НЭМЭЛТ: 16.00 ЦАГ
Баян-Өлгий аймагт нэг иргэн халуурч коронавирусийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн учраас тухайн иргэнийг тусгаарлажээ. Мөн Баян-Өлгий аймгаас гарах хөдөлгөөнийг Зам тээврийн хуулийн 14.1.2 т заасны дагуу тус аймгийн засаг даргын захирамжаар хаалаа. Харин орох хөдөлгөөн нээлттэй юм байна. Халуурсан иргэн нь тусгаарлагдсан.
Дээрх иргэн 21 настай эрэгтэй, Казакстан улсаас Цагааннуур боомтоор Баян-Өлгий аймагт ирсэн. Ирэхдээ тухайн хүн 39 хэм хүртэл халуурч, ханиалгаж, халуурсан шинжтэйгээр ирсэн бөгөөд шинжилгээний хариуг өчигдөр шөнө 02.00 цагт Улаанбаатар луу явуулсан байна.
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ “Баян-Өлгий аймгийн Цагааннуур дахь хилийн боомтоор энэ сарын 13-14-нд шилжих шөнө орж ирсэн иргэдийг тусгаарласан. Нэг иргэн халуурч хоолой нь өвдсөн гэсэн зовиртой байсан ч Цагааннуур сумаас аймгийн төв рүү явах замдаа машин нь эвдэрч их даарсан гэсэн өгүүлэмжтэй иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарласан бусад иргэд сургуулийн дотуур байр болон МСҮТ-ийн байруудад байгаа” гэж мэдээлсэн.
Тэгвэл Бүгд Найрамдах Казахстан Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Казахстан Улсаас Оросын Холбооны Улсаар дамжиж Цагаанннуур автозамын боомтоор орж ирсэн Монгол Улсын иргэдийг гуравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 14 хоног өөрсдийнх нь зардлаар тусгаарлахаар болжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ