Covid-19 цар тахал: Нас барагсдын тоо 5000 давлаа

Хуучирсан мэдээ: 2020.03.14-нд нийтлэгдсэн

Covid-19 цар тахал: Нас барагсдын тоо 5000 давлаа

Коронавирусийн халдвар буюу Covid-19 өвчний цар тахал дэлхийн 123 оронд бүртгэгдэж өнөө өглөөний байдлаар 136895 хүн халдвар авч, 5077 хүн нас бараад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр нийт халдварын 81 мянга нь Хятадад, 15 мянга шаруй нь Италид, 11 мянга гаруй нь Иранд, 8086 нь Өмнөд Солонгост бүртгэгджээ.

Өмнөд Солнгост Баасан гаригийн өглөө гэхэд халдварын тохиолдол 107-р нэмэгдсэн нь хоёрдугаар сарын 22-оос хойш анх удаа буурсан үзүүлэлт аж. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 62 нь Өмнөд Солонгос дахь халдварын голомт болсон Дэгү хотод, зургаа нь нийт халпварын 88 хувь нь бүртгэгдсэн Хойд Гёнгсан мужид, 13 нь нийслэл Сөүл хотод байна. Тус улсад нас барсан хүмүүсийн тоо 72-д хүрчээ.

Турк улс нь Европын есөн орны эсрэг аялалын хориг тавьжээ. Тухайлбал, Герман, Испани, Франц, Австри, Норвеги, Дани, Швед, Бельги, Нидерланд улсаас ирсэн зорчигчдыг Турк улсад нэвтрүүлэхгүй аж. Түүнчлэн тэдгээр орнууд руу хийх нислэгүүдийг цуцалжээ. Турк улсад халдварын таван тохиолдол бүртгэгдсэн.

АНУ-д халдвар авсан хүний тоо 2204 болж, 49 хүн нас барснаар Ерөнхийлөгч Дональд Трамп онц байдал зарлалаа. Шинээр бүртгэгдсэн 70 тохиолдол нь Хятадаас нүүлгэн шилжүүлсэн болон Японы эрэгт тусгаарлагдсан хөлгөөс авчирсан хүмүүс аж. АНУ-ын Уэст Виржиниагаас бусад бүх муж улсад халдвар бүртгэгджээ.

Франц улсад нэг өдрийн дотор шинээр халдварын 800 тохиолдол бүртгэгдлээ. Тус улсад хэдхэн хоногийн өмнө хоногт 200 шинэ тохилдол бүртгэгдсэн нь аюулын харанга дэлдэж байв. Францад нийтдээ 3661 хүн халдвар авч, 79 өвчтөн нас баржээ. Халдвар бүртгэгдээгүй Төв Азийн цөөн орны нэг Казахстанд өчигдөр халдварын гурван тохиолдол бүртгэгджээ. Тэдгээр нь Герман, Итали улсаас гуравдугаар сарын 9, 12-нд эргэж ирсэн аялагчид аж. Халдвартай хоёр өвчтөнийг Казахстаны хамгийн том Алматы хотын эмнэлэгт, нэгийг нь нийслэл Нур-Султан хотод эмчилж байна. Тус улсад халдвар гарахаас өмнө карантин тогтоосон байсан аж.

Эх сурвалж: CNN, Al jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж