УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр /2020.03.16/ хуралдаж, Жижиг, Дунд бизнес эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй зээл олгох тухай хуулийн төсөл УИХ-д өргөн барьж буй талаараа мэдээлэл хийлээ.
Уг хуулийн гол үзэл баримтлал нь ЖДҮ-үүдийн ажлын байрыг хамгаалахад орших аж. Энэ тухай УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэлэхдээ "Арилжааны банкуудын эх үүсвэрээр жилийн 17-18 хувийн хүүтэй зээл авчихсан ЖДҮ-үүдийг дэмжиж, тэдний зээлийнх нь хүүг гурван хувьтай зээлээр солих хуулийн төсөл боловсууллаа. Том ААН-үүдэд 1-3 сарын эдийн засгийн эрсдэлийн даах чадвар байдаг. Гэтэл жижиг ААН-үүд, өрхийн болон бичил бизнес эрхлэгчид эдийн засгийн эрсдэлийг даван туулах чадвар суугаагүй байдаг.
Тиймээс энэ хуулиар арилжааны банкуудын өндөр хүүтэй зээлээр ЖДҮ-ээрээ явуулж байгаа ААН-үүдийг хамруулахад хуулийн зорилго чиглэгдэнэ. Хоёрдугаарт, Азийн хөгжлийн банк болон олон улсын бусад байгууллага коронавирус Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг тооцоо судалгааг гаргасан байна. Хамгийн сүүлд гаргасан тооцооллоор, манай улсын эдийн засгийн өсөлт -0.74 хувиар буурах нь гэж дурдсан байна. Ямар үзүүлэлтүүд эдийн засгийн өсөлтийг сааруулах вэ гэдэгт Засгийн газар оновчтой хамгаалалтын төлөвлөгөөтэй баймаар байна. Эдийн засгаа хямралд оруулж эрүүл мэндийн чиглэлд хэтэрхий их анхаарч эдийн засгаа орхигдуулж болохгүй. Аль алийг нь зэрэг анхаарахгүй бол дараа нь буцаад эдийн засгаа сэргээхэд хугацаа алдагдана. Тиймээс Засгийн газарт эдийн засгийн чиглэлд оновчтой, шуурхай арга хэмжээг авах талаарх зөвлөмж хүргүүлж байна. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, түрээсийн төлбөрөөс чөлөөлөх арга хэмжээг авч байгаа нь зөв. Гэхдээ үүний оронд зээлийг хүүг бодитойгоор бууруулах арга хэмжээг авах нь оновчтой гэж үзэн хуулийн төсөл өргөн барьж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: “Өнгөрсөн амралтын өдөр манай нам ҮБХ-ныхоо хуралдааныг анх удаа цахимаар хийлээ. Сонгуулийн хуулийн дагуу энэ сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө өргөн барих ёстой. Мөрийн хөтөлбөртөө санал авах зөвлөлдөх хуралдааныг амжилттай зохион байгууллаа. Энэ сарын 21-ны өдөр бид мөрийн хөтөлбөрийнхөө саналыг дэмжүүлэх асуудлаа мөн хуралдаан хийхээр төлөвлөж байна. Цаг үеийн өнөөгийн нөхцөл байдалд эдийн засгийн хүндрэлийг даван туулах талаар авч хэрэгжүүлэх саналууд ҮБХ-ны гарч улмаар УИХ дахь АН-ын зөвлөлд зөвлөмж болгон хүргүүлсэн. Энэ дагуу өнөөгийн нөхцөлд тааруулан эдийн засгаа дэмжих ямар бодлого, чиглэлийг авч хэрэгжүүлэх вэ гэдэг талаар зөвлөлдсөн. Эхний ээлжид ажлын байруудыг хадгалж байгаа мөн баялаг бүтээгчид, ЖДҮ эрхлэгчид арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авсан ААН-үүдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй юм. 1.4 их наяд төгрөгийн өртөг бүхий 300 гаруй барилга, объектуудыг төсвөөс хасах зэрэг нийтдээ 400 тэрбум гаруй төгрөгийн эх үүсвэрийг төрийн банканд байршуулж ЖДҮ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл олгох хуулийн төсөл боловсрууллаа. ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан хэдий ч энэ сангаас ямар хүмүүс зээл авдаг нь нэгэнт ил болсон.
Хоёрдугаарт, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн нь мөн л алагчилж төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг өндөр нэмэгдүүлсэн нь шударга бус. Төрийн албаны тэргүүн эгнээнд ажилладаг эмч цагдаа, онцгой байдлын ажилчдын цалинг нэмээгүй.
Бид өнөөдөр сөрөг хүчний зүгээс эрх баригчдын явуулж байгаа үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах бус аль болох нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гаргахад эрэлхийлж ялангуяа хямралд хамгийн түрүүнд өртөж буй ЖДҮ эрхлэгчдийг бодитоор дэмжих шаардлагатай байна” гэв.
Нийт 3500-5000 орчим ЖДҮ эрхлэгчид арилжааны банкнаас өндөр зээл авч үйл ажиллагаа явуулж байгаа аж. АН-ын өргөн барьж буй уг хуулийн төслөөр дээрх тооны ААН-үүдэд 100 хүртэлх сая төгрөгийн зээлээ гурван хувь руу шилжүүлэх боломж бүрдэх юм байна.
Холбоотой мэдээ