“Эмэгтэйчүүдээ зоригтой дэмжих намуудын бодлого чухал байна”

Хуучирсан мэдээ: 2020.03.16-нд нийтлэгдсэн

“Эмэгтэйчүүдээ зоригтой дэмжих намуудын бодлого чухал байна”

“Эмэгтэйчүүдээ зоригтой дэмжих намуудын бодлого чухал байна”

Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяртай ярилцлаа.


-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хэрэгжээд есөн жил болсон ч хэрэгжилт хангалтгүй байгаа санагддаг. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа гол шалтгааны талаар ярилцлагаа эхлүүлье? 

-Монгол Улс анхны Үндсэн хуулиа 1924 онд батлахдаа “Монгол Улсын харьяат ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй гэдэг ялгаваргүй нэгэн адил эрхийг эдлүүлбэл зохино” гэж тунхагласнаар алагчлалгүй үзэл хандлага нь үндэсний үнэт зүйлсийн салшгүй хэсэг болж, дараа дараагийн Үндсэн хуулиудаар улам бүр баталгаажуулж ирсэн байдаг.

Монгол Улс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш байдлыг хангах үндэсний үнэт зүйлээ ийнхүү Үндсэн хуулиараа баталгаажуулсны зэрэгцээ 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж, бүс нутагтаа жендэрийн тэгш байдлыг хангах талаар хуультай анхдагч цөөн орнуудын нэг болж чадсан.

Тус хуулийг боловсруулж, батлуулах үйл явц, тухайн үедээ Монгол Улсын хувьд шинэ соргог, ахиц дэвшил бүхий түүхэн сорилт болж байсан хэдий ч уламжлал соёл, ахуй, үндэсний үнэт зүйлээ бодвол тийм ч шинэ зүйл биш байсан. Монгол эмэгтэйчүүдийн түүхэн үүрэг хариуцлага ямагт өндөр, хүлээх хүндлэл хайр нь мөн тэр хэмжээгээр их байсныг түүх судлаачид ном зохиолдоо тэмдэглэн үлдээсэн байдаг.

Шилжилтийн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах уламжлал соёл, ахуйгаа гээж, харьцангуй хоцрогдсон, хүний эрхийг үл хүндэтгэсэн ахуйн хэм хэмжээг түлхүү хэрэглэснээр нийгэмд сөрөг үзэгдэл, үр дагавруудыг дагуулж, энэ нь хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлсөн юм. Тухайлбал, жендэрийн хэвшмэл ойлголт хандлагаас шалтгаалан эрэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлтүүд буурч, цаашлаад эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн үзэл бодол, үнэт зүйл, мэргэжил сонголт, ажил эрхлэлт, тэтгэвэр тэтгэмжийн хүрэлцээ, амьжиргааны түвшинд нөлөөлж, цалин хөлсний ялгаа, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт гэх мэт нийгмийн сөрөг үзэгдлүүдээр тэгш бус байдлыг улам бүр дэмжсэн.

Иймд тус хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газраас дунд хугацааны стратеги боловсруулж, 2013-2015 онд хэрэгжүүлсэн. Тус стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтэнд 2016 онд хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн бөгөөд үнэлгээгээр хуулийн хэрэгжилт 60,8 хувьтай хангалтгүй гэж дүгнэсэн. Үүнд нэгдүгээрт, жендэрийн тэгш байдлыг хангах санхүү төсөв хүрэлцээгүй, хоёрдугаарт, жендэрийн хэвшмэл ойлголт хандлага нийгэмд түгээмэл байгаа, гуравдугаарт жендэрийн тэгш байдлыг хангах тогтолцоо сул, үүрэг хүлээгчдийн мэдлэг чадвар, туршлага дутмаг байгаагаас хангалтгүй хэрэгжсэн гэж үзсэн байна.

Энэхүү үнэлгээнд үндэслэн Жендэрийн үндэсний хорооноос жендэрийн тэгш байдлыг хангах дараагийн шатны Үндэсний хөтөлбөрийг 6 зорилтын хүрээнд 55 арга хэмжээ төлөвлөж, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшингээ оролцогч талуудыг оролцуулан хамтдаа тодорхойлсон. Үндэсний хөтөлбөр 2021 онд хэрэгжиж дуусах бөгөөд хөтөлбөрийн үр дүнг хөндлөнгийн болон оролцооны хяналт- шинжилгээ, үнэлгээ хийлгэж үнэлж дүгнэнэ. Жил бүрийн гүйцэтгэлийн хяналт-шинжилгээний дүнгээс харахад Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хангалттай буюу 70-аас дээш хувийн хэрэгжилттэй байна.

Энэ бүхнээс харахад нэг талаасаа олон нийтийн жендэрийн талаарх ойлголт мэдлэг хангалтгүй, бидний соёл уламжлал гэж андуурсан жендэрийн хэвшмэл ойлголтууд зонхилж, нөгөө талаас жендэрийн тэгш байдлыг төрийн тогтолцоо сул, чадавх бэхжээгүй хэмээн товч байдлаар дүгнэж болохоор байна. Иймд хуулийн хэрэгжилтийг дэмжих талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хуулиар үүрэг хүлээгчдийн чадавхыг бэхжүүлэх, хуулийн ач холбогдол, үр нөлөөг олон нийтэд таниулах, жендэрийн тэгш байдлыг хангах төрийн тогтолцооны хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд 2016 оноос нилээд эрчимтэй ажиллаж эхэлсэн. Энэ нь дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд батлагдсан цаг хугацааны хувьд үндэсний болоод олон улсын шаардлага, хэрэгцээ байлаа.

-Төрийн албаны зөвлөлөөс гаргасан судалгаагаар төрийн албанд хүйсийн тэгш байдал хангагдаагүй, их зөрүүтэй байгаа. Гүйцэтгэх шатны ажлыг эмэгтэйчүүд голлож хийж байгаа бол шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүдийн оролцоо өндөр байна. Харьцааг ойртуулахад өнөөдөр хэрэгжиж буй хуулиуд тулгуур болж чадах уу?

-Монгол Улс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж, төрийн албанд жендэрийн тэгш байдлыг хангах эрхзүйн баталгааг 2011 онд бүрдүүлсэн. Тус хуульд шийдвэр гаргах түвшинд ялангуяа төрийн албаны шат шатны байгууллагуудад аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгай байхаас сэргийлж,  тусгай арга хэмжээг квот тогтоох байдлаар хуульчилсан юм. Өөрөөр хэлбэл,  баг, хороо, сум, дүүргээс эхлээд аймаг, нийслэл, яам, төрийн бусад байгууллагын түвшинд төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хүйсийн төлөөллийн доод квотыг зааж өгснөөр төрийн албаны төв байгууллагаас энэхүү заалтын хэрэгжилтэд хяналт тавих, энэ талаар УИХ-д 2 жил тутамд тайлагнах үүрэг хүлээсэн байдаг.

Монгол Улсын хувьд төрийн албанд ажиллагчдын 60-аас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч шийдвэр гаргах түвшинд хуульд заасан квотын хэрэгжилт 30 хүрэхгүй хувьтай байна. Дүүрэг, сумдын түвшинд тогтоосон квотын хэрэгжилт хангагдсан бол аймаг, нийслэл, хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлаг, төрийн захиргааны төв байгууллага, яамдын төрийн нарийн бичгийн дарга болон Засгийн газрын түвшинд хуульд заасан квотын хэрэгжилт хангагдахгүй хэвээр байна.

Энэ нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага байхгүйтэй холбоотой ч үүнээс илүүтэй хуулиар үүрэг хүлээгчдийн мэдлэг хандлага, туршлага дутмаг байгаагаас шалтгаалж байна гэж үздэг.

Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хууль батлагдан хэрэгжиж байгаатай холбогдуулан төрийн албаны шатлан дэвших зарчим нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нэг нөхцөл суурь болж байна. Цаашид Сонгуулийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуулиудад зохих нэмэлт өөрчлөлтийг оруулж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нөхцөл бололцоог тал бүрээс нь дэмжих нь үр дүнтэй юм.

Хууль тогтоох байгууллагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бүс нутгийн дундаж үзүүлэлтээс доогуур байгааг анхаарч улс төрийн намууд өөр өөрсдийн бодлого, үйл ажиллагаандаа анхаарч байгаагаа илэрхийлсэн.

Хорооноос улс төрийн намууд болон хуулиар үүрэг хүлээгч бүх талуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, шийдвэр гаргах түвшинд хүйсийн харьцаа хамгийн багадаа /30:70/-г бий болгохыг зорьж ажиллаж байна.

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь байхаар тусгасан нь хангалттай хувь мөн үү. 30 хувьд хүргэх гээд чадаагүй. Хэрэв энэ хэмжээнд хүргэсэн бол ямар эерэг өөрчлөлтүүд гарах байсан бол?

-Квот тогтоох арга хэмжээ бол тэгш бус байдал арилах хүртэл авч хэрэгжүүлдэг түр тусгай арга хэмжээний нэг. Бид Сонгуулийн тухай хуулиар 30 хувийн квотыг тогтоож байсан ч ухралт хийж, энэ үзүүлэлтээ 20 болгож бууруулсан. Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд, улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд, УИХ  дахь эмэгтэй гишүүд идэвхтэй санал бодлоо илэрхийлж, Сонгуулийн тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулахаар шаардлага хүргүүлж ажилласан хэдий ч амжилтад хүрсэнгүй. Гэхдээ хуульд нэр дэвшигчдийн дунд аль нэг хүйсийн төлөөлөл 20-оос доошгүй хувь байхаар заасан нь хамгийн дээд хэмжээ биш дээшээгээ хэд хүртэл хувьд ч нэр дэвшүүлэх боломжтой гэдгийг анхаарах хэрэгтэй юм. Зөвхөн Сонгуулийн тухай хуульд заасан квотыг нэмэгдүүлснээр шууд эерэг өөрчлөлтүүд бий болохгүй, хамгийн гол нь улс төрийн намын дотоод ардчилал эмэгтэйчүүдээ бодлогоор дэмжих зоригтой шийдвэр, алхмууд, төсөв санхүүгийн ил тод байдал, сонгуулийн зардлын ачаалал гэх мэт олон асуудлаас шууд хамаарна.

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд улс төрийн намууд дүрэмд заасан квотоо хэрэгжүүлэх шаардлагатай байх шиг. 30 хувь гэж заасан ч түүнийгээ ажил хэрэг болгож чаддаггүй. Энэ чиглэлээр танай хорооноос хийсэн судалгаа байдаг уу. Цаашид улс төрийн намууд юуг анхаарах ёстой вэ?

-Намууд энэ асуудлыг өөр өөрсдийн дүрмээрээ зохицуулдаг ч дээр хэлсэн хууль эрхзүйн болон нийгмийн харилцаан дахь эерэг өөрчлөлт, хандлагуудыг дэмжихгүйгээр энэ заалтын хэрэгжилт хангагдахгүй байна.

Эмэгтэйчүүд бүтцийн шинжтэй ялгаварлан гадуурхалтад өртдөг нь үүнээс харагддаг. Тиймээс хууль эрхзүйн болон нийгмийн сэтгэлгээний хувьд нилээд өргөн хүрээнд бид өөрчлөлтийг эхлүүлж, бусдыг уриалж, хамтдаа хийхийг зорьж байна.

-Швед, Швейцарь, Норвеги зэрэг орнуудад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал хангагдсан байгаа. Ийм түвшинд хүрэхийн тулд ямар бодлого хэрэгжүүлсэн байдаг юм бол?

-Дэлхий дахинд сонгуулийн квотын системээ амжилттай хэрэгжүүлж буй орнуудад Скандинавын орнууд багтдаг.

Жендэрийн тухай хуулийг Норвеги 1979, Швед 1980 онуудад тус тус баталсан. Швед улсын намын идэвхтэн эмэгтэйчүүд жендэрийн тэгш байдлыг хангахын тулд намын дотор квот тогтоож, улс төрийн намын болон парламентын сонгуульд квотыг хуульчлах (Норвеги) зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн байдаг.

Тухайлбал, Швед улсын хууль тогтоох дээд байгууллага нь 349 суудалтай, үүнээс  161 нь эмэгтэй, 188 нь эрэгтэй. Энэ үзүүлэлтээрээ тус улс улс төр дэх жендэрийн тэгш байдлыг хангасан сонгодог жишээнүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож байна.

Тус улсад жендэрийн тэгш байдлыг хангах алба салбар бүрт хөгжсөн байна. Шведэд 1919 оноос нийгмийн салбар нь илүү түлхүү эмэгтэйчүүдэд тэгш боломжийг олгоход чиглэсэн байсан бол 1960 оноос зөвхөн эмэгтэйчүүдэд бус аливаа асуудал, шийдвэрт жендэрийн тэгш байдлыг хангахад илүү чиглэсэн бодлого, шийдвэр хэрэгжүүлж хөгжсөн байдаг. Норвеги улс жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээрээ ч мөн дэлхийд дээгүүр байранд ордог. Улс төр дэх жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн квотыг багадаа 40 хувьд барих нь Засгийн газар, парламентын гол зорилтуудын нэг төдийгүй бүхий л салбар дахь эмэгтэйчүүдийн квотыг 40-өөс багагүй хувьд барих зорилт тавьдаг.

-Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх асуудал чухлаар тавигдаж ирсэн ч энэ чиглэлд Сонгуулийн ерөнхий хорооноос эхлээд төдий л ач холбогдол өгөхгүй, ажиллахгүй байх шиг. Танай хороо өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр ямар нэг арга хэмжээ зохион байгуулж байсан уу. Яагаад энэ асуудлыг хөндөж байна вэ гэхээр шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдээ олноор гаргаж ирж чадахгүй байгаа нь сонгогчид эрэгтэй нэр дэвшигчид илүү итгэл үзүүлээд, эмэгтэйд үзүүлдэггүй тал байна?

-Жендэрийн үндэсний хороо жендэрийн тэгш байдлыг хангах бодлого эрх зүйн орчныг тодорхойлоход дэмжлэг үзүүлж, бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, арга зүйн зөвлөмжийг өгч ажиллах зөвлөх чиг үүрэгтэй байгууллага. Бид эрэгтэй эмэгтэйчүүд, охид, хөвгүүдийн жендэрийн тэгш байдлын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, хэвшмэл хандлагыг өөрчлөх чиглэлд сургалт, нөлөөллийн ажлыг өргөн хүрээнд зохион байгуулдаг. Энэ нь нэг талаас иргэдийн боловсролыг дэмжихээс гадна нөгөө талаас сонгогчдын боловсролыг дэмжиж байдаг.

Мөн Хорооны гишүүнээр үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 13 ТББ ажилладаг бөгөөд төр-төрийн бус-олон улсын байгууллагын хамтын түншлэлийг хөгжүүлж ажилладгаараа онцлог байдаг. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд нэр дэвшигч эмэгтэйчүүдэд тулгарч буй бүтцийн болон тогтолцооны шинжтэй саад бэрхшээлийг арилгаж, хууль эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх нөгөө талаас хэвшмэл ойлголт хандлагаас ангид сонголт хийхэд иргэдэд туслах сурталчилгаа нөлөөллийн ажлуудыг тогтмол хийх нь үр дүнтэй. Хороо 2020 онд энэ асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр болон улс төрийн намуудын манлайлагч эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийнэ. Тухайлбал,  олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр сошиал орчинд салбар бүрт манлайлж байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх, олон улсын чиг хандлагын талаар Монгол Улсын түүхэнд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг, бидний түүхийг сануулсан нийтлэл сурвалжлага, ярилцлагууд гарлаа, мөн чадавх бэхжүүлэх сургалтууд, семинарыг зохион байгуулахаар төлөвлөсөн боловч короновирустай холбоотойгоор хойшлоод байна.

-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхэд Жендэрийн үндэсний хорооноос гадна ямар байгууллага ажилладаг вэ. Уялдаа холбоотой ажилладаг уу?

-Жендэрийн үндэсний хороог хуулиараа Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлдэг,  Хороо нь төр, төрийн бус байгууллагуудын тэнцүү төлөөллийг багтаасан 26 гишүүнтэй. Тус хороонд Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн Засаг даргын орлогч болон 8 яам, 12 төрийн бус байгууллага хамаардаг. Төрийн захиргааны төв байгууллага дахь жендэрийн салбар зөвлөл /13/, аймаг, нийслэл, дүүрэг дэх жендэрийн салбар хороо/31/, холбогдох 60 орчим төрийн бус байгууллага, олон улсын хөгжлийн түншлэгч байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүрч, хамтран ажиллаж байна. Хуулиар үүрэг хүлээгчдийн тухайд Хорооны гишүүн болон дэргэдэх байгууллагуудаас гадна шат шатны нутгийн өөрөө удирдах байгууллагууд, олон нийтийн байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагуудыг дурдаж болно.

Хорооны ажлын алба нь 2019 онд Хорооны гишүүн байгууллагуудаас Үндэсний статистикийн хороо, Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, “Гал голомт” үндэсний хөдөлгөөн, Хараат бус судалгааны хүрээлэн, Хэвлэлийн хүрээлэн зэрэг байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилласан.  Улсын төсөв болон олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн хүрээнд нийт 150 орчим сая төгрөгийн санхүүжилтийг дээрх байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд зарцуулсан байна.

-Цаашид хийх шаардлагатай ажил юу байна, УИХ-аас батлах шаардлагатай хууль бий юу. Эсвэл одоогийн энэхүү эрх зүйн орчин нь хангалттай гэж үзэж байгаа юу?

-Хаврын чуулганаар батлагдахаар төлөвлөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиудад Ажлын албанаас холбогдох саналаа хүргүүлсэн байгаа. 2020 ондоо багтаан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд үр дагаврын үнэлгээ хийх ажлыг эхлүүлээд байна. Хуулийн үнэлгээнээс хамаараад тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөнө, тогтолцооны хувьд тогтвортой байх, хариуцлагын асуудлыг сайжруулах чиглэлээр хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар ч ХЭҮК-оос хийсэн судалгаа, тайланд дурдаад байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж