Шүүхийн байгууллага өнөөдрөөс хэвийн ажиллаж байна. Тодруулбал, “Covid-19”-ийн халдвар Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүх хуралдааныг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийг хүртэл зарлахгүй байх, товлогдсон хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдааныг хойшлуулсан бол хэргийн оролцогчид мэдэгдэх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөсөн. Тиймээс энэ долоо хоногт шүүхээр дэнслэгдэх дуулиант хэргүүдийг тоймлон хүргэе.
О.БОРГИЛД ТАВАН ЖИЛ, ГУРВАН САР ХОРИХ ЯЛ ОНООЛОО
НЭМЭЛТ:
Шүүхээс дөнгөж сая О.Боргилд ял оноолоо. Тодруулбал, О.Боргилд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болон таван жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар О.Боргилд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, гурван сарын хугацаагаар хорих ял болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг таван жил гурван сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
О.БОРГИЛЫГ ӨНӨӨДӨР ШҮҮЖ БАЙНА
“Мандала” хотхоны 13 давхрын цонхноос 22 настай Ц унаж, амь насаа алдсан хэрэг өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард гарсан. Энэ хэрэгт түүний хамтран амьдрагч О.Боргилыг холбогдуулан шалгаж байгаа юм. Уг хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.03.16/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэлжээ.
О.Боргилд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, байнга зодсон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгосон байна. Харин түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэжээ.
Б.БАТЗОРИГИЙН ХЭРГИЙГ ЕРДИЙН ЖУРМААР ШИЙДВЭРЛЭНЭ
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хэргийг шүүхээс ердийн журмаар шийдвэрлэхээр болжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авчээ.
Улмаар шүүхээс хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн шүүх хуралдааныг 2020 оны гуравдугаар сарын 17-ны 10.00 цагт товлосон байна. Мөн Б.Батзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэжээ.
Л.БЯМБАА ШҮҮГЧИЙН ХЭРГЭЭР ШШГЕГ-ЫН АЖИЛТНУУДЫГ МАРГААШ ШҮҮНЭ
ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулагдаж байсан шүүгч эмэгтэй өөрийгөө хорлож, амь насаа алдсан хэрэг өнгөрөгч 2019 оны хоёрдугаар сард гарсан. Түүний амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Сүхболд нарын дөрвөн хүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хуралдаан 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.
Ш.МӨНГӨНШАГАЙ НАРЫН ШҮҮХ ХУРАЛ БОЛНО
Салхитын мөнгөний орд хэрэгт нэр холбогдсон Ш.Мөнгөншагай нарыг энэ долоо хоногт шүүхээр болжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Ш.Мөнгөншагай нарын нэр бүхий 15 хүнийг хээл хахууль авах, өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2020 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 09.00 цагт товлогджээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ