны футзалын өсвөр үеийнхний лигт 11, 13 хүртэлх насны ангиллыг нэмж оруулаад байна.

-МХБХ-ны өсвөр үеийнхний талбайн лигт ч бага хоёр насны ангиллыг оруулж өгөх боломжтой юу?

-Яагаад болохгүй гэж.

 

МХБХ “Саалийн үнээ” биш

 

-ОУХБХ, АХБХ-ноос МХБХ-нд жилд хэчнээн ам.доллар олгож байна вэ?

-Дээрх хоёр байгууллагаас жил бүр 250 мянга ам.доллар олгодог. Энэ жил ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулж ОУХБХ-ноос нэмж 250 мянга ам.доллар өгсөн. Бонустай жил таарсан болохоор МХБХ-ны талбайг тохижуулж, оффисыг засварлаж байна. Түүнээс биш дахиж ийм төсөв олдохгүй. Бид орж ирсэн бүх мөнгийг хөлбөмбөгт л зарцуулдаг. Хэрвээ буруу зүйлд зарцуулбал МХБХ-г гишүүнчлэлийг түтгэлзүүлнэ. Тэгээд ч МХБХ-нд ОУХБХ-ны болон УИХ-аар баталсан дотоодын аудитын шалгалт орж ирдэг.

-Тантай ярилцаж байхад ихэнх шийдвэрээ санхүүгийн боломжиндоо тааруулж гаргадаг гэж ойлгогдож байна. ОУХБХ, АХБХ-ноос олгодог өнөөх их мөнгө хүрэлцдэггүй гэж үү?

-Би ердөө гурван зүйл дээр тогтож ярья. Эхлээд насанд хүрэгчдийн шигшээ баг 2018 оны ДАШТ-ий эрхийн төлөөх Азийн бүсийн тэмцээний эхний шатанд Зүүн Тиморын шигшээ багтай таарч тоглосон. Улаанбаатар-Инчён-Жакарта-Дили чиглэлд нисэх, буцаж ирэх, зочид буудалд байрлах, дасгалжуулагч, тоглогчдын цалин, хувцас хэрэглэл, хоол хүнс, эм витамин гэх зэрэгт нийт 400 сая төгрөг зарцуулсан. Хөлбөмбөгийн нэг зовлон нь нэг баг 20-30 хүний бүрэлдэхүүнтэй байдаг.

Өнгөрсөн намар 16 хүртэлх насныхны Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний “К” хэсгийн тоглолтыг зохион байгуулахад 300 сая төгрөг зарцуулсан. АХБХ-ноос оролцож буй нэг багийн төлөө 5000 ам.доллар өгдөг ч тэр нь хаа хаанаа хүрэлцдэггүй. Багуудын онгоцны тасалбар, байрлах зочид буудал, тэмцээний маркетинг сурталчилгааны зардал гээд явж өгнө. Одоо футзалын Азийн АШТ-ий эрхийн төлөөх Зүүн Азийн бүсийн тэмцээнийг зохион байгуулахад 300 сая төгрөг шаардагдана. Ингээд бодоход дээрх гурван үйл ажиллагаанд тэрбум төгрөг буюу 500 мянга ам.доллар зарцуулагдсан байгаа биз дээ.

-Олон хүн МХБХ-ыг “Саалийн үнээ” гэж хардаг шүү …

-Тиймээс би энэ бүхнийг нээлттэй байлгахын тулд шилэн данс ажиллуулж эхэлсэн. МХБХ-ны ажилтнуудын цалин хөлс, урсгал засвар, тэмцээн уралдааны шагнал, гадаад томилгоо, олон улсын сургалт зохион байгуулах, залуучууд, өсвөрийн шигшээ багуудын олон улсын тэмцээнд оролцох зардал гээд их тоо гарна. Би өнгөрсөн сарын 24-нд болсон МХБХ-ны Гүйцэтгэх хорооны хуралд 2015 оны эхний гурван улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсан.

-Өнөөдөр МХБХ-нд ажиллаж, цалин авч, нийгмийн даатгал төлж байгаа хэдэн хүн байна вэ?

-27.

-Та хэдэн төгрөгийн цалинтай вэ?

-Би цалингүй ажилласан хэвээр байна.

 

Нэг клубт жилд 3.6 сая төгрөг өгч байна

 

-Таны МХБХ-ны гишүүн клуб, аймгийн хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга нарт сар бүр 300 мянган төгрөгийн урамшуулал олгох амлалт гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэнд олон хүн ам сайтай байна …

-Тийм ээ. 300 мянган төгрөг гэхээр их биш сонсогдож байж мэднэ. Гэхдээ энэ мөнгө тогтмол байх юм бол багагүй юм хийх боломжтой. Сарын 300 мянган төгрөг чинь жилд 3.6 сая, дөрвөн жилд 14.4 сая болно.

-Энэ урамшууллыг хэдэн хүн авч байна вэ?

-МХБХ-ны албан ёсны гишүүн 24 клубийн дасгалжуулагч, 21 аймгийн хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, нийт 45 хүн авч байна.

-Клуб болгон адилхан хэмжээний урамшуулал хүртэх нь хэр шударга вэ?

-МХБХ-ны албан ёсны гишүүн хэр нь ажиллагаа явуулдаггүй, тайлан өгдөггүй клубүүд бий. Тэднийг урамшууллаас хасаад үйл ажиллагаа сайн явуулж байгаа клубт нь хоёр дахин нэмээд өгөх тухай бодсон зүйл бий.

-МХБХ-ноос зохион байгуулсан тэмцээнд 21 аймгийн шигшээ баг бүр оролцдоггүй. Гэвч бүгдийг урамшуулалд хамруулсан нь ямар учиртай юм бэ. Энэ нь таны сонгуулийн санал авах гэсэн арга байсан юм уу?

-Аймгуудын хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга урамшуулалтай болсноор ажлаа илүү идэвхитэй хийж, үйл ажиллагаа нь жигдэрнэ. Аймгийн шигшээ багаа МХБХ-ноос зохион байгуулах тэмцээнд уралдаанд оролцуулдаг болоосой гэсэндээ ийм шийдвэр гаргасан. Яаран дүгнэлт хийх хугацаа болоогүй байна. Магадгүй ирэх оноос тэмцээн уралдаанд оролцоод эхлэх юм бол бидний ажлын үр дүн гарч эхэллээ гэж ойлгож болно.

 

Миний мөрийн хөтөлбөрийн 50 хувь нь ажил болсон

 

-Таны бодлоор Монголын хөлбөмбөг хэзээ мэргэжлийн болох вэ?

-Японы шигшээ багийн хүүхдүүд мэргэжлийн хөлбөмбөгийг үзүүлсэн. Тэд энэхүү спортоор хоолоо олж идэхээ аль хэдийнэ ойлгочихсон яваа. Харин манайд хөлбөмбөгөөр хоолоо олж идэх гэж зүтгэж яваа нь А.Мөрөнгөөс өөр байгаа бил үү. Би энэ дөрвөн жилд мэргэжлийн хөлбөмбөгийн суурийг нь тавина. Эрхзүйн талаасаа яривал надад МХБХ-ны ерөнхийлөгчөөр дахин сонгогдож, нийт найман жил ажиллах боломж бий. Хэрвээ энэ хугацаанд бодлогоо хэрэгжүүлж чадах юм бол мэргэжлийн тоглогчид гарч ирнэ. МХБХ богино хугацаанд юм хийж болдгийг харуулахыг зорьж байна.

-Та сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө хэдэн хувийг ажил болгоод байна вэ?

-Та бүхэн эргүүлж харна биз. 50 хувийг нь ажил болгосон байна.

-Таны мөрийн хөтөлбөрийг санаж байна. МХБХ-ны талбайг гэрэлтүүлэгтэй болгох амлалт юу болсон бэ?

-ОУХБХ-ны төсөлд хамруулж санхүүгийн дэмжлэг авахаар болсон. Талбайн дөрвөн талд том гэрэл зооно. Ингэснээр тоглолт орой үдшийн цагаар болох боломжтой. Хавраас мөнгө нь шилжиж, ОУХБХ-ны сонгосон компани ирж ажлаа хийнэ. Гадны компани сонгох санаачлагыг би өөрөө гаргасан. Энэ ажлыг хийх компани манайд байхгүй, байлаа ч гэсэн бөөн хардлага болох биз.

-МХБХ оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагааг 2011 онд анх зохион байгуулсан. Гэсэн ч үүнээс хойш дахин болоогүй. Харин үүнийг сэргээх бодол танд хэзээ төрөв?

-Би МХБХ-ны дэд ерөнхийлөгч байхтай л энэ тухай бодож байсан. Дэлхийн шилдэг хөлбөмбөгч “Алтан бөмбөг” шагнал хүртдэг шиг дотоодын оны шилдгүүдээ шалгаруулдаг байх ёстой. “MFF Awards” буюу МХБХ-ны оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 12-нд болно. Оны өмнөх сүүлийн том ажил. Удахгүй энэ тухай хэвлэлийн бага хурал хийж, дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

-МХБХ энэ онд олон зүйл амжууллаа. Та 2016 оныг хэрхэн харж байна вэ?

-Амжилтаа бататгах он байх ёстой. Шигшээ багууд руу чиглэсэн үйл ажиллагаа олон болно.

-Ярилцсанд баярлалаа.

Д.НАНЖИД

ЭХ СУРВАЛЖ: “СПОРТЫН ӨНГӨ” СОНИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж