Улаанбаатар “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрт хамрагдсанаар хавдрын эрт илрүүлэлт нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2020.03.15-нд нийтлэгдсэн

Улаанбаатар “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрт хамрагдсанаар хавдрын эрт илрүүлэлт нэмэгдэнэ

Улаанбаатар “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрт хамрагдсанаар хавдрын эрт илрүүлэлт нэмэгдэнэ

ДЭМБ-ын харьяа “Олон улсын хорт хавдрын хяналтын төв” байгууллагаас хэрэгжүүлдэг “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрт Улаанбаатар хот хамрагдах мөч ойртоод байна. Хотын Захирагч С.Амарсайхан НИТХ-ын дарга байхдаа буюу 2018 оны 11 дүгээр сард ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэнтэй хамтран Улаанбаатар хотыг энэхүү хөтөлбөрт хамруулах хүсэлт хүргүүлж байсан бөгөөд өнгөрсөн 2 жилийн хугацаанд эхний 2 шатны шалгуурыг давж, өдгөө сүүлийн шатны даваа үлджээ.

Хотуудын хорт хавдартай тэмцэх ажилд техникийн туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх 18 дахь хотоор Улаанбаатар шалгарвал нийслэлд хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээг шинэ шатанд гаргах боломж бүрдэх юм.

Өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан, Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх, Монгол Улсын гавьяат эмч Ж.Чинбүрэн нар Францын Леон хотод төвтэй тус байгууллагын эмч мэргэжилтнүүдтэй цахимаар хуралдан, 3 дахь шатны шалгаруулалтын талаар ярилцаж, Улаанбаатар хот уг хөтөлбөрт хамрагдах чин хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. “Олон улсын хорт хавдрын хяналтын төв”-ийн Удирдах зөвлөл ирэх долоо хоногт хуралдаж, Улаанбаатар хотыг “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрт хамруулах эсэхийг шийднэ.

Манай улсад жилд 6000 хүн, өдөрт 16 хүн элэгний хорт хавдраар өвчилдөг бөгөөд ихэвчлэн эцсийн шатандаа орж, хүндэрсний дараа оношлогддог тул жилд 3500-4000 хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Тэр тусмаа улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотод хорт хавдрын эрт илрүүлгийн үзүүлэлт улсын дундаас доогуур буюу 30 хүрэхгүй хувьтай байгаа нь нийслэл болоод төр, засгаас анхаарахгүй байхын аргагүй тоо баримт гэдгийг Ж.Чинбүрэн эмч хэлж байлаа. “Өдгөө дэлхийн 17 хотод хэрэгжиж буй “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрийн сайн туршлага, үр дүнг Улаанбаатар хотод нэвтрүүлж, хорт хавдрын эрт илрүүлгийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх, оношилгоо, эмчилгээний арга зүй, стратеги боловсруулах зэрэг техникийн туслалцаа дэмжлэг авах боломжийг бүрдүүлэхийн төлөө миний бие анхнаас нь санаачилгатай ажилласан. Цаашид ч Хүн төвтэй хот бодлогын хүрээнд нийслэлийнхээ иргэд, оршин суугчдыг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд сайн дураараа хамрагдах боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээж ажиллана. Иргэд заавал гуравдугаар шатлалын эмнэлэгт дугаарлаж байж үзүүлдэг биш, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эмнэлэгтээ хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ, оношилгоог өгдөг байх боломжийг бүрдүүлнэ” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр онцоллоо.

Тэднийг ийнхүү ярилцаж байх зуур Гавьяат жүжигчин М.Баярмагнай Ж.Чинбүрэн эмчтэй уулзахаар утсаар ярьж, зөвшөөрөл авч Хотын даргын өрөөнд орж ирсэн юм. Учир нь Ж.Чинбүрэн эмч коронавирусийн түргэн оношлуурын талаар өөрийн цахим хуудсаар мэдээлсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байсан тул М.Баярмагнай гавьяат коронавирусийн шинжилгээ өгөхөөр ирсэн гэдгээ хэлж, хотын Захирагчийн хамт түргэн оношлуурын шинжилгээ өглөө.

Тус оношлуурын хувьд өндөгний цусаар үзэж, хариу нь хоёр зураастай гарвал эерэг, 1 гарвал сөрөг, 0 байвал тест ажиллахгүй байна гэж үздэг гэдгийг Ж.Чинбүрэн эмч хэллээ. Мөн тэрбээр “Вирусийн далд үед илрэхгүй бөгөөд халуунтай байгаа бол энэхүү оношлуураар үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Түүнчлэн иргэд олон нийт халуунтай байгаа бол халууны эм ууж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байх нь чухал” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, МУГЖ М.Баярмагнай нараас авсан коронавирусийн түргэн оношлуурын шинжилгээний хариу 5 минутын дотор гарч, хариу нь сөрөг гарсан юм.
Жүжигчин М.Баярмагнай нийслэлийн иргэд, оршин суугчдыг гадуур явахдаа тогтмол амны хаалтаа зүүх, нус цэрээ ил задгай хаяхгүй байж хотын соёлыг эрхэмлэх тухай хотын Захирагчийн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлээд, “Гэрээс гарахдаа маскаа зүүж, гэртээ байхдаа “МАСК”-аа үзээд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг уриаллаа. "MACК" продакшны зүгээс өөрсдийн уран бүтээлээр дамжуулан олон нийтийг уриалж байгаа аж.

Хотын Захирагч С.Амарсайхан “Франц иргэнтэй харьцагчтай ойр байсан гэх иргэдээс COVID-19 халдвар илрээгүй гээд нийслэлийн иргэд тайширч, санаа амарч болохгүй. Амны хаалтаа зүүж, гараа байнга угааж, гэр орон, албан байгууллагадаа ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хугацаанд хийх нь чухал. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан бид бүгд хаана хаанаа анхаарал болгоомжоо сулруулах учиргүй” хэмээн нийслэлийн иргэдэд санууллаа.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж