"Гадаадын нэг ч иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй"

Хуучирсан мэдээ: 2020.03.16-нд нийтлэгдсэн

"Гадаадын нэг ч иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй"

"Гадаадын нэг ч иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй"

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.03.16/ ээлжит мэдээллээ хийж байна.


Улсын онцгой комиссын Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн: Улсын онцгой комиссын Шуурхай штабт гамшгаас хамгаалах улсын алба, холбогдох яам агентлагийн 60 гаруй алба хаагч 24 цагийн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр БНСУ-аас ирсэн иргэдийг татан авах ажиллагааг гурван цагийн дотор зохион байгууллаа. Тэдгээр иргэдийг “Энхсаран” сувилал, Цэргийн төв нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, Жаргалант сувилалд тусгаарласан. Улаанбаатар-Берлин-Москва чиглэлийн “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцоор Москвагаас 93, Берлинээс 138 нийт 231 хүн өнөөдөр /2020.03.16/ өглөө 07.57 цагт ирсэн. Иргэдэд тандалт хийж байна.

Эхний ээлжид 19 хүний ХӨСҮТ-д тусгаарлахаар болсон бол бусад иргэдийг Баянзүрх дүүрэгт байрлах “Амар” зочид буудалд тусгаарлахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Түүнчлэн өнөөдөр өглөө 09.08 цагт Япон улс руу тусгай үүргийн онгоц хөөрсөн. Оройн 20.25 цагт газардана. Гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг хүлээж авах, түр тусгаарлах зорилгоор Баянзүрх дүүрэгт байрлах “Парк”, “Амар” зочид буудал Баянгол дүүрэгт “Наранбулаг” зочид буудал болон хоёр дүүрэгт гурван аж ахуй нэгжийн байруудад иргэдийг хүлээн авахаар ажиллаж байна” гэв.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хэлэхдээ “Улсын онцгой комиссын шуурхай штабын баг төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Өнөөдөр нэг онгоц бууна. Маргааш Туркын Истанбул хотоос дараагийн онгоцыг хүлээж авна. Дэлхий нийтээр нөхцөл байдал хүндэрч байна. Өвчилсөн хүний тоо дэлхий нийтийн хэмжээнд 150 мянга гарчихлаа. Нийтдээ 6500 дээш  хүн нас барсан.  Халдвар авсан улсын тоо 150 болж хурдтай өсч байна. ДЭМБ-аас хоёр хоногийн өмнө Европ тив халдварын том голомт болсон гэдгийг зарласан. Зөвхөн Испани улсад ойролцоогоор 46 сая хүн гэрийн хорионд ороод байна. АНУ өчигдрөөс Их Британи, Ирландаас онгоц хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэдгээр улс орнуудын зүгээс Монгол Улстай төстэй арга хэмжээг авч байна. Тийм учраас цаашид олон удаа онгоц хүлээн авахад хүндрэлтэй болж байна. Сая Берлин, Москвагийн нислэгээр ирсэн хүмүүсээс тодорхой шинж тэмдэг илэрч, ХӨСҮТ-д 19 хүн тусгаарлалаа. Ерөнхийдөө Истанбулд наашаа ирэх хүсэлтэй, эрсдэлтэй иргэдийн тоо гарсан. Монгол Улс гадаадын нэг ч иргэнийг хүлээж авахгүй.  Зөвхөн ОХУ-аас орж ирж буй хүнсний тээврийн жолооч нарыг нэвтрүүлж байгаа. Халдварын эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэж буй тул олон удаа нислэг үйлдэх боломжгүй, нислэгийн хөдөлгөөнийг хязгаарлахаас өөр аргагүйд хүрнэ. Дэлхий даяар амьдарч буй 190 мянга орчим монголчууддаа хэлэхэд улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалахын тулд тухайн орондоо дасан зохицож, өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах хэрэгтэй” гэсэн юм.

“УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 5636 АЖ АХУЙ НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШАЛГАЛТ ХИЙСЭН”

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “Үндсэн хийгдэж буй ажил бол нийслэл аймгийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд хүнсний бараа бүтээгдэхүүний хангамж, үйлчилгээнд эрсдэл үүсгэхгүй байхын тулд аюулгүй байдлыг хангах, усан хангамж, инженерийн дэд бүтцийг хангуулахаар ажиллаж байна. Өчигдрийн мэдээгээр улс орны хэмжээнд нийт 5636 аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, нийслэлийн 2888 үйлчилгээний байгууллага хамрагдсан. Цар тахлын нөхцөл байдалд бусад төрлийн хоолны хордлого гаргахгүй байх, үйлчилгээний байгууллагууд өөрсдийн ухамсрын дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг дээд зэргээр ханган ажиллах шаардлагатай байна. Монгол Улс нийт бараа бүтээгдэхүүнийхээ ихэнхийг импортоор авч байгаа учраас хилийн боомтоор орж ирж буй хүнсний бараа бүтээгдэхүүнийг тасалдуулахгүй, түргэн шуурхай нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн ард иргэдэдээ аюулгүй үйлчлэх чиглэлд томоохон ажлуудыг зохион байгуулсан. Дээрээс нь төвлөрсөн суурин газруудын усан хангамжийн асуудалд онцгой анхаарч, нийт 66 дээж авч лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Тусгай үүргийн онгоцоор хилийн мэргэжлийн хяналтын хоёр байцаагч явж ажилласан” гэдгийг онцлон хэллээ.

“ЗОХИОМЛООР ҮНЭЭ НЭМБЭЛ 115 ТӨЛБӨРГҮЙ УТСАНД МЭДЭГДЭЭРЭЙ”

Энэ үеэр ШӨХТГ-аас мэдээлэл өгөхдөө “Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зохиомол үнийн асуудалд анхаарч ажиллаж байна. Зохиомлоор үнэ нэмэгдэх асуудал гарч байна. Өнгөрсөн долоо хоногт шуурхай ажлын хэсэг томилж гарган махны үнэ зохиомлоор өсгөсөн аж ахуй нэгжүүдэд арга хэмжээ авч ажилласан. Тодруулбал, өнгөрөгч Баасан гаригт И-Март худалдааны төвд 20 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авсан. Энэ чиглэлээр хяналт шалгалтын ажил үргэлжилж, тухай бүрт мэдээлнэ. Ер нь бараа бүтээгдэхүүний үнэ зохиомлоор өсч байгаа үед иргэд мэдээллээ өгч, хамтарч ажиллахыг хүсье. Энэ үеэр бид үнэ төлбөргүй 115 утас ажиллуулж, нотлох баримт ирүүлбэл асуудлыг тэр даруй шийдвэрлэх боломжтой. Өчигдрийн авсан мэдээллээр хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хангамж хэвийн хангалттай байгаа. Одоогийн байдлаар нийслэлд 279 цэгээр нөөцийн махыг худалдаалж эхэлсэн. Өчигдрийн мэдээллээр хонины ястай мах 1 кг 9486 төгрөг, хонины цул мах 11 мянга 256 төгрөг, хонины нөөцийн мах 6700 төгрөг, үхрийн цул мах 14 мянга 239 төгрөг, үхрийн ястай мах 11 мянга 529 төгрөг, үхрийн нөөцийн ястай мах 7700 төгрөг, ямааны ястай нөөцийн мах 6200 төгрөгөөр борлуулагдаж байна. Өнөөдөр “Номин” сүлжээ дэлгүүрүүд дээр шалгалт хийгээд дуусч байна” гэдгийг мэргэжилтэн хэлсэн юм.

“ТУСГААРЛАГДСАН ХҮМҮҮС ӨНӨӨДРИЙН ДОТОР ТӨЛБӨРӨӨ ТӨЛ”

Мөн Цагдаагийн ерөнхий газраас нийтдээ 43 гомдол мэдээллийг шалгаж шийдвэрлэжээ. Тодруулбал, цахим сүлжээнд илт худал мэдээлэл тараасан 17 мэдээллээс 13 мэдээг ШӨХТГ-руу шилжүүлсэн. Зөрчил үйлдсэн 34 хүнд 6 сая 950 мянган төгрөгөөр торгууль үйлдэж, шийтгэл оногдуулсан. Мөн худал мэдээлэл тараасан 14 гомдол мэдээллийн шалгалтын ажлыг явуулж байна. Жишээлбэл, Завхан аймгийн Хужирт гэх газар есөн хүн хоёрдугаар сарын 15-ны өдөр хурдан морины уралдаан зохион байгуулсан. Нэр бүхий хүмүүст Зөрчлийн тухай  хуулийн дагуу 150 мянган төгрөгөөр торгожээ.

Эдгээр мэдээллээс гадна ОБЕГ-ын дарга дэд Б.Ууганбаяр зарим зүйлийг анхаарууллаа. Тэрбээр “Нийт 14 хоногийн тусгаарлах хугацаа дуусч буй газрууд байна. Тухайлбал, өнөөдөр Бага баян амралтын газраас гарч буй 60 гаруй хүнээс нэг ч хүн төлбөрөө төлөөгүй. Тийм учраас өнөөдрийн дотор бидний танилцуулсан дансанд төлбөрөө төлж барагдуулах үүрэг чиглэлийг өгч байна. Мөн өмнө нь байрлаж байсан “Асралт мед”, Цэргийн төв эмнэлэг, Жаргалант сувилалд байсан хүмүүс төлбөрөө төлөөгүй. Хэрэв энэ асуудалд хойрго хандвал таны хаягаар таны гэрт төлбөрийн хуудас очно. Цаашлаад хууль хяналтын байгууллагаар энэ асуудал яригдах болно. Тийм учраас өнөөдөртөө багтаж, төлбөрөө төлөхийг үүрэг болгож байна. Дараа дараагийн хүмүүсийг хүлээн авахад хүндрэл учраад байна. Бага баян амралтын газар цаашдаа хүн хүлээж авах боломжгүй болсон. Тиймээс иргэд маш ухамсартай хандахыг сануулъя” гэв.

А.СҮРЭ

УОК мэдээлэл хийж байна.

Posted by News.mn on Sunday, March 15, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж