Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн Валенсиа багийн тамирчин болон арын албаны нийт таван хүний шинэ коронавирусийн шинжилгээ эерэг гарч, халдвар авсан нь тогтоогджээ. Үүний дотор тус багийн Аргентин хамгаалагч Эсекьель Гарай багтжээ. Ингэснээр тэрбээр шинэ коронавирусийн халдвар авсан анхны Ла лигийн тоглогч болж байна.
Эсекьель Гарайн хувьд өвдөгний бэртлийн улмаас үлдсэн улирлыг өнжихөөр болоод байсан юм. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа " Би 2020 оныг буруу хөл дээрээ босоод эхлүүлсэн юм шиг байна. Миний шинжилгээний хариу эерэг гарсан. Гэхдээ би зүгээр байна. Эрүүл мэндийн ажилчдын зөвлөгөөг дагаж, гэртээ өөрийгөө тусгаарлаж байгаа" хэмээжээ. Харин Валенсиа багийн зүгээс мэдэгдэхдээ "Шинэ коронавирусийн халдвар авсан манай багийн хүмүүс бүгд гэртээ өөрсдийгөө тусгаарлаж, эрүүл мэнддээ анхаарч байгаа" хэмээжээ.