“Аримун” продакшны анхны бүтээл “Халуун зүрх” уран сайхны кино Индонез улсын Жакарта хотноо зохион байгуулсан “International’s screen awards” олон улсын кино наадмаас шилдэг шагналыг хүртжээ.
Энэ талаар Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэгээс тодруулахад “Индонез улсад зохион байгуулагддаг “International’s screen awards” олон улсын кино наадамд өнгөрөгч аравдугаар сард уран бүтээлээ явуулсан. Тэгээд нэгдүгээр сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд шилдэг бүтээлүүдээ шалгаруулсан. Бидний хувьд шинэ коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор ёслолын ажиллагаанд очиж, оролцож чадаагүй. Харин өнөөдөр /2020.03.15/ шагналаа гардан аваад байна. Дараа нь бидэнд албан ёсоор цомыг нь илгээнэ гэсэн. Халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх хөл хорио тавигдсаны дараагаар шинэ уран бүтээлийнхээ зураг авалтад гарна. Дараагийн дэлгэцийн бүтээлийн зохиол бэлэн болсон байгаа” гэдгийг дуулгасан юм.
“Хувьсал” продакшнаас “өрх тусгаарласан” жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын хамтран байгуулсан “Аримун” продакшны дэлгэцийн анхны бүтээл өнгөрөгч 2019 онд кинотеатруудад нээлтээ хийсэн билээ. Мөн тэд “Улаанбаатар” бүтээлээрээ олон улсын кино наадмын 11 дэх удаагийн “Шилдэг продюсер” номинацийн эзэд болсон.
Жүжигчин А.Ганчимэгийн зохиол ”Халуун зүрх” киноны зураг авалтыг жилийн дөрвөн улиралын турш хийж, нийт 200 гаруй уран бүтээлчдийн халуун зүрх, дулаан сэтгэл, чин итгэлийн хүчээр бүтжээ. Хагас жил гаруй зураг авалт үргэлжилсэн “Халуун зүрх” уран сайхны кинонд нүүр хувиргалтын тусгай маск ашигласанаараа онцлог.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ