Экспортийг дэмжсэн айлчлал

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

Экспортийг дэмжсэн айлчлал

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны арваннэгдүгээр сарын 9-11-нд БНХАУ-д хийсэн айлчлал нь 2014 онд БНХАУ-ын дарга Си Жиньпиний Монгол улсад хийсэн айлчлалын үеэр тохирсон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, тохирсон зүйлүүдийг ажил хэрэг болгох зорилготой байлаа хэмээн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн айлчлалын төгсгөлд сэтгүүлчдэд мэдээллээ. “Монгол Хятад улс хөрш орны хувьд улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн гээд ярихгүй сэдэвгүй айлчлал байлаа” хэмээн тэрбээр тодотгосон.

Улс төрийн хүрээнд Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний өөрийн улсын онцлогийн дагуу сонгосон хөгжлийн зам, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүндэтгэдгээ, харин Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг баримталж, Тайвань, Төвд, Шинжаантай холбоотой асуудлаарх хятадын талын байр суурийг дэмждэгээ нотоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын чуулганд зарласан Монгол улсын төвийг сахих статусын тухайд Монгол улсын сонгосон замыг ямагт хүндэтгэн үзэхээ илэрхийллээ.

Хоёр орны тохирсон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх гол тулгуур нь хоёр талын харилцан худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа юм гэдгийг хоёр тал дахин нотлов. Энэ хүрээнд Монгол Улсын “Талын зам” болон Хятадын “Бүс болон Зам” хөгжлийн стратегийг уялдуулах нь хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгоно гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Энэ хоёр санаачилгыг бүх талаар уялдуулах, хоёр улсын Засгийн газар хооронд хөгжлийн стратегиа уялдуулах тухай хэлэлцээр байгуулахыг идэвхтэй судлан ярилцахаар тохирлоо. Гадаад хэргийн сайдын мэдээлснээр ирэх долоо хоногт Бээжин хотноо энэ асуудлаарх талууд уулзалдах товтой байгаа аж.

2020 он гэхэд хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт биелэхэд тун ойрхон байгаа нь сайхан мэдээ байлаа. Хятадын талын тооцоогоор энэ онд худалдааны эргэлт 7.3 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байгаа юм. Үүнээс гадна Тавантолгой, Шивээ-Овоогийн төслүүд болон нүүрснээс синтестик байгалийн хий үйлдвэрлэх, өмнөд чиглэлийн төмөр замын шугамыг барих, Эгийн голын усан цахилгаан станц барих төслүүдийг хэрэгжүүлэхээр тохирсон. Өнгөрсөн сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо анх удаа зохион байгуулсан Монгол, Хятадын үзэсгэлэн яармаг нь хоёр улс худалдааг нэмэгдүүлэх, аж ахуй нэгж хоорондын шууд хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг харуулсан арга хэмжээ болсныг онцлон тэмдэглээд энэ арга хэмжээг тогтмолжуулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох нөхцөлийг бүрдүүлэх, хилийн бүсэд мах боловсруулах үйлдвэр байгуулах, мөн мал, амьтны халдварт өвчинтэй хамтран тэмцэхээр тохиров.

Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл байгуулахыг судалж, хоёр улсын хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг боломжтой бүхий л талаар урагшлуулж, ард түмний найрсаг харилцааны үндэс суурийг бэхжүүлэхээр ярилцлаа. Харилцааны олон суваг, хэлбэрийг ашиглан хоёр улсын ард иргэдийн солилцоог нэмэгдүүлж, ойлголцол, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, соёл, боловсрол, анагаах ухаан, эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологийн салбарын хэлхээ холбоог хөхиүлэн дэмжиж, спорт, хэвлэл мэдээллийн харилцааг өргөжүүлэх юм. Мөн Монголд хятад судлал, Хятадад монгол судлалыг хөгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ.

/Жич: Айлчлалын төгсгөлд гаргасан Хамтарсан мэдэгдлийг үзнэ үү/

Д.НАРАНТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж