Хуучирсан мэдээ: 2020.03.16-нд нийтлэгдсэн

Сирийн дайны 10 жил

Тунис, Египет, Ливид дарангуйллыг унагаасан "Арабын хавар" хувьсгалын төгсгөлд Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг унагаахын төлөө Засгийн газрын эсрэг тэмцэл эхэлсэн юм. Жагсагчид 2011 оны гуравдугаар сарын 15-нд гудамжинд гарч жагссанаар бүтэн 10 жил үргэлжлэх цус асгаруулсан дайныг өдөөх юм чинээ хэн ч санаагүй биз. Өнгөрсөн хугацаанд Сирийн дайнд 384 мянган хүн амь үрэгдсэний 116 мянга гаруй нь энгийн иргэн байсныг Хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ. Дайн эхлэхээс өмнө сиричүүд ирээдүйдээ итгэлтэйгээр амьдарч байлаа. Хөршүүдтэй нь харьцуулахад газрын тосны томоохон олборлогч биш ч 10 жилийн өмнө газрын тосны үнэ дунджаар 110 ам.доллар байсны ачаар Сирийн эдийн засаг эрчимтэй өсч, иргэдийн амьжиргааны түвшин ч дээшилж байв. Сирийг баян тансаг орон гэж хэлэхээргүй боловч дайнаас өмнө ард иргэд нь амь амьжиргаагаа түүртэлгүй залгуулаад байдаг байсан. Харин одоо хаа сайгүй бөмбөгдөлтөд өртөж нурсан барилга байшингууд, шаналал зовлонд цөхөрсөн ард иргэдийн дүр төрх нүдэнд тусна. Дайны улмаас Сирийн 21 сая хүний тал хувь буюу 11 сая гаруй нь орон гэргүй болж дүрвэжээ.

Дайн эхлэхээс өмнө Сирийн ДНБ 70 гаруй тэрбум ам.доллар байсан бол одоо 24.7 тэрбум болтлоо буурчээ. Дайны өмнө Сири улс өдөрт 400 мянган баррель газрын тос олборлон, 40 гаруй сая ам.долларын орлого олж байв. Энэ нь жилдээ 10 гаруй тэрбум ам.доллар гэсэн үг. Гэтэл одоо Сирийн эдийн засаг, дэд бүтэц бүхэлдээ сүйрчээ. НҮБ-аас мэдээлснээр Сирид 2011 оноос хойш 400 тэрбум ам.долларын өртөг бүхий барилга, байгууламж сүйдсэн байна. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууламжийг тал нь, таван сургууль тутмын хоёр нь ашиглах боломжгүй болж, сүйрснийг НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгджээ. Үйлдвэрийн барилга байгууламжуудын 90 хувь, орон сууцны барилгуудын тал хувь нь эвдрэн сүйрчээ. Сири орны баялаг түүх манай эриний өмнөх 4000 жилийн өмнөөс эхтэй. Нийслэл Дамаск хот гэхэд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний хотуудын нэг бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн туурь, барилгууд олон байв. Гэсэн ч олонх нь дайны үеэр сүйдсэн.

Дайны хажуугаар “Исламын улс” зэвсэгт бүлэглэл Сири, Иракийн суларсан байдлыг нь далимдуулан 2014 онд газар нутгийн нэлээд хэсэгт хяналтаа тогтоон, иргэдийн эсрэг харгислал явуулсан. “Исламын улс” бүлэглэл гадаадын иргэдийг барьцаалан мөнгө нэхэж, хохирогчдыг олны өмнө цаазлах, охид бүсгүйчүүдийг хулгайлан боолчлох зэрэг хэрээс хэтэрсэн үйлдлийг өдөөж байв. Тус бүлэглэлийн эсрэг АНУ, ОХУ тэргүүтэй их гүрнүүд цохилт өгч тэмцсэнээр 2019 оны нэгдүгээр сард Исламын улс бүлэглэлийг ялсныг Дональд Трамп мэдэгдсэн юм. АНУ нь Сирийн Засгийн газрын эсрэг тэмцэгч босогчдын бүлгүүдийг дэмжин дайнд хөндлөнгөөс оролцож байгаад өнгөрсөн оны сүүлээр 2000 цэргээ эргүүлэн татах шийдвэр гаргасан. Гэсэн ч АНУ-ын 200 орчим тооны цэргүүд Сирийн зүүн хойд хэсгийн курдууд байрладаг бүсэд байршсан хэвээр байна. Израйль улсаас Хезболлах бүлэглэл болон Ираны цэргийн байршлуудад цохилт өгөх нэрийдлээр Сирид тогтмол агаарын цохилт өгдөг.

Өдгөө ОХУ, Иран, Ливаны Хезболлах бүлэглэлийн дэмжлэгтэй Башар аль-Ассадын Засгийн газар газар нутгийнхаа 70 хувьд хяналтаа эргэн тогтоогоод байна. Гэтэл хөрш Турк улсаас Сирийн зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжин, хил залгаа Идлиб мужид цэргээ оруулжээ. Оросын агаарын хүчнээр дэмжүүлсэн Сирийн Засгийн газар Идлиб дэх Туркийн армид цохилт өгсний улмаас тус улсын 34 цэргийн алба хаагч амь үрэгдсэн юм. Үүний улмаас хоёр орны хооронд зөрчил үүссэн билээ. Харин Сирид гал зогсоох хэлэлцээр энэ гуравдугаар сарын эхээр хэрэгжиж эхэлснээр Турк, ОХУ-ын цэргүүд хамтарсан эргүүлийг Идлиб мужид хийж эхэлсэн аж. Хоёр орны хамтарсан цэргийн эргүүл нь бэлгэдлийн чанартай гэж ажиглагчид үзэж байна. Тус мужид өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш зэвсэгт мөргөлдөөн, халдлагын улмаас 500 орчим хүн амь үрэгдэж, сая шахам хүн орон гэрээ орхин дүрвэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж