NEWS агентлаг Монголын түүхэнд энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна
1921.03.18 Ардын журамт цэрэг Зөвлөлтийн улаан армийн ангитай хамтаар Хиагтыг гамингаас чөлөөлөв.
1921.03.18 Ардын журамт цэрэг Зөвлөлтийн улаан армийн ангитай хамтаар Хиагтыг гамингаас чөлөөлөв. Журамт цэрэг дөрвөн хороотой бөгөөд хороо бүр 100 цэргийн зохион байгуулалттай байв. Цэргийн жанжнаар Д.Сүхбаатар, хороодын даргаар Б.Пунцаг, Ц.Хасбаатар, Ч.Базарсад, О.Цэрэндорж нарыг томилжээ.
1921.03.19 Ардын журамт цэргийн сурган боловсруулах газар байгуулагдав.
1924.03.21 Монголын баруун хязгаар дахь Дөрвөдийн хоёр аймгийг татан буулгаж, Ховдын сайдын газарт захируулав. Дараахан нь энэ хоёр аймгийн нутгийн захиргааны дүрмийг баталсан билээ.
1934.03.20 Сайд нарын зөвлөлийн дэргэдэх цэргийн зөвлөлийг татан буулгав.
1936.03.22 Улсын XX бага хурлаар Д.Догсомыг УБХ-ын даргаар, А.Амарыг Ерөнхий сайдаар тус тус томилжээ.
1958.03.17 МАХН-ын 13 дугаар их хурал нээгдэв. 617 төлөөлөгч, 13 орны засгийн газрын төлөөлөгчид оролцсон тус их хурлаар БНМАУ-ын УААА, соёлыг 1958-1960 онд хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөөний удирдамжийг баталж, нэгдэлжүүлэх, атар газар эзэмших зорилт тавьсан.
1963.03.18 БНХАУ-ын Засгийн газрын гадаад худалдааны төлөөлөгчид болон БНМАУ-ын Засгийн газрын гадаад худалдааны төлөөлөгчид хоёр улсын Засгийн газрын 1963 оны харилцан бараа нийлүүлэх тухай протоколд гарын үсэг зурав. Протоколд Хятадаас Монголд торго дурдан, машины сэлбэг хэрэгсэл, химийн түүхий эд болон өргөн хэрэглээний бараа зэргийг, Монголоос Хятадад адуу, шар тос, өлөн гэдэг болон төрөл бүрийн арьс зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэхээр тогтов. БНХАУ-ын Засгийн газрын гадаад худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, ГЯЯ-ны дэд сайд Бай Сянин, БНМАУ-ын Засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн дарга, Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн ГЯЯ-ны сайд н.Гомбожав нар тус тусын улсыг төлөөлөн гарын үсэг зурав.
1964.03.16 БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалд цахилгаан илгээж, БНМАУ-д тохиолдсон зудын хүнд гамшгийн улмаас мал сүйдэж, эд материалын хүнд гарз хохирол учирсан явдалд гүн эмгэнэл илэрхийлэв. БНХАУ-ын Засгийн газраас БНМАУ-д байгалийн гамшиг учирсанд зориулан 200 мянган юаны эд материал болон 10 мянган тонн эрдэнэ шишийн тэжээл нийлүүлэв.
1970.03.17 МАХН-ын Төв хорооны тогтоолоор хувьсгалчдын нууц хоёр бүлгэм нэгдэн зургадугаар сарын 25-ны өдрийг Монголын хувьсгалчдын өдөр болгохоор тогтоол гаргав.
1981.03.22 Монгол хүн сансарт нисэв. Зөвлөлтийн сансрын нисгэгч В.А.Жанибеков, Монголын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нар "Союз-39" хөлгөөр сансарт хамтарсан нислэг хийв.
1990.03.15-22 Хятад Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын Хятадын талын дарга, хөнгөн үйлдвэрийн хэлтсийн дарга Цэн Шэнлин Хятадын Засгийн газрын төлөөлөгчдийн хамтаар БНМАУ-д айлчлал хийж, хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдаанд оролцон, хоёр талын хурлын товч тэмдэглэлд гарын үсэг зурав. Хурал дээр Монгол Улстай хамтран төмрийн уурхай нээх, Хятадын талаас хариуцан нүүрсний уурхай, шаазангийн үйлдвэр барих, шүдний оо, гахайн арьсан хувцасны болон арьс боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг зургаан чиглэлийн хамтарсан төслийн талаар тохиролцоонд хүрэв.
2000.03.16 Үндсэн хуулийн Цэцийн хурлаар үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлт нь хууль зөрчсөн болохыг тогтоосон дүгнэлт гаргав
2003.03.17 Монгол Улсын Үйлдвэр худалдааны яамны улс төр, хамтын ажиллагааны хэлтсийн ажилтан Галсандорж Улаанбаатар хотноо сурвалжлагчдыг хүлээн авч уулзах үеэрээ: Монгол Улс нь Эдийн засгийн онцгой бүс нутгийг байгуулах Хятад улсын туршлагыг судлан чөлөөт бүс байгуулах ажлыг хурдацтай хэрэгжүүлж байна гэв.
2010.03.16 УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв.
2010.03.18 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах тухай зөвлөмж, тэмдэглэл гаргаж байв.
2011.03.17 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдийг хүн худалдаалах гэмт хэрэгт өртөхөөс хамгаалах тухай зөвлөмж гаргаж байв.
2013.03.16 Засгийн газрын хуралдаанаас Н.Тэгшбаярыг Цөмийн энергийн газрын даргаар, Ц.Жадамбааг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар, И.Нарантуяаг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар, А.Хүрэлшагайг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргаар, С.Буяндалайг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар, Г.Өлзийбүрэнг Газрын тосны газрын даргаар тус тус томилов.
2013.03.18 Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Загдсүрэнгийн Болдбаатарт Хошууч генерал, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Баянмөнхийн Билэгт, Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, хурандаа Шархүүгийн Лхачинжав нарт Бригадын генерал цолыг тус тус хүртээлээ.
2014.03.17 Нийслэлийн Засаг даргын А/166 дугаар захирамжаар Нийслэлийн мал хамгаалах санг байгууллаа.
Мөн энэ өдөр Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн ес дэх өдөр Их аварга Хакухо М.Даваажаргал 1000 дахь барилдаанаа хийж, өрсөлдөгч Тотиозаныг яллаа.
Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлигийг хүлээн авах болон “Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлтийн ёслолын ажиллагаа болов
Холбоотой мэдээ