ЭМЯ: Франц иргэнтэй ойр байсан 269 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан | News.MN

ЭМЯ: Франц иргэнтэй ойр байсан 269 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан

ЭМЯ: Франц иргэнтэй ойр байсан 269 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан

ЭМЯ: Франц иргэнтэй ойр байсан 269 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.03.15/ цаг үеийн мэдээллээ хийж байна. Тус яамнаас мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлж, хүмүүсийн асуултад шууд хариулж, үнэ зөв мэдээллээр хангахын тулд ДЭМБ-ын тусламжтайгаар онлайн чатботтой болжээ. Тиймээс иргэд шууд холбогдож өөрсдийн хүссэн асуултдаа хариулт авах бөгөөд мэргэжлийн эмч нар хариулт өгөх юм.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Нэгдүгээр сарын 9-өөс хойш өнөөдрийн байдлаар ажиглалтад 1328 хүн иргэн байна. Өнөөдрийн байдлаар 609 хүн ажиглалтын байранд байгаа. Өнөөдөр цэргийн төв эмнэлэг, “Асралт Мед” эмнэлэг болон бусад эмнэлэгт 14 хоног ажиглалтад байх үед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй иргэдийг гэрт нь гаргаж байгаа. Дархан-Уул аймагт өнгөрсөн шөнө Бээжин-Австрали, Тайланд улсаар дамжсан гэр бүлийн хоёр хүн, Тайланд, Тайвань улсаас ирсэн нэг хүн буюу нийт гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Сэлэнгэ аймагт мөн Австрали улсын чиглэлээс дамжиж ирсэн дөрөв, Тайланд улсаас ирсэн зургаа буюу нийт арван сэжигтэй тохиолдол шинээр нэмэгдсэн. Өмнөговь, Дорноговь аймагт тусгаарлагдан ажиглалтад байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа. Баян-Өлгий аймгийн Цагааннуур дахь хилийн боомтоор энэ сарын 13-14-нд шилжих шөнө орж ирсэн иргэдээс тусгаарлах байранд нийт 59 хүн байна. Нэг иргэн халуурч хоолой нь өвдсөн гэсэн зовиртой байсан ч Цагааннуур сумаас аймгийн төв рүү явах замдаа машин нь эвдэрч их даарсан гэсэн өгүүлэмжтэй иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарласан бусад иргэд сургуулийн дотуур байр болон МСҮТ-ийн байруудад байгаа. Өнөөдөр Сөүлээс ирэх 250 иргэдийг хүлээж авах бүх бэлтгэлийг хангасан. Зайлшгүй шаардлагатай тохиолдлыг ХӨСҮТ-д очиж авна” гэв.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Франц иргэнтэй ойр байсан “Бадрах энержи" компанийн кемпийн 54 хүний шинжилгээний хариу гарсан. Коронавирус илрээгүй. Франц иргэнтэй 269 хүнийг хамгийн ойрын хавьтал гэж үзэн бид маш богино хугацаанд тэдгээр хүмүүсийг олж тогтоож шинжилгээнд хамруулж дууслаа. Гуравдугаар сарын 14-ны байдлаар ХӨСҮТ-д гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлан тандалт судалгааг хийж байна. Мөн энэ өдрийн байдлаар Баян-өлгий, Сэлэнгэ, Дархан аймагт нийт 53 хүн тусгаарлагдан ажиглалтад байна. Гуравдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан хоёр хүний шинжилгээгээр коронавирус илрээгүй”гэв.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл хийснээс хойш дэлхийн 13 оронд өвчлөл бүртгэгдсэн. Арлын орнуудад шинээр өвчлөл бүртгэгдсэн байна. АНУ, Иран, Испани, Итали, Норвеги зэрэг оронд өвчлөл эрчтэй тархаж байгаа бол БНСУ, БНХАУ өвчлөлийг хязгаарлаж байна гэсэн мэдээлэл байна. Бид цаг тухайд нь, үнэн бодит, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллүүдийг хүргэж байгаа” гэв. ЭМЯ-аас иргэдийн сонирхсон асуултад цахимаар хариулах чатыг НҮБ-ын Хүүхдийн сангийн тусламжтайгаар нээж байгаа юм байна. Энэ нь иргэд сонирхсон асуултаа чатаар авч, үнэн зөв мэдээллээр хангагдах боломжтой гэдгийг хэлж байв.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "ДЭМБ-ын гуравдугаар сарын 14-ий өдрийн мэдээллээр коронавирусийн халдварын тохиолдол 9769-өөр нэмэгдэж, шинээр 13 улсад халдвар бүртгэгдсэн байна. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 408 хүн нас барж, нийт нас баралтын тоо 5393-т хүрээд байна. Европын холбооны улсуудад тархалт хурдацтай явагдаж байгаа учраас тархалтыг хязгаарлах үүднээс олон нийтийн арга хэмжээг цуцалж байна. Итали, Иран, Франц улсад халдварын шинэ тохиолдол маш ихээр нэмэгдэж байна. Хоногт 1000-аас дээш хүн шинээр өвчилж байна" гэлээ.

ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Европ тивд халдварын тархалт эрчимжиж байна. Тухайлбал, Франц улсад өчигдөр буюу бямба гаригийн байдлаар шинээр 808 тохиолдол, 12 нас баралт бүртгэгдсэн байна. Тус улсад өчигдрөөс эхлэн зайлшгүй шаардлагатай л биш бол үйлчилгээний бүх байгууллагын үйл ажиллагааг зогсоосон байна. Зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сан, ШТС зэрэг газруудын үйл ажиллагааг тасалдуулахгүй үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Мөн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Испани улсад мөн хорио цээрийн дэглэмийг тогтоосон. Зөвхөн хүнс авах, эмийн сан орохоос бусад зорилгоор гарахыг хориглосон. Румын улсад мөн онц байдал зарласан. Онц байдал ирэх даваа гаригаас эхэлнэ. Үүнтэй холбогдуулан бага насны хүүхэдтэй ээжүүдийг гэрээс нь ажиллах боломжоор хангах, эсвэл чөлөө олгох зохицуулалтыг хийж, хууль гаргаж байгаа юм байна. Гэх мэт төр засгийн шийдвэрийг дагаж мөрдөхийг анхааруулсан”гэв Франц иргэнтэй ойр байсан 269 хүн халдваргүй нь тогтоогдсон тул халдварын голомтыг хумьж чадсан гэдгийг энэ үеэр ЭМЯ-аас онцолж байв.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

Posted by News.mn on Saturday, March 14, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж