ЭМЯ: Монгол Улсын гурван иргэнээс COVID-19 илэрлээ | News.MN

ЭМЯ: Монгол Улсын гурван иргэнээс COVID-19 илэрлээ

ЭМЯ: Монгол Улсын гурван иргэнээс COVID-19 илэрлээ

ЭМЯ: Монгол Улсын гурван иргэнээс COVID-19 илэрлээ

НЭМЭЛТ: 22.50 цагт

Сөүл- Улаанбаатар, Берлин- Улаанбаатар нислэгээр ирсэн Монгол Улсын гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн гэж дөнгөж сая Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ЭМЯ-ны Төрийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар:

Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван хүний лабораторийн шинжилгээний хариу 20.00 цагт шинэ коронавирустэй гэж гарлаа. Тус иргэдэд шаардлагатай арга хэмжээг авч, хавьтлуудыг судалж байна. Францаас дамжин ирсэн эмэгтэйн биеийн байдал хүнд байна. Германаас ирсэн иргэний ойрын хавьтал болсон есөн иргэнийг тусгаарлалтад авсан.

 ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл:

Тус вирус дэлхийн 160 гаруй оронд илрээд байна. Монголд илрэх эсэх нь цаг хугацааны асуудал байсан. Гэхдээ бид Үндсэн хуулийн дагуу иргэдээ хаяхгүй. Энэ хүрээнд эмчилгээ хийлгэсэн, жирэмсэн, өндөр настай хүмүүсээ авчирсан. Энэ үед айж сандарч дархлаагаа унагах шаардлагагүй гэдгийг мэргэжлийн хүний хувьд хэлье. Тогтмол амны хаалт зүүж, гараа угааж байгаарай гэсэн юм.

COVID-19-ын талаарх цаг үеийн мэдээлэл

Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, March 16, 2020


ЭМЯ: Тусгаарлах байр хангалттай бий

Олон улсын жишгээр аливаа халдварт өвчний үед хүн амын 1.4 хувьтай тэнцэхүйц тооны эмнэлгийн орыг бэлтгэх шаардлагатай байдаг байна. Харин Covid-19-тэй холбоотойгоор Монгол Улс Цэргийн төв эмнэлэгт 570 ор, мөн зарим амралтын газруудыг тусгаарлах байр болгон ашиглаж байгаа ч энэ нь хүн амын зөвхөн 0.4 хувьд хүрэлцэж буй юм. Тиймээс цаашид халдварын үед шаардагдах эмнэлгийн орыг хэрхэн нэмэгдүүлэх болон Covid-19-тэй холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа.


-Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан БНСУ-аас өчигдөр /2020.3.15/ ирсэн иргэнд Covid-19-ийн халдварын шинж тэмдэг илэрч, эмнэлгийн зүгээс шуурхай арга хэмжээ авсан гэх мэдээлэл байна?

-БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор өчигдөр ирсэн иргэдээс архаг хууч өвчтэй, жирэмсэн хүмүүсийг Цэргийн төв госпитальд хяналтад авсан. Жирэмсэн эмэгтэй 13, архаг хууч өвчтэй болон асарч байгаатай нь нийлээд 50 хүнийг энэ эмнэлэг  тусгаарласан. Бүгдээс нь шинжилгээ авсан. Хариу нь гарах болоогүй байна. Архаг өвчтэй хүн байсан болохоос сэжигтэй тохиолдол бол биш.

-Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д шинэ коронавирусээр халдварласан байж болзошгүй хүүхэд ирж, яаралтай арга хэмжээ авсан гэсэн үнэн үү?

-Covid-19-тэй холбоотой бол ХӨСҮТ-д хандах учиртай. Одоогоор манайд шинэ коронавирусийн халдвараар хүүхэд өвчилсөн байж болзошгүй тохиолдол байхгүй. ЭХЭМҮТ-өөс энэ талаар дуудлага мэдээлэл ирүүлээгүй.

-Баян-Өлгий аймагт нэг иргэн тусгаарлагдсан. Тиймээс тус аймгаас ирж буй иргэдээс шинжилгээ авах уу?

-Казахстанаас ирсэн иргэн халуурсан шинж тэмдэгтэйгээр Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан байгаа. Тус иргэнээс сорьц авч Улаанбаатар руу явуулсан, арай ирээгүй байна. Маргааш сорьцын хариуг мэдээлнэ. Хариугаас шалтгаалан шаардлагатай арга хэмжээг авна.

-Токио, Берлин, Сөүл зэрэг хотуудаас тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэн бүрийг 14 хоног тусгаарлана гэж байгаа. Ер нь олон улсад халдвар гарсан тохиолдолд нийт хүн амын 1.4 хувьд шаардлагатай эмнэлгийн орыг бэлтгэсэн байх журамтай, харин манайд 0.4 хувьтай байгаа гэсэн. Цаашид тусгаарлах байруудын тоог хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Тусгай үүргийн онгоцоор дээрх хотуудаас ирсэн иргэдийг тус, тусад нь өөр газар тусгаарлаж, шаардлагатай гэснийг нь ХӨСҮТ-д авна. Дээрх иргэдийг тусгаарлах байрыг бэлдчихсэн, тусгаарлах байр хангалттай байгаа. Таны дээр дурдсан тоо бол өвчлөл гарсан үед хамаарна. Одоогоор монгол хүн Covid-19-ийн халдвараар өвчлөөгүй байна. Бид голомтот бүсээс ирж буй иргэдийг анхааралдаа авч ажиглалтад байлган тусгаарлах шаардлагатайг нь тусгаарлаж нэг ёсондоо ангилан ялгалт хийж байна.

-Covid-19-ийн халдвар болох нь батлагдсан франц иргэний биеийн байдал тогтворжиж байна гэсэн үү?

-Тийм. Биеийн байдал нь тогтворжиж, сэтгэл санаа нь өөдрөг болсон. Өчигдрөөс хоолоо сайн идэж байгаа. Монгол хүнтэй харьцуулахад гадаадын иргэд сэтгэл хөдлөл ихтэй байдаг болохоор уг өвчтөнд сэтгэлзүйн дэм тун хэрэгтэй байдаг.


Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын тархалттай холбоотой цаг үеийн ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.03.16/ хийж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: Тусгаарлан ажиглагдах байранд нэгдүгээр сарын 9-өөс хойш өнөөдрийг хүртэл 1697 хүн тусгаарлан ажигласан. Одоогийн байдлаар 945 хүн эмчийн хяналт дор ажиглалтын байранд байна. Сэжигтэй тохиолдол хэмээн үзсэн 291 хүнд шинжилгээ хийсэн. Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Баян-Өлгий аймаг, Асралт-мед, Жаргалант, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ дээр иргэд тусгаарлагдаж байна. Франц улсын иргэд болон долоон жуулчинд хоёрдугаар сарын 29-өөс гуравдугаар сарын 9-ны хооронд Хөвсгөлийн Хатгал руу очиж, үйлчилгээгээ үзүүлээд буцаж ирсэн нэг иргэн гүйлгэсэн, халуурсан гэсэн зовуурьтай тусгаарлагдсан байна. Тухайн иргэнд шинжилгээ хийж байна, биеийн байдал нь хэвийн.

Иргэдэд бүтэн гурван сарын турш анхааруулж, зөвлөсөөр байхад гадагшаа улс орон руу зорчих, гадаадын иргэнтэй уулзаж, холбогдож байгаа тул өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг сануулж байна. Маш олон улс орнуудаар иргэд дамжин ирж байгаа тул зөвлөмжийг ЭМЯ-аас дахин дахин сануулж байна. Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор, халуурсан, гадаад паспортоо орхисон гэх иргэдийг Сөүлд нь үлдээсэн байгаа. Ингээд 244 хүн эх орондоо ирсэн.

Берлин-Москвагийн чиглэлийн онгоцоор 231 иргэн ирлээ. Бөөрний дутагдалтай иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан. Мөн 17 иргэнийг ХӨСҮТ-т тусгаарлаад байна. Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 277 иргэн ирнэ. Үүнээс 57 иргэнд эмнэлгийн тусламж зайлшгүй шаардлагатай гэсэн мэдээ ирсэн. Цэргийн тусгай эмнэлгийг өглөө 08.00-10.00 цагийн дотор бүрэн чөлөөлсөн. Дараагийн сэжигтэй тохиолдлыг хүлээн авахад бэлтгэл бүрэн хангагдсан. Дүүргийн эмнэлгийн орны  10 хүртэлх орыг эрчим эмчилгээний орны зориулалтаар ашиглана. ХӨСҮТ дээр буй өвчтөний биеийн байдал хэвийн, хоолны дуршил нь сайжирсан байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  Гуравдугаар сарын 2-нд коронавирусийн халдвар батлагдсан франц иргэнтэй хамт онгоцоор ирсэн 23 хүний  давтан шинжилгээний хариу сөрөг гарсан. Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Гуравдугаар сарын 15-нд Баян-Өлгий аймагт болон ХӨСҮТ-д тус тус нэг сэжигтэй тохиолдол илэрсэн, тусгаарласан. Баян-Өлгий аймгийн шинжилгээний хариу Улаанбаатарт хараахан ирээгүй байна. Мөн өчигдөр /2020.03.15/ ХӨСҮТ-д халдварын голомттой газраас ирсэн гэсэн 10 хүнийг тусгаарлаж, эмчийн ажиглалтад авсан.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

Posted by News.mn on Sunday, March 15, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ХарамсалтайХарамсалтай
40
ТэнэглэлТэнэглэл
20
БурууБуруу
9
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж