COVID-19-ийг давах эдийн засгийн төлөвлөгөө байна уу?

Хуучирсан мэдээ: 2020.03.16-нд нийтлэгдсэн

COVID-19-ийг давах эдийн засгийн төлөвлөгөө байна уу?

COVID-19-ийг давах эдийн засгийн төлөвлөгөө байна уу?

Дэлхий нийт нэг зорилготой болжээ. Коронавирусээр үүсгэгдэж байгаа COVID-19 гэж нэрлэсэн өвчний өмнө хүчин мөхөстөж байна. Шинжлэх ухаан, техник технологийн үсрэнгүй хөгжилд ирсэн XXI зуунд хийж чадахгүй зүйлгүй, давахгүй гэсэн даваагүй мэт санагдаж байсан хүмүүн ийнхүү нүдэнд үл үзэгдэх бичил биетэнд дарлуулж байгаа нь хоржоонтой. Аюул тулгарсаныг ойлгосон энэ үед хүмүүсийн амиа аврах, ичээндээ нуугдах, илүү хүчтэнээсээ аврал эрэх байгалийн зөн нь илүүтэй ажиглагдаж байх шиг. Гурван сая гаруйхан монголчууд хэдэн мянгаараа хилийн дээс алхан, гадаад улс оронд ажиллаж, амьдарч, суралцаж байсныг бид энэ үеэр мэдлээ. Эргээд ирэх эх оронтой байна гэдэг хэчнээн сайхныг хилийн гадна байгаа монголчууд маань ч мэдэрлээ.

Тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн 200 орчим улсын гуравны хоёрт нь аль хэдийнэ коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Тиймээс ч ДЭМБ цар тахал гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Анх голомтлон тархсан БНХАУ-ын хөл хорио тавигдсан хотууд хоёр сарын дараагаас одоо л нэг хэвийн амьдралдаа орж эхэлж байгаа нь итгэл найдвар төрүүлж байна. Мөн Өмнөд Солонгос улсад шинэ халдварын статистик буурч эхэллээ. Ямар ч гэсэн өнгөрсөн зуунуудад тохиолдож байсан шиг халдварт өвчнөөр хэдэн саяараа хиарахгүй гэдгийг бид мэдэж байна.

Халдварын голомт Азиас Европ болон Америк зэрэг бусад тив рүү шилжлээ. Гэвч энэ нь Ази тив аюулаа давсан гэсэн үг бас биш. Зургаа, долдугаар сараас халдварын тархалт дэлхий нийтээр намжих магадлалтайг зарим эрдэмтэд хэлж байгаа ч урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдээ улс болгон зөөлрүүлэхээс биш бүрмөсөн цуцалж болохгүйг сануулж байна.

Халдвар бүртгэгдсэн улс орон бүр тархалтаас хамааран хариу арга хэмжээ авч байна. Боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, халдвар өндөр тархсан улс орнуудтай агаараар, газраар зорчих хөдөлгөөнийг хааж, иргэдээ гадуур гарахгүй байхыг сануулж, гарын ариун цэврээ дээд зэргээр сахихыг уриалж байна.

Нэг зүйл ойлгомжтой байгаа нь халдвараас сэргийлэн авч байгаа арга хэмжээ болгон сөрөг үр дагавартай, ялангуяа эдийн засгийн хохиролтой. Эдийн засгийн нийт хохирлыг тооцож гаргах хараахан болоогүй ч сүүлийн 20-30 жилд тохиолдсон санхүүгийн хямралын үеийн хохирлоос давж гарах нь ойлгомжтой болжээ. Зайлшгүй хөл хорионы дэглэмийн зохицуулалтаас үүдсэн эдийн засгийн хохирлоо нөхөхийн тулд улс орнууд өмнө байснаас илүүтэй харилцан ойлголцож, хамтран ажиллах шинэ дэгийг шаардах бололтой. Дэлхийн II дайны дараа үүссэн шиг тийм харилцан ойлголцол хэрэгтэй болж байна. Ялангуяа эдийн засаг, санхүүгийн олон улсын байгууллагуудын зүгээс шинэ стратеги боловсруулахыг COVID-19-ийн үүсгэсэн нөхцөл байдал шаардаж байна. Өөрөөр хэлбэл, энэ нөхцөл байдлыг боломж болгон ашиглах хамтын ажиллагааг шаардаж байна.

Монгол Улсын хувьд ч ялгаагүй. Вирусээс үүдсэн нөхцөл байдал үүнээс дордох эсвэл дээрдэхийг одоогоор хэлж мэдэхгүй ч эдийн засгийн дахин төлөвлөлт, хөрөнгийн дахин хуваарилалтыг шаардаж байна. Хамгийн их хохирол амсч үлдэх нь хот, орон нутгийн төсвийг бүрдүүлэгч жижиг, дунд аж ахуй эрхлэгчид байх нь тодорхой. Өнөөг хүртэл Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь халдвар тархахаас сэргийлэх зорилгод зангидагдаж байгаа нь зөв ч иргэдийн орлогыг хамгаалах, бизнесийн тогтвортой байдлыг хангах нь ч зөв. Улс орнуудыг харахад эрүүл мэндийн чиглэлийн арга хэмжээг эдийн засгийнхтай хамт зэрэгцүүлж авч байна. Ингэхээс ч аргагүй. Нэгэнт элгээрээ хэвтсэн жижиг бизнес эргэн сэргэхэд маш хэцүү байдгийг дээд түвшиндээ мэдэхгүй байхыг үгүйсгэхгүй. Аж ахуйн нэгжүүд ажилчдын цалин, түрээсийн төлбөр, НДШ гэсэн гурван гол дарамтыг тэсч гарахаас цаашид оршин тогтнох эсэх нь хамаарах нь. Чухам энэ гурван дарамтыг хөнгөлөхөд төрийн лэмжлэг хэрэгтэй байна. НДШ-ийг харж үзэхээ Засгийн газар амалсан ч шийдвэрийг УИХ гаргана гээд ацаглаад орхисон байгаа.

Эдийн засгаа хамгаалах цогц арга хэмжээг авахгүй байгаа нь яаж ингэсгээд сонгууль хүргээд хоосон авдар дараагийн Засгийн газартаа шилжүүлдэг хорт зуршил давтагдах нь гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Төсвийг тодотгохгүй гэдэг үгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хангалттай давтаж байгаа ч олон давтлаа гээд үндэслэлийг нь нотолж чадахгүй. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн бодлогын хүүг нэг хувиар буулгаж 10 хувь болгох, банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг хоёр хувиар буулгасан нь сайн дохио мөн боловч эдгээр арга хэмжээний үр дүн хоёр гурван сарын дараагаас буюу сонгуулиас хойш үр дүнгээ өгнө. Эдийн засагчид, хөндлөнгийн шинжээчид эдийн засгаа аврах арга хэмжээ аваач, бизнесээ хамгаалаач гэж хангалттай хэлж байгаа ч тэдний үгс хадны цуурай мэт замхарч байна. Халдвартай, сэжигтэй тохиолдлын тоог хэн түрүүлж зарлахаас илүүтэй эдгээр тооны эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулах стратеги байгаа эсэхийг л Засгийн газраас сонсмоор байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж