ТЦА: Зам хаасан үед зам тээврийн ноцтой осол бүртгэгдээгүй

Хуучирсан мэдээ: 2020.03.16-нд нийтлэгдсэн

ТЦА: Зам хаасан үед зам тээврийн ноцтой осол бүртгэгдээгүй

Улс, хотын хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр /2020.03.16/ өглөөний 07.00 цагаас нээлээ. Үүнтэй холбоотойгоор шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “Зорчигчийн асуумжийн хуудас”-аар судалгаа авч байгаа бөгөөд тухайн хэсгүүдэд хөдөлгөөний ачаалал, хүлээгдэл бий болох тул иргэд жолооч нар эмх цэгцтэй ажил үүргээ гүйцэтгэж буй хүмүүсийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг зөвлөж байна. Дээрх асуудлаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттаас тодрууллаа.


-Улс, хотын хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр нээж байна. Үүнтэй холбоотойгоор иргэд юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ. Хулгайн замаар зорчсон зөрчил бүртгэгдэв үү?

-Зам хааснаас хойш хулгайн замаар хөдөлгөөнд оролцсон цөөн зөрчил илэрсэн. Иймээс зөрчлийн тухай хуулийн 5.13-т заасны дагуу тэдгээр жолоочид 150 нэгжээр торгох арга хэмжээ авсан. Цагдаагийн байгууллага нийслэлээс гарч буй есөн цэг дээр хяналт тавихаас гадна бусад тээврийн хэрэгсэл явах боломжтой шороон замуудад давхар хяналт тавин ажиллаж байна. Мөн жолооч нарын хөдөлгөөнд оролцох байдлыг камераар хянаж байна. Тэгэхээр ямарваа нэгэн байдлаар бусдад аюул саад учруулахгүй замын хөдөлгөөнд оролцох нь чухал.

-Цагдаагийн байгууллагаас ямар зохион байгууллалалтаар ажиллаж байна вэ. Нийт хэчнээн алба хаагч товчоонд ажиллаж байгаа вэ?

-Цагдаагийн байгууллагаас 30-50 км тутамд байнгын хяналт тавьж байгаа. Үүнээс гадна хөдөлгөөнт байдлаар ажиллана. Холын аймгаас гарсан автомашинууд шөнө ирдэг. Тиймээс хэт их ядарч нойрмоглохгүй байх, шөнө оройн цагаар явахдаа гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх шаардлагатай. Жолоочоос гадна зорчигчид тухайн жолоочид гар утас ашиглаж байна уу, хурд хэтрүүлж байна уу гэдэгт хяналт тавих хэрэгтэй.

Товчоогоор нэвтрэхэд тухайн хүний хувийн мэдээлэл, хаанаас явж байгаа, хэр удсан гэх асуумжийг бөглүүлнэ. Цагдаагийн байгууллагаас тухайн иргэний тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, эрүүл мэндийн байгууллага үзлэгт хамруулах зэргээр тодорхой хугацааг шаардаж байгаа. Энэ үед иргэд хүлээцтэй хандах хэрэгтэй. Жишээ нь Сонгинохайрхан дүүрэгт дэх Шинэ эмээлт товчоон дээр найман гарц бий. Уг гарцыг хөдөлгөөний ачааллаас шалтгаалан дөрвөөс зургаан эгнээ гарцыг нээх, нийслэлээс аймаг руу чиглэсэн хөдөлгөөн их байх тохиолдолд зохицуулалтыг цаг тухайд нь авч ажиллана.

-Зам хаасан үед ноцтой осол хэрэг бүртгэгдсэн үү?

-Зам хаасан хугацаанд ноцтой зам тээврийн хэрэгслийн осол бүртгэгдээгүй. Өмнөх зам хаасан нөхцөлд зам тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байсан.

-Орон нутгаас орж ирж буй жолооч нар хурд хэтрүүлэх зөрчил нэлээд гаргадаг байх. Зам нээх үед хурд хэтрүүлбэл жолооч нарт газар дээр хариуцлага тооцох уу?

-Тухайн жолооч нийслэл хотоос баруун тийшээ гарлаа гэхэд дараагийн постод давхар бүртгэлжүүлээд явна. Постууд хоорондоо байнгын холбоотой байгаа учраас иргэдийн мэдээллийг цаг тутамд бүртгэлжүүлэн ажиллаж байна. Мөн өмнөх удаад хүүхдийг буруу тээвэрлэсэн зөрчил их гарч байсан. Тэгэхээр зөрчлийг газар дээр нь арилгаад явна.

Орон нутгийн замд тавьсан хурд хэмжигчээр хурдыг хэмжинэ. Хурд хэтрүүлсэн тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасны дагуу 50-иас дээш хувиар хэтрүүлэх юм бол эрхийг хасах арга хэмжээг газар дээр нь шуурхай авч хэрэгжүүлж ажиллаж байна. Тэгэхээр жолооч нар 1-2 минут хүлээхийн хооронд хурд хэтрүүлэх, бусдад эрсдэл учруулах зэргийг анхаарч хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Иргэдэд анхааруулж хэлэхэд хотоос гарч байгаа болон орж ирж буй замуудад маш олон хурдны камер ажиллаж байгаа.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж