Монголчууд аа, өөртөө итгэцгээе

Хуучирсан мэдээ: 2015.11.12-нд нийтлэгдсэн

Монголчууд аа, өөртөө итгэцгээе

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛЫН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ БАХАРХАЛЫН ӨДӨР “ЧИНГИС ХААН” ОДОН ГАРДУУЛЖ ХЭЛСЭН ҮГ

Улаанбаатар хот

Төрийн Ёслол хүндэтгэлийн өргөө

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Чингис Хааны одонт Эрхмүүд ээ,

Хүндэт зочид, хатагтай ноёд оо,

Өнөөдөр Монгол түмний бахархалт өдөр.

Монголчууд бахархалыг бүтээж, соёлыг түгээж, түүхийг эзэгнэж ирсэн аугаа ард түмэн.

Монголчууд бидний бахархал бол:

Монгол хүн,

Бидний эх орон,

Бидний өвөг дээдэс,

Бидний их түүх, гайхам соёл уламжлал,

Эх орны маань тусгаар тогтнол, эрх чөлөө юм.

Монгол түмний түүхийг олон бахархалт хүмүүн бүтээж ирсэн юм.

Тэр бүхний хаан бахархал нь Эзэн Чингис богд билээ.

Бид их хаанаараа бахархдаг.

Чингис хааныхаа амьдрал тэмцэл, бүтээсэн түүх, ухаан билэгээр бид бахархдаг. Их хааныхаа хэн ч давтаж хүч хүрээгүй гайхамшигт өвөөр Монгол хүн бүр бахархдаг.

Сайн хүн сайн өв бүтээдэг.

Суут хүн мөнхийн өв үлдээдэг.

Чингис хаан бол Монгол хүн бүрт хамаатай өв бүтээсэн юм.

Чингис хааны өв бол Монгол хүн бүрийн бүтээл юм.

Аугаа хүн амьд түүх үлдээдэг.

Түүний өвийг үр хойч нь үргэлжлүүлэн бүтээдэг.

Чингис хаан бидэнд шударга байхыг сургасан.

Чингис хаан хөдөлмөрч, бүтээлч хүнийг үнэлдэг байсан.

Чингис хаан атгаг муу санаа үйлдэл, авлига хулгайг цээрлэдэг байсан.

Чингис хаан андын үнэнч нөхөрлөлийг эрхэмлэдэг байсан.

Чингис хаан улс олныхоо нийтлэг эрх ашгийн төлөө мууг хашрааж, сайныг дэмжиж явсаан.

Чингис хаан Монголдоо сайн бүхнээ өвлүүлсэн.

Монголчууд бид их хааныхаа эрдэнэт өвийг цаг үргэлж санаж, түүнийг хүн бүр чадах бүхнээрээ баяжуулж өргөжүүлэхийг хичээх ёстой.

Монгол хүн бусдаас дутуу сэтгэнэ гэж үгүй.

Монгол хүн бусдаас дутуу урлана гэж байхгүй.

Монгол хүн бусдаас дутуу ажиллана, хөдөлмөрлөнө гэж үгүй.

Монгол хүнд бусдаас дутах юм байхгүй.

Бид гагцхүү их хөдөлмөрлөх хэрэгтэй.

Гойд хичээх хэрэгтэй.

Өөртөө итгэх л хэрэгтэй.

Өөртөө итгэсэн хөдөлмөрч хүн амжилтад хүрдэг.

Өөртөө итгэсэн үндэстэн хөгжиж дэвждэг. Оршдог. Үргэлжилдэг.

Эрхэм нөхөд өө,

Монголчууд өнөөдөр бахархалыг бүтээсээр яваа.

Түүний илэрхийлэл олон бахархалт хүмүүн энэ хүндтэй танхимд хүрэлцэн иржээ.

Монгол төр үндэснийхээ энэхүү бахархалт өдрийг даширлуулж Чингис хааны одонгоор

Монгол түмнийхээ бахархалт хүмүүнийг өргөмжлөн шагнадаг уламжлалтай.

Энэхүү эрхэм дээд хүндэтгэлийг өнөөдөр зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёод үзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Мэнд-Ооёо бол манай бичгийн мэргэдийн дундаас Монгол Улсын төрийн дээд шагнал – тэргүүн зэргийн одон “Чингис Хаан” одонгоор шагнуулж байгаа анхны зохиолч, яруу найрагч юм.

Монголын гайхамшигт өв Монгол айл бүрт, манай эх орны газар бүр байдаг.

Мэнд-Ооёо бол Монгол түмний бишрэлт газар шорооны нэг Дарьгангын хээр талд төрж өссөн хүн.

Тэр Монгол язгуур өв соёл, уламжлал заншил, тэр хосгүй Монгол ахуйд өлгийдүүлж өссөн, түүнийгээ тээж, бүтээж, дэлгэрүүлж яваа хүн бол Мэнд-Ооёо юм.

Монгол хүн бол улсаа боддог.

Монгол хүн бол олныг сэддэг.

Монгол хүн бол уламжлал, соёлоороо бахархдаг.

Өөртөө итгэлтэй Монгол хүний хөл дор дэлхийн дэвжээ оршдог.

Монгол түмний уламжлал соёл, бүтээл туурвилыг дэлхийн дэвжээнд гаргаж олон хэлийн хүний гайхширал бахархлыг төрүүлж чадсан хүн бол Гомбожавын Мэнд-Ооёо юм.

Мэнд-Ооёогийн хийж, бүтээж, түгээж явааг Монголын уран бүтээлч бүр хийчихмээр санагдам болжээ. Нэг үе хол байсан дэлхийн соёл, яруу найргийн дэвжээг Монгол хүн бүрт ийм ойрхон болгож чадсан гавъяа зүтгэл бол яах аргагүй Мэнд-Ооёод ноогдоно.

Мэнд-Ооёогийн амжилтын нууц бол Монгол уламжлал соёлын, уран зохиолын арвин өв баялаг, бас хувь хүний бүтээлч, хөдөлмөрч, өөртөө итгэлтэй, Монголоо гэх унаган зан чанарт оршиж байгаа юм.

Мэнд-Ооёо бол өнөөдөр бүтээж туурвиж байгаа манай зохиолч, яруу найрагчдаас гадаадын хамгийн олон хэлээр бүтээл нь орчуулагдан түгсэн авъяастан юм.

Мэнд-Ооёо бол Хятадаас Англи хүртэл, Грекээс Солонгос, Энэтхэг, Япон, Америк гээд олон орны нэр хүндтэй шагнал, зэрэг дэв хүртсэн уран бүтээлч юм.

Мэнд-Ооёо бол олон улсын яруу найрагчдын наадмаас “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор” шүлгээрээ тэргүүн шагнал хүртсэн найрагч юм. Тэрээр Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, доктор.

Мэнд-Ооёо бол дэлхийн яруу найрагчдын дээд цол “Poet Laureate” буюу “Шагналт найрагч” насан туршийн цолыг Алтан титэмтэй нь хүртсэн хүн юм.

Лондон хотноо төвлөдөг олон улсын “Пэн” байгууллагын Урал-Алтай хэлтний төвөөс Нобелын шагналын уран зохиолын төрөлд албан ёсоор Монгол Улсаас нэр нь дэвшсэн хүн бол Гомбожавын Мэнд-Ооёо юм.

Мэнд-Ооёо утга зохиолын бараг бүх төрлөөр бүтээл туурвижээ. Сүүл үеийнхээс нь “Гэгээнтэн”, “Шилийн Богд” романыг нь нэрлэх ёстой гэж бодож байна.

Мэгзэд Жанрайсэг төслөөс эхлээд Монголчуудын түүх соёлын дурсгалыг судлах суртачлах “Монгол сувдан сондор” хүртэл, үндэсний бичгээ сэргээх, уран бичлэгийг суртачлах, морин хуурын өвийг судлах түгээхээс авахуулаад, Монголын соёлын сан, Монгол соёл, яруу найргийн академи, Соёл уран зохиол, яруу найргийн сэтгүүл гаргах гээд Мэнд-Ооёогий оролцсон, санаачилсан, үүсгэн байгуулсан, эрхлэн удирдсан олон сайн үйлс нь Монголд төдийгүй, олон улсад үнэлэгддэг юм.

Бөмбөрцөгийн уран зохиол, яруу найргийн оргил руу Мэнд-Ооёо ганцаар очоогүй. Тэрээр өөрийнх нь илэрхийлснээр тийш “Тэмээн жин”-тэй очсон юм. Энэ жингийн цуваа нэг яваад зогсоогүй. Үргэлжилсээр байгаа. Түүний хүндэт зочин, төлөөлөгч, удирдаж оролцсон Монголын болон олон улсын олон арван хурал, чуулган, үзэсгэлэн, уралдаан, уулзалт ч дээрхийн нэг нотолгоо юм.

Мэнд-Ооёогийн санаачлага, хичээл зүтгэл, дэмжлэгээр Монголын олон уран бүтээлч, зохиолч, яруу найрагчид дэлхийн уран зохиол, урлаг соёлын тавцан тийш замаа засаж байна. Мэнд-Ооёо бол Монголын бичгийн мэргэдийг дэлхийн түвшинд гаргах, дэлхийнхийг Монголд авч ирэх хос урсгалын нэр хүндтэй зохиогч нь юм. Дэлхийн олон хэлийн яруу найрагчид Мэнд-Ооёогийн санаачлагаар Монголд чуулж байсныг бас нэмж тэмдэглэе.

Дээр хэлсэн бүхнийг багтаагаад Монголын уран зохиол, бичиг, соёлыг судлах, олон улсад суртачлах түгээх их үйл хэрэгт оруулсан, оруулж байгаа хосгүй хувь нэмрийг нь онцгойлон үнэлж Монголын төр өнөөдөр Гомбожавын Мэнд-Ооёод “Чингис Хаан” одон хүртээж байгаа юм.

Мэнд-Ооёо эх орондоо ч, олон улсын тавцанд ч олонтой явж ирсэн, Монголынхоо сайн сайхныг, уламжлал, ахуй, соёлыг олонд хүртээж яваа буянтай уран бүтээлч.

Монгол уламжлал соёлоор бахархах бахархал, бас түүнийг нээж илэрхийлэх итгэл, чадвар, зориг бол Мэнд-Ооёогийн хувьд нийгмийн байгуулал, эсвэл маргаан атаархлаас ангид зүйл.
1977 оны өдий цагт л арван нөхдийн хамт уран бүтээлийн “Гал” нууц бүлгэмийг байгуулж, зохицуулж явсан хүн бол Мэнд-Ооёо. Тэр үед ингэж зөвшөөрөлгүй бүлгэм байгуулах нь амь, ажил, амьдралд хүртэл халтай байсныг одоо цагийнхан хүн үүсэхээс л эхэлж байсан эрх мэт аашлах нь, юу ч гэмээр юм дээ.

Тэр цагт хорин хэдтэй Мэнд-Ооёо “Дэлхий ээж Тандаа би хайртай” гэх шүлгээ бичсэнийг бодоход түүний хийж бүтээж, хүрч хүргэж, хүртэж хүндлэгдэж яваад нь хариу болох мэт.

Эрхэм хүндэт Монголчуудаа,

Монгол Улс авъяастнаар дутахгүй.

Харин зарим Монгол хүнд өөртөө итгэх итгэл, ажил хөдөлмөр хийх эрмэлзлэл сул байгааг Мэнд-Ооёогийн санаачилж сэдэж, хийж бүтээж байгаагаар нөхөх боломжтой гэж би харж байна.

Нэг сайн хүний үлгэр дууриал, бүтээл туурвил, үзэл санаа, үйл хэрэг олон сая хүнийг зоригжуулан дуудах нь бий.

Би дээрхи санаагаа дараахь жишээгээр онцолмоор байна. “Дарьгангын гурвал” гэх нэр манай орчин цагийн уран зохиолын ертөнцөд алдартай. Данзангийн Нямсүрэн, Очирбатын Дашбалбар, Гомбожавын Мэнд-Ооёо. Зээрийн хондлой шиг тэр багахан газартай энэ гурав хүйн холбоотой.

Гэтэл Монгол хичнээн уудам нутагтай билээ.

Хичнээн олон хүнтэй билээ.

Хичнээн их боломжтой билээ.

Хийж бүтээх эрх чөлөөтэй билээ.

Тооноосоо олон санагдах Монголын ард түмэнд их ирээдүй бий.

Их боломж бий.

Монголчуудаа өөртөө итгэцгээе.

Хариуцлагатай, ёс зүйтэй байцгаая.

Хийж бүтээхийн төлөө дор бүрнээ зүтгэцгээе.

Зөвхөн уйгагүй хөдөлмөр, их ажил, сахилга хариуцлага л Монголыг сайн сайханд хүргэнэ.

Хөдөлмөрлөж байгаа, санаачилж байгаа, бүтээж байгаа бүхнийг дэмжье.

Монголын хөгжлөөс хойш нь чангааж байгаа, биднийг хагалж бутаргаж байгаа, Монголын сайн сайхнаас хулгайлж байгаа бүхнийг жигшье.

Монгол хүний бүтээл Нэгдсэн Үндэсний Байгууллага, Олимпын хөтөлбөрт орж болдгийг, Монголчуудын бичиг соёл, бүтээл туурвил, амжилт ололт олон хэлийн хүний бахархлыг төрүүлэх увидастайг, бүр Монгол хүн олон улс, дэлхийн авъяастнуудын оргил тэргүүнд нь оройлон хүрч болох боломжтойг Гомбожавын Мэнд-Ооёо Та бэлхэнээ харуулж байна.

Ингээд Мэнд-Ооёо Танд Монгол түмний бахархалт энэ өдөр Монгол Төрийн Тэргүүн Дээд Шагнал – “Чингис Хаан” одонг гардуулж өгье.

Монголын минь сайн охид, сайн хөвгүүд улам олон болох болтугай.

Монголын бичгийн мэргэдийн бүтээл улам холыг туулах болтугай.

Монгол Улс минь мөнхөд оршиг ээ.

2015 оны 11 дүгээр сарын 12

ЭХ СУРВАЛЖ: WWW.PRESIDENT.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж