Европын хөлбөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээн болох Евро-2020 ирэх зургадугаар сарын 12-нд Италийн Ром хотод нээлтээ хийж Европын 12 хотод үргэлжлэн явагдах билээ. Тэгвэл Европын хөлбөмбөгийн холбоо буюу УЕФА-ийн зүгээс энэхүү тэмцээнийг Европ тивд тархаад буй шинэ коронавирусийн тархалтыг харгалзан үзэн 2021 он хүртэл хойшлуулж болзошгүй гэжээ. Одоогийн байдлаар УЕФА-ийн зүгээс Аваргуудын лиг болон Европа лигийн хасагдах шатны тоглолтуудыг зогсоогоод байгаа юм. Мөн Английн Премьер лиг, Италийн Сериэ-А лиг, Германы Бундеслиг, Испанийн Ла лиг зэрэг Европын хөлбөмбөгийн томоохон лигүүд өөрсдийн улирлын тоглолтуудаа зогсоогоод байна.
Хэрэв Европын улс орнуудын хөлбөмбөгийн дотоодын лигүүд ирэх сараас эхлэн үргэлжлэн явагдвал шахуу хуваарийн дагуу тавдугаар сарын сүүлээр эсвэл зургадугаар эхээр дуусч аваргуудаа тодруулна. Ийм зүйл болвол Евро-2020 тэмцээнд тамирчид ихээхэн ядралттай, өрсөлдөөн багатай оролцох магадлалтай хэмээн УЕФА үзэж байна. УЕФА-ийн зүгээс 2021 онд ямар нэгэн тэмцээн зохион байгуулахаар товлоогүй байгаа учраас энэ нь боломжтой гэнэ. Мөн үүнээс гадна ирэх өвөл зохион байгуулах боломжтой хэмээжээ.