Монголын “Тhe Hu” хамтлагийн морин хуурыг Өвөрмонголд хуулбарлан үйлдвэрлэн, худалдаалж эхэлжээ. Энэ асуудлыг тус хамтлагийн хуульч судалж, ажиллах гэнэ. Оюуны өмчийн газраас “The Hu” хамтлагийн “Гал хуур”, “Тэнгэр хуур”, “Байгаль товшуур” зэрэг хөгжмийн зэмсгүүдийн загварын гэрчилгээг Монгол Улсын Гавьяат жүжигчин, “The Hu” хамтлагийн продюсер Б.Дашдондог, зураач Д.Сандагдорж нарт гардуулан өгсөн байдаг.
“Хамтлагийн амин сүнс болсон хуурыг хийхийн тулд маш олон туршилт хийжээ. Хуурын өргөн үелзлийг авч дамжуулах технологи туршсаар хамгийн дөхөмтэй мэдэрдэг микрофон ашиглаж байгаа ажээ. Европын хөгжмийн технологийн компаниудад хандаж, хуурыг улам сайжруулах төлөвлөгөөтэй байгаа” тухайгаа хамтлагийн продюсер хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм.
Шинэ төрлийн коронавирусийн тархалт хурдтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор “Тhe Hu” хамтлаг Япон улсад хийх тоглолтоо хойшлуулсан. Үүнээс гадна энэ удаагийн аялан тоглолтоор оролцох байсан Австралийн “Downloads festival”, Ѳмнѳд Америкийн “Lollapalooza festival”, Америкийн “Coachella festival” зэрэг томоохон хөгжмийн наадмууд цуцлагдаж, хойшлогдоод байна. “Тhe Hu” хамтлаг өнөөдөр /2020.03.16/ Австралид тоглолттой.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ