Коронавирусийн тохиолдол бүртгэгдэж, 215 хүний хариу сөрөг гарав

Хуучирсан мэдээ: 2020.03.15-нд нийтлэгдсэн

Коронавирусийн тохиолдол бүртгэгдэж, 215 хүний хариу сөрөг гарав

Коронавирусийн тохиолдол бүртгэгдэж, 215 хүний хариу сөрөг гарав

Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


КОРОНАВИРУСИЙН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

Монгол Улсад гуравдугаар сарын 10-ны өдөр Франц улсын иргэнээс коронавирусийн халдвар ирсэн бүртгэгдэж, дээрх иргэнийг ХӨСҮТ-д эмчилж байна.  Франц улсын иргэн гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн бөгөөд Улаанбаатарт тав хоносны дараа Дорноговь аймагт очсон байсан. Ийнхүү Франц улсын иргэнтэй хамт явсан, нэг, хоёрдугаар хавьтлын хүмүүсээс шинжилгээ авч, тусгаарлах арга хэмжээг яаралтай авсан юм. Ингээд ойрын хавьтлын 215 хүнийг олж тогтоож, шинжилгээ хийхэд хариу нь сөрөг буюу коронавирусийн халдвар аваагүй нь тогтоогдсон юм. Үүнтэй холбоотойгоор нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 17-ны өдрийг хүртэл хязгаарлаад байгаа юм.

АН-ЫН ҮБХ ЦАХИМААР ХУРАЛДАВ

Ардчилсан намын үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өчигдөр буюу гуравдугаар сарын 14-ны өдөр цахимаар хуралдав. Хуралдаанд Монгол орон даяар 21 аймаг 9 дүүргүүдийн  260 гаруй ҮБХ-ны гишүүд хуралдаа амжилттай оролцсон байна. Сонгуулийн тухай хуулийн дагуу гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө намууд мөрийн хөтөлбөрөө намын дотоод удирдлагын байгууллагаараа баталгаажуулах ёстой. Гэвч хорио, цээрийн дэглэмтэй байгаа энэ үед олон хүнийг нэг дор цуглуулахгүй байх шийдвэр гарсан учраас Ардчилсан намын зүгээс ҮБХ-ны хурлаа цахимаар хуралдуулж, мөрийн хөтөлбөртөө санал авч, баталгаажууллаа.

Сонирхуулахад, МАН энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Бага хурлаа мөн цахимаар хуралдуулах юм. Бусад улс төрийн намуудын хувьд ч мөрийн хөтөлбөрөө батлах удирдах түвшний хурлаа цахимаар хийхээр төлөвлөжээ.

МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГ НЭГ НЭГЖЭЭР БУУЛГАВ

Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг хоёр нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргасан байна. Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэлд,

Жилийн инфляци 2020 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 5.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.0 хувь байна. Эдийн засгийн өсөлт саарах  хандлага үргэлжилж,  эрэлтийн шалтгаантай инфляци тогтвортой байх төлөвтэй байна. Харин импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт удаашрах тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн хэлбэлзэл үүсч болзошгүй. Ковид-19 вирусын тархалттай холбоотой тодорхой бус байдал нэмэгдэж байгаагаас гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил сулран, эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах эрсдэлийг бий болгож байна. Цаашид эдийн засагт үзүүлэх нөлөө нь Ковид-19 вирусын тархах цар хүрээ болон үргэлжлэх хугацаа, вирусын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс ихээхэн хамаарахаар байна. Экспортын орлого буурах эрсдэл нэмэгдэж байгаа хэдий ч хэрэглээний импорт агших хандлага үргэлжилж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом буурсан нь  төгрөгийн ханшинд үзүүлэх дарамтыг зөөлрүүлэхээр байна. Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлс болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн зуучлалыг дэмжих, банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын багц шийдвэр гаргав. Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна" гэжээ.

БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЭЖҮҮДИЙГ ГЭРЭЭС НЬ АЖИЛЛУУЛЖ ЭХЛЭВ

Улсын онцгой комисс 10-ны өдөр хоёр дахь удаагаа хуралдаж, зарим шийдвэрүүдийг гаргасан. Тэр дундаас онцлох нь эхчүүдийг гэрээсээ ажиллах болон тэдэнд цалинтай чөлөө олгох тухай байв. Тодруулбал, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгасан юм.

ГАДААДАД БАЙГАА ИРГЭДЭЭ АВЧРАХ НИСЛЭГИЙН ХУВААРИЙГ ГАРГАЛАА

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон Монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн. Эхний ээлжинд эмнэлгийн хяналтанд байдаг, өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг МИАТ ТӨХК-ийн тусгай хуваарьт нислэгээр авчирна. Энэхүү цагийн хуваарийг Улаанбаатар хотоос хөөрөх цагаар гаргажээ.

  • 2020 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 07.45 цагт Улаанбаатар-Сөүл,
  • 07.55 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэгүүд хийгдэх бол
  • Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 08.55 цагт тус тус хийхээр хуваарь гарч бэлтгэл ажлыг хангаад байна.
  • Улаанбаатар-Истанбулын нислэгийн зөвшөөрөл авахаар Туркийн талтай ажиллаж байгаа тул тухайн чиглэлийн нислэг тов тодормогц жич мэдэгдэх болно.

Б.ЧИНЗОРИГ, О.БЯМБА-ЭРДЭНЭ НАР ТОКИО-2020 ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВЛАА

Токио-2020 зуны XXXII олимпийн наадмын боксын эрх олгох Ази-Номхон далайн орнуудын эрхийн тэмцээн энэ сарын 3-11-ний хооронд Йордан улсын нийслэл Амман хотноо зохион байгуулагдаж байгаа билээ. Эрэгтэй 41, эмэгтэй 22 нийт 63 олимпийн эрхийн төлөө тамирчид өрсөлдөж байна.  Монгол улсаас нийт 13 тамирчин өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүдийн -63 кг-ийн жинд Б.Чинзориг, -75 кг-ийн жинд О.Бямба-Эрдэнэ нар олимпийн олимпийн эрхээ авлаа. Олимпийн эрх олгох сүүлийн боксын тэмцээн ирэх тавдугаар сард Франц улсын Парис хотод зохион байгуулагдана.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж