Олон улсын ачаа тээвэрлэлтэд төмөр замын тээвэр томоохон байр суурь эзэлдэг. Төмөр замын тээвэр нь хуурай замын тээврийн төрөл хэлбэрүүдийн дотроос их хэмжээний ачааг харьцангуй богино хугацаанд, бага зардлаар тээвэрлэх боломжийг олгодгоороо давуу талтай юм. Аливаа улс орны хөгжилд бараа бүтээгдэхүүний тасралтгүй хөдөлгөөн амин чухал үүрэгтэй. Тээвэргүйгээр бүтээгдэхүүн, үйлчилгээний солилцоо явагдахгүй тул улс орны эдийн засгийн хөгжил дэвшилд төмөр замын тээвэрлэлт онцгой чухал үүрэгтэй. Өнөөгийн байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт ачаа эргэлтийн 90 гаруй орчим хувь төмөр замаар тээвэрлэгдэж байна.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг Монгол Улсын төмөр замын хөгжлийг тодорхойлсоор ирсэн. Монгол Улсын төмөр замын салбарын түүх хэдий зузаан боловч төмөр замын хөгжлийг тодорхойлогч “УБТЗ” ХНН-ийг ашигтай ажиллах боломжийг нь төр, засгийн зүгээс бүрдүүлж өгч байна уу гэдэг асуулт сүүлийн үед тавигдаж буй. Учир нь УБТЗ жил бүр 40-50 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг. Энэ алдагдал нь нэг талаас зардлын өсөлт нөгөө талаас тарифын хатуу хязгаарлалтаас үүдэлтэй юм. Тухайлбал,
1. Орон нутгийн нүүрс тээврээс жилд 10 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг. Монгол Улсын цахилгаан, дулааны нүүрсийг УБТЗ тээвэрлэдэг бөгөөд жилд 7 сая тонн орчим нүүрсийг эрчим хүч үйлдвэрлэгч дулааны цахилгаан станцуудад хүргэдэг юм. Орон нутгийн нүүрс тээврээс 2018 онд 10.7 тэрбум, 2019 онд 12.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Нэг тонн нүүрсийг нэг километрт 38.6 төгрөгөөр тээвэрлэдэг ч 30.5 төгрөгийн орлого олж байна. Үндсэндээ нэг тонн нүүрс тээвэрлэхэд 8,1 төгрөгийн алдагдал хүлээж байна гэсэн үг. Багануураас Улаанбаатар хүртэлх нэг тонн нүүрсний тээврийн зардал 7760 төгрөг боловч УБТЗ 6130 төгрөгөөр тээвэрлэж байна. Тодруулбал, тонн тутамд 1630 төгрөгийн алдагдал хүлээж байна. Энэ нь хоногтоо 38 сая, жилдээ 10-12 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна гэсэн үг.
2. Нефть, нефтийн бүтээгдэхүүний тээврээс 2018 онд 1.7 тэрбум, 2019 онд 5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Харамсалтай нь нефть, нефтийн бүтээгдэхүүний хөнгөлөлт эцсийн хэрэглэгчид буюу иргэдэд хүрдэггүй, нефть импортлогч нарт ашиг болж очдог.
3. Хүнсний бүтээгдэхүүний тээврээс 2018 онд 4.4 тэрбум, 2019 онд 7.3 тэрбум төгрөгийн тус тус алдагдал хүлээжээ.
4. УБТЗ зорчигч тээврийн үнийг мөн тогтвортой хадгалж ирсэн байна. Улмаар зорчигч тээврийн үйлчилгээнээс жилд 25-30 тэрбум төгрөгийн алдагдлыг хүлээдэг юм. Иргэдийн худалдан авах чадварыг харгалзан үзэж нийгмийн хариуцлагын хүрээнд олон улсын зорчигчийн галт тэрэгийн тарифыг зарим чиглэлд 40 орчим хувиар хямдруулан борлуулдаг.
Ийн алдагдалтай ажиллаж буй “УБТЗ” ХНН тээврийн тарифын алдагдлаа бууруулах зорилгоор ШӨХТГ-т хандан, 2018 оны гуравдугаар сар болон долдугаар сараас 3-30 хувиар нэмэгдүүлэх зөвшөөрөл авсан хэдий ч улс орны эдийн засгийн хүндрэлтэй байдал, нийгмийн хариуцлагын хүрээнд зорчигч тээвэрлэлт болон эрчим хүчний нүүрс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний тарифын үнийг нэмэлгүйгээр өнөөдрийг хүрчээ.
Энэ бүх алдагдал нь УБТЗ-ын санхүүгийн чадавхийг бэхжүүлэхэд саад болж, техникийн шинэчлэл хийх боломжийг нь хязгаарлаж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад сөргөөр нөлөөлж байгаа юм.
Гэсэн хэдий ч УБТЗ-ын хамт олон 2019 онд дотоод нөөц бололцоогоо шавхаж 28.1 сая тонн ачаа тээвэрлэжээ. Ийнхүү хүчин чадлаасаа давсан их ачаа тээвэрлэсэн хэдий ч нийт экспортын захиалгын 70 хувийг л биелүүлсэн гэсэн үг. Ингэснээр 77.5 тэрбум төгрөгийн боломжит орлогоо алдаж байгаа юм.
“УБТЗ” нийгэмлэгийн Тээвэр зохицуулалтын албаны дарга Ц.Лувсан: “Нүүрс тээвэрт нийт вагоны 40 хувь нь ажиллаж байгаа. Үлдсэнийг нийгмийн хэрэгцээний төмөр, мод зэргийг тээвэрлэхэд ашиглаж байна. Үүний цаана 100 орчим вагон үлдэж байгаа бөгөөд үүгээр экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний 80 орчим хувийг л тээвэрлэж байна. Гэвч бид нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, алдагдалтай ч гэсэн эрчим хүчний салбарын тээврээ хийж байна” гэж ярьжээ.
БУСАД УЛС ОРОН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН БОЛОН ЗОРЧИГЧИЙН АЛДАГДЛАА ИНГЭЖ НӨХДӨГ
Дэлхийн ихэнх улс орнууд нүүрсний уурхай эсвэл, эрчим хүчний аж ахуй нь нүүрсний тээврээ өөрсдийн вагоноор зөөдөг. Энэ нь талуудад аль алинд нь ашигтай бөгөөд УБТЗ нийгэмлэг уг саналыг 2011 оноос хойш үе үеийн Засгийн газарт тавьж ирсэн боловч өнөө хэр шийдэгдээгүй.
Бусад орнуудад зорчигч тээврийн алдагдлыг нөхөхийн тулд улсаас нь татаас өгч, алдагдлыг нь нөхдөг байна. Өөрөөр хэлбэл төрөөс нь дэмжиж, төмөр замын салбараа ашигтай ажиллуулах бодлого, чиглэлийн баримталдаг. Жишээ нь, манай улсад нийтийн тээвэр, автобус компаниудад тодорхой хэмжээний татаасыг улсаас өгч, түүнийх нь хүчинд ард түмэн хямд үнээр зорчдог гэсэн үг.
УБТЗ нийгэмлэгийн зорчигчийн өнөөгийн тарифыг тооцоод үзэхэд маш хямд байгаа. Улаанбаатараас Замын-Үүд ороход том хүний зардал ердөө 19 мянга 500 төгрөг, хүүхэд 9400 төгрөгийн зардалтай байна. Энэ мөнгөөрөө Улаанбаатар хотын нэг захаас нөгөө зах хүрэхэд ч хүрэлцэхгүй шүү дээ. Ингээд тооцоод үзвэл зорчигчийн тариф хямд байгаа нь тодорхой.
Нийгэмд УБТЗ-ыг асар их орлоготой ажилладаг мэт ойлголт бий. Тэгвэл бодит нөхцөлд хэр хэмжээний алдагдалтай ажилладгийг энэхүү нийтлэлээрээ хөндөхийг зорилоо.
Холбоотой мэдээ