Байтын Ж.Гантөгс 10 дахь эрхийг авчирлаа

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

Байтын Ж.Гантөгс 10 дахь эрхийг авчирлаа

Кувейт улсад болсон буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн эрх олгохгүй болсныг Олон улсын олимпийн хороо зарласан нь өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан байсан. Залуучууд, насанд хүрэгчдийн өргөн бүрэлдэхүүнтэй зорьсон манай буудлагынхан энэхүү тэмцээнд амжилттай оролцсон ч Кувейтийн Үндэсний олимпийн хороо улс төрийн нөлөөнд автаж, Олимпийн Хартийг зөрчсөн гэсэн үндэслэл дээрх шийдвэрийг гаргахад түлхэц болжээ. Тэгвэл бид өнгөрсөн өдрүүдэд(XI.1-9) Тайландын Бангкок хотноо болсон байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээж суулаа. Энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй 3, эмэгтэй 3 тамирчид өрсөлдсөн бөгөөд нэг олимпийн эрхийг ОУХМ Ж.Гантөгс өөрийн болгосон.

Зөвхөн хувийн төрөлд Олимпийн эрх олгосон ба эрэгтэй 54, эмэгтэй 41 тамирчид өрсөлдөж, эхний гурван байрт шалгарсан тамирчид эрхээ авах боломжтой байжээ. Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Ж.Гантөгс урьдчилсан харвааны дүнгээр 2-р байранд шалгарсан байна. Улмаар эхний 1/24 шигшээ харваанд гоц мөргөж, 1/16 шигшээ харваанд Бангладеш (6:2), 1/8 шигшээд Тайланд (7:1), 1/4 шигшээ харваанд Казахстан (6:5), хагас шигшээд Малайзын (6:2) тамирчныг ялснаар мөнгөн медалийн болзол хангажээ. Тэрбээр аваргын төлөө Малайзын тамирчинд ялагдсан ч “Рио-2016” Олимпийн наадмын эрхийг авсан юм. Олимпийн эрх олгох хувийн төрөлд манай бусад тамирчдын тухайд, эрэгтэй тамирчдаас Б.Отгонболд 9-р байр, Г.Ган-Эрдэнэ 33, эмэгтэй тамирчдаас ОУХМ Д.Мирослава 5, спортын мастер Ч.Оюунтунгалаг 9, ОУХМ Н.Ариунбилэг 17-р байр тус тус эзэллээ. Багийн дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Нарантуяа, дасгалжуулагч Ю.Ганзориг, зөвлөх дасгалжуулагч Ким Сог Гуан нар оролцсон байна.  Ийнхүү байт харваачдын хувьд “Рио-2016” олимпийн наадмыг зорих анхны эрхээ авлаа. Одоо тэдэнд ирэх 2016 оны 6-р сард Туркийн Анталия хотод болох Олимпийн эрх олгох тэмцээн үлдэж байна.

Бразилын Рио де Жанейро хотноо болох олимпийн наадам эхлэхэд 268 хоног үлдлээ. Монголын баг одоогоор албан ёсоор олимпийн 10 эрх авчээ. Тодруулбал, буудлагын төрөлд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа , ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа, чөлөөт бөхөөр гавьяат тамирчин С.Батцэцэг, Г.Мандахнаран, О.Насанбурмаа, ОУХМ  П.Өнөрбат, Э.Бэхбаяр, Ж.Чулуунбат, байт харваагаар Ж.Гантөгс нар олимпод оролцохоор бэлтгэлээ базааж байна. Түүнчлэн паралимпийн наадамд буудлагаар З.Ганбаатар, хөнгөн атлетикаар Б.Цогтгэрэл, хүчний гурван төрөлтөөр П.Содномпэлжээ, байт харваагаар Д.Баатаржав нар Риог зорих эрхээ халааслаад байна. Жүдогийн тамирчид эрхийн оноо цуглуулах тэмцээнд амжилттай оролцож байгаа бол хөнгөн атлетикийн гурван тамирчин болох гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Б.Отгонбаяр, Ц.Мөнхзаяа нар эрхийн нормативийг биелүүлээд байгаа билээ. Олон улсын хөнгөнатлетикийн холбооноос баталжуулсан бичиг ирсэний дараа нийтэд зарлахыг МХАХ-оос мэдэгдээд байна.

Бид энэ сард хүндийн өргөлтийн тамирчдынхаа амжилтыг чих тавин сууна. Ирэх онд Монголын багийн эрх жүдо, буудлага, бокс, байт харваа зэрэг төрлүүдэд нэмэгдэх нь гарцаагүй.

“Рио-2016” олимпийн наадмын эрхтэй тамирчид: (Одоогоор албан ёсоор баталгаажуулсан нь)

Буудлага: О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа.

Чөлөөт бөх: С.Батцэцэг, Г.Мандахнаран, О.Насанбурмаа, П.Өнөрбат, Э.Бэхбаяр, Ж.Чулуунбат.

Байт харваа: Ж.Гантөгс.

“Рио-2016” паралимп:

Буудлага: З.Ганбаатар.

Хөнгөн атлетик: Б.Цогтгэрэл

Хүчний гурван төрөл: П.Содномпэлжээ

Байт харваа: Д.Баатаржав тус тус албан ёсоор эрхээ аваад байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж