"Иргэд өвчнөө нуун дарагдуулбал ЭРҮҮГИЙН ял оногдуулна"

Хуучирсан мэдээ: 2020.03.14-нд нийтлэгдсэн

"Иргэд өвчнөө нуун дарагдуулбал ЭРҮҮГИЙН ял оногдуулна"

"Иргэд өвчнөө нуун дарагдуулбал ЭРҮҮГИЙН ял оногдуулна"

БНСУ-д буй Монгол иргэдийг тусгай нислэгээр эх орондоо авч ирэх болсон тул Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.03.14/ мэдээлэл хийлээ.

Эхний ээлжинд эмнэлгийн хяналтанд байдаг, өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг МИАТ ТӨХК-ийн тусгай хуваарьт нислэгээр авчрах юм.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА, ХУРАНДАА Б.УУГАНБАЯР: ТӨЛБӨРӨӨ ТӨЛСӨН ИРГЭД ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЛЭЭ БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Одоогийн байдлаар 210 хүн төлбөрөө төлсөн байна. Үүнээс 85 нь БНСУ-аас ирэх иргэд. Тусгаарлалтын зарим байр нь сувиллын болон цэргийн зориулалттай байр. Сүүлийн үед зочид буудлуудаас санал ирүүлж байгаа.  Сувиллын зориулалттай тусгаарлалтын байранд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, тухайн улсад эмчилгээ хийлгэж байсан хүмүүсийг оруулна. Хоногийн зардал нь 50 мянган төгрөг. Олон судалгааг хийсний үндсэн дээр дээрх дундаж үнийг гаргасан.

Мөн Батлан хамгаалахын их сургууль болон ДХИС-д байрлуулах тохиолдолд цэргийн хуарангийн зохион байгуулалттай учраас цөөн тооноор нь иргэдийг тусгаарлах чиглэлийг барьж байна. Тус сургуулийн байранд хоногийн зардал нь 40 мянган төгрөг байна. 0-5 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй. 6-18 настай хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу 420.000 төгрөгийг тухайн иргэний ар гэрийнхэн нь Онцгой Байдлын Ерөнхий Газрын дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна. Бидэнд нэрсийн жагсаалтыг нь ирүүлсэн хэдий ч  холбогдох утас нь жагсаалтад байхгүй. Өчигдрөөс эхлэн төлбөрийг хүлээж авах ажлын хэсгийг байгуулсан.

Төлбөр төлөлтөд асуудал гарч байгаа. Зарим тохиолдолд АТМ-аас төлбөр төлсөн байна. Хэний төлбөрийг төлсөн нь мэдэгдэхгүй. Мөн нэг хүн хэд хэдэн хүний төлбөрийг төлсөн байна. Төлбөр төлөхдөө гүйлгээ хийж байгаа хүн нь өөрийнхөө нэрийг бичсэн байх зэрэг хэний  төлбөрийг төлөв гэдэг тодорхойгүй байдал үүсч байна. Тиймээс төлбөрөө төлсөн иргэд төлбөрийн мэдээллээ баталгаажуулах шаардлагатай байна. Бидэнд холбогдож хэлэх хэрэгтэй. Болохгүй бол Монголд байгаа  ар гэрийнхэн нь ирээд төлбөрийн мэдээллийг тодруулж болно.

Иргэдийг ирэхээс өмнө ар гэрийнхэн нь цагаан хэрэглэлийг бэлтгэх учиртай байсан ч одоогоор энэ бэлтгэлийг хангаж өгсөн хүн алга. Тиймээс бид бэлтгэл хангаж зах зээлийн үнээр 100 ширхэг цагаан хэрэглэлийг зээлээр авсан. Цагаан хэрэглэлийн төлбөр 20 мянган төгрөг. Иргэдийн хүсэлтээр татан авах ажиллагааг зохион байгуулж байгаа. Тиймээс иргэд шуурхай штабаас тавьж байгаа шаардлагыг ягштал биелүүлэх үүрэгтэй.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ДАРГА Л.МӨНХТҮШИГ:  СҮҮЛИЙН 14 ХОНОГТ ЯМАР НЭГЭН ШИНЖ  ТЭМДЭГ ИЛЭРСЭН ЭСЭХ АСУУМЖИЙГ ГАРЫН ҮСГИЙН ХАМТ БАТАЛГААЖУУЛЖ АВНА

УОК-ын шийдвэрийн дагуу олон улсын нислэг түр зогссонтой холбоотойгоор  хилийн чанадад байгаа маш олон иргэд эх орондоо ирэх хүсэлт, өргөдөл  гаргасан. Уг өргөдлүүдийн дагуу УОК-оос шууд нислэг үйлддэг хотуудад байгаа Монгол иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж байна. Эхний ээлжид хоёр хоногийн турш БНСУ-д байгаа иргэдийг бүртгэсэн. Энэ дагуу нийт 500  гаруй хүн бүртгүүлсэн. Үүн дотроос эхний ээлжид хүнд өвчтэй, эмнэлгийн хяналтад байдаг, жирэмсэн, нялх хүүхэдтэй, өндөр настай зэрэг нийт 250 хүнийг эхний ээлжид авчрахаар болсон. Энд ирсний дараа 14 хоног тусгаарлах зардлыг тухайн иргэд өөрсдөө гаргах ёстой. Тусгаарлах байрны зардлыг түрүүлж хийж байж нислэгийн тасалбараа баталгаажуулах учраас үүнд анхаарах хэрэгтэй. Токио, Москва, Берлин, Истанбулд гацаад байгаа иргэдээ татаж авахаар ажиллаж байна.

БНСУ, Япон болон Европын орнуудаас тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдэд тухайн улсдаа шинэ коронавируст халдварын шинжилгээнд ороход хүндрэлтэй учраас сүүлийн 14 хоногт ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн эсэх асуумжийг гарын үсгийн хамт баталгаажуулж авна.

Хэрэв өвчний шинж тэмдгийг нуун дарагдуулж эх орондоо ирээд бусдад халдвар тараасан нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар хорих ялтай. Энэ нь улс орон, ард иргэдийн аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж