Дэлхийн 151 орны 156 мянган хүнд халдварлаад байгаа шинэ коронавирус тархахаас урьчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, салбарын яамд, Улсын Онцгой комисс, Нийслэлийн ЗДТГ, НОК-өөс өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа билээ. Энэ сарын 10-ны өдөр Монгол Улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улаанбаатар хот руу орох, хотоос гарах автомашин болон зорчигчийн хөдөлгөөнийг шалган нэвтрүүлэх товчоод гуравдугаар сарын 10-ны өдрөөс 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл хязгаарласан.
Тэгвэл маргаашаас хот хоорондын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Энэ үеэр шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор асуумж авах учраас хүлээгдэл бий болох нь мэдээж. Тиймээс жолооч нар ажил үүргээ гүйцэтгэж буй хүмүүсийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг зөвлөж байна.
Эрсдэлийг тодорхойлох асуумж буюу DTM асуумж аргачлалыг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар гарсан тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг хянах, мэдээллийн дата бааз үүсгэх зорилгоор улс орнууд онц байдлын үед ашигладаг байна.
Тодруулбал, хот хоорондын замыг нээх цагаас эхлэн нийслэл руу орох, нийслэлээс гарах чиглэлд зургаан шалган нэвтрүүлэх товчоод дээр хэрэгжүүлж эхлэх бөгөөд төслийн ажилтнуудын зүгээс жолооч, зорчигчоос зорчигчдоос ХААНААС ИРЖ БАЙГАА, ХААНА ОЧИХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ асуумж хэлбэрээр авч, авто машин тус бүрт зорчигчийн тооноос хамаарч 10-30 секундэд багтаан асуумжаа авах юм байна. Улмаар эдгээр мэргэжилтнүүдийн цуглуулсан мэдээлэл машин, зорчигч тус бүрээр нэгтгэгдэн цахим хэлбэрт шилжиж, дата сан үүсгэгдэх бөгөөд аливаа эрсдэл гарсан тохиолдолд тухайн мэдээлэлд тулгуурлан эрсдэлийг бууруулахад ашиглах зорилготой аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ