"Тусгаарлагдсан хүмүүс дотор гэмт хэрэгт холбогдоод ирсэн хүмүүс ч байна"

Хуучирсан мэдээ: 2020.03.14-нд нийтлэгдсэн

"Тусгаарлагдсан хүмүүс дотор гэмт хэрэгт холбогдоод ирсэн хүмүүс ч байна"

"NEWS" агентлаг өнгөрч буй долоо хоногт хийсэн ярилцлагаа тоймлон хүргэж байна. Ярилцлагын зочдоор Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, сэтгэл зүйч С.Нямдаваа, холливудын оддын хувцсыг урладаг загвар зохион бүтээгч Д.Энхцэцэг, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд нар уригдан цаг үеийн болоод загвар ертөнц, Монголын рок, поп урлагийн ертөнцийн талаар ярилцлага өрнүүлснийг онцоллоо.


Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Шинэ коронавирусын халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эмч мэргэжилтнүүд болон цагдаа, онцгой байдал, хил хамгаалах гаалийн ажилтнуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлж буй хандив тусламж тасралтгүй үргэлжилсээр байнаУлсын онцгой комисст хэчнээн төгрөгийн хандив цуглаад байна вэ?

-Юуны түрүүнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дэмжиж чин сэтгэлийн хандив өргөсөн нийт ААН, иргэддээ Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Өнөөдрийн байдлаар Улсын онцгой комиссын төрийн сангийн дансанд 150 гаруй ААН байгууллага, 190 гаруй иргэнээс  нийт 918 сая төгрөгийн мөнгөн хандив цугларсан. Мөн “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолтоо зохион байгууллаа. Уг тоглолтын үеэр 27 мянга 900 гаруй иргэн 240 орчим сая төгрөгийн хандив өгсөн.

Нийт дүнгээр нь авч үзвэл 1 тэрбум 160 сая төгрөгийн хандив Улсын онцгой комиссын дансанд төвлөрөөд байна.

Бараа материалын тухайд нийт 20 гаруй ААН байгууллагаас 186 сая төгрөгийн эд материал цугларсан. Иргэд, ААН-үүдээс өгсөн сайн санааны хандивыг бид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт цаг, наргүй үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид буюу эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, хил хамгаалах байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, МХЕГ, цагдаа, бусад үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын хамгаалах хувцас хэрэглэл, тусгай зориулалтын бээлий, ариутгалын бодис, багаж тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөж байна.

-Иргэдийн хандивласан мөнгөн тусламжийг хэрхэн юунд зарцуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Иргэд, ААН, байгууллагуудаас ирүүлсэн дотоодын хүмүүнлэгийг зохицуулах Засгийн газрын 271 дүгээр журам бий. Уг журмын дагуу тухайн мөнгө болон эд материалын хандивыг ил тод зарцуулах эргээд тайлагнах үйл явцыг зохицуулсан байдаг. Энэ хүрээнд Улсын онцгой комисст ирүүлсэн хандивыг зөв, нэн шаардлагатай салбарт нь хуваарилах замаар тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна. Тухайлбал, постууд дээр ажиллаж буй алба хаагчдад нэг удаагийн амны хаалтын хэрэгцээг дотоодын үйлдвэрүүдийн 85 мянган ширхэг амны хаалтад 85 сая төгрөгийг зарцуулсан.

Мөн нэн шаардлагатай буюу коронавирусийн халдвартай тэмцэхэд зориулсан тоног төхөөрөмж бүхий амьсгалын аппаратыг Зүрх, судасны тасагт хоёр ширхгийг нийлүүлэхэд 240 сая төгрөгийг Эрүүл мэндийн яаманд шилжүүлсэн. Бусад мөнгөн хөрөнгө одоогоор зарцуулагдаагүй байна. Бараа материал дотроо ялангуяа түргэн муудах зориулалттай бүтээгдэхүүнийг хүнд нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдад хуваарилах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Дэлгэрэнгүйг ЭНЭ  линкээр орж уншина.


С.Нямдаваа: Ажил хэдий чухал ч хүүхэддээ цаг гарга

Covid-19 буюу коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс урт хугацаагаар хөл хорио тогтоогоод буй  энэ үед цоожтой хаалганы цаана үлдэх бяцхан үрсэд маань хамгийн “сайн найз” нь гар утас, телевизийн дэлгэц болж байгаа юм. Ийнхүү эцэг эхчүүдийн анхаарал халамж багасч, өдөр бүрийн амьдралын буруу хэв маяг дадал болгосноос бага насны хүүхдүүд дэлгэцийн донтолтонд өртөх нь ихэсчээ.  Тэгвэл бага насны хүүхдийн хүмүүжил, төлөвшилд дэлгэцийн хор уршиг хэрхэн нөлөөлдөг талаар гэр бүл судлаач, сэтгэлзүйч С.Нямдаваатай ярилцлаа.

Бага насны хүүхдийг аливааг ойлгох, хүлээж авах хандлага, онцлогийг сэтгэл зүйн талаас юу гэж авч үздэг вэ?

-Хүүхдийн аливааг хүлээж авах хандлага, онцлог нь гэр бүлийн анхдагч орчноос эхлэл нь тавигддаг. Иймдээ ч эцэг эхчүүд хүүхдээ зөв хүмүүжилтэй болгохыг хүсдэг. Ерөнхийдөө  хүүхдээр хүн хийх, хүн болгон төлөвшүүлэх гэсэн үг. Хүүхдийг олон талаас нь дэмжин тусалж байж хүн болдог. Иймдээ ч  ганцхан монгол төдийгүй дэлхий нийт хүүхдийн онцлог, түүний хүмүүжил төлөвшлийн талаар судалж байна. Дэлхий нийтэд 0-7 насыг хамгийн чухал нас гэж үздэгУчир нь 0-3 насанд тархинд олон төрлийн эс нэгэн зэрэг задарч хөгжиж байдаг тул суурь тогтож үлдэх мэдээлэл, түүнд хандах хандлагын хүрээнд эргэн тойрныхноосоо суурь төлөвшлийг олж авч байдаг тул 12-оос доош насны хүүхэдтэй хүмүүс хүүхэдтэйгээ маш сайн ажиллах хэрэгтэй гэж үздэг юм.

-Хүүхдийн суурь хүмүүжлээ олж, хадгалж үлдэх боломжтой насны үе нь хэд байдаг юм бэ?

-Бага насандаа хүмүүжлийн 70 хувийг, харин өсвөр насандаа 30 хувийг авдаг. Тиймээс бага насанд нь хүүхэддээ суурь хэрэгцээг нь хангаж өгөх, анхаарал халамж, хайр энхрийллээр дүүрэн байлгаж чадвал суурь хүмүүжил сайн тавигдаж өгнө гэсэн үг. Хэрвээ та 0-12 насанд нь хүүхэддээ бага насанд нь анхаарч чадаагүй бол өсвөр насны хүмүүжилд барьж авна гэдэг бол маш хэцүү. Учир нь өсвөр насны хүмүүжлийг эцэг эхчүүд олгодоггүй. Өсвөр насанд хүрсэн хүүхдийг чиглүүлнэ л гэж ярьдаг. Яагаад гэвэл бага насанд нь  эцэг эхчүүд өгөх ёстой суурь хүмүүжлийг олгосон бол өсвөр насанд хүүхдүүд өөрөө өөрсдийгөө хүмүүжүүлдэг.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншина.


Холливудын оддын хувцсыг урладаг Монгол бүсгүй 

Домогт “Битлз” хамтлагийн дуучин Пол Маккартнийн охины үүсгэн байгуулсан “Stella McCartney” брэндийн оёдлын мастер, загвар зохион бүтээгч монгол бүсгүйтэй ярилцлаа. Түүнийг Дамдингийн Энхцэцэг гэдэг. Тэрбээр Англи улсын Лондон хотноо 22 жил амьдарч байгаа бөгөөд түүний урласан хар хөх өнгийн хамба хилэн даашинзаар энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолын тайзнаа Холливудын алдарт жүжигчин Оливиа Колман гангарчээ. Ингээд дэлхийд монгол эмэгтэйн ур ухааныг гайхуулж яваа түүнтэй бид онлайнаар холбогдож, ярилцлага авснаа хүргэе.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Дамдингийн Энхцэцэг гэдэг. Одоо Англи улсын Лондон хотноо гэр бүлээрээ ажиллаж, амьдарч байна. Би Улаанбаатар хотод төрсөн бөгөөд аравдугаар хорооллын 43 дугаар дунд сургуулийг төгссөн.

-Оёдлын технологич мэргэжилтэй байсан гэсэн үү. Энэ мэргэжлээ хаана эзэмшсэн юм бэ?

-Социализмын үед хүмүүс өөрсдөө хувцсаа хийж, оёж өмсдөг байсан шүү дээ. Тиймээс том эгч маань дүү нартаа хувцас оёж өгдөг байлаа. Би магадгүй тэр үеэс л хувцас оёх сонирхолтой болсон гэж боддог. Би найман жилийн дунд сургуулиа төгсөөд, Киргиз улсын Бишкек хотын Оёдлын ТМС-ийн эмэгтэй хувцасны ангийг гурван жил суралцаж төгссөн,

Оёдлын сургуулиа 1992 онд төгсч ирсний дараа Шилмэл загварын Ордонд оёдолчноор ажиллаж, ажлынхаа гарааг эхлүүлсэн. Сүүлд Английн Лондон хотод “University of Art London college of fashion” сургуулийг загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн юм.

-Та Англи улсад зохион бүтээгч мэргэжлээр суралцсан гэлээ. Анх Англи улсыг зорих болсон тухайгаа яривал?

-Би 1998 онд анх англи хэл сурахаар Лондон хотод хэлний бэлтгэлд ирж байсан. Хэлний бэлтгэлээ дуусгаад хэсэг ажил хийж, мөнгөө цуглуулаад 2007 онд Лондон хотод “University of Art London college of fashion” сургуульд элсэн орж загвар зохион бүтээгчээр төгссөн. Тэр үед сурахын хажуугаар ажил хийж сургалтын төлбөр болон амьжиргааны мөнгөө олдог байлаа. Би одоо Лондонд 22 жил амьдарч байна.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншина.


Д.Болд: Би романтик хүн

The Voice of Mongolia шоуны шүүгч, Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой ярилцлаа. Тэрбээр энэ жил шинэхэн “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустай хамтран цоо шинэ уран бүтээлүүдийг үзэгч, сонсогчиддоо хүргэхээр ажиллаж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлд “Vandebo” хамтлагтай хамтран шинэ уран бүтээл хийсэн байсан. Уран бүтээлийн сонин сайхнаас ярилцлагаа эхлүүлье?

-Сүүлийн үед ажил ундарч байна. “Vandebo” хамтлагтай хамтарсан шинэ уран бүтээл гаргасныг үзэгч, сонсогчид маань мэдэж байгаа. Мөн “The Voice Mongolia” шоу нэвтрүүлгийн эхний цувралын шилдэг оролцогчдынхоо уран бүтээлүүдийг хийж байна.

Хамгийн түрүүнд дуучин Ариу буюу Ж.Ариунжаргалын “Тал нутгийн охин”, дараагаар нь дуучин Билгүүн, Бүжээ нарын уран бүтээл дээр ажиллалаа. Тун удахгүй багийнхаа дараа дараагийн бүтээлийг гаргах гээд бэлдэж байна.

-Монгол Улсдаа дэлхийн стандарт хангасан албан ёсны “А” зэрэглэлийн студи байгуулах гэж байгаа гэж сонссон.  Студиэ бидэнд танилцуулж болох уу?

-Шинэхэн “440 HZ” нэртэй дуу бичлэгийн студийнхээ тоног төхөөрөмжийг Английн “SSL” компаниас оруулж ирсэн. Студийн зураг төслийг АНУ-ын дэлхийд алдартай студийн дизайнерууд гардаж, зөвлөгөөний дагуу ажлуудыг нь хийсэн. Энэ студийнхээ тоног төхөөрөмж, материалыг Англи, Америкаас авч, албан ёсны дэлхийн стандартын студийг Монголдоо хийхээр зорьж байна. Студиэ энэ жилдээ багтаж ашиглалтанд оруулна.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншина.


"Энэ жил найман байршилд дугуйн зам барина"

Автомашины түгжрэлээс залхсан иргэд дугуйгаар хөдөлгөөнд оролцох сонирхолтой болсон. Гэвч зориулалтын зам талбай хангалтгүй байгаагаас иргэд дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож чадахгүй хэвээр. Тэгвэл энэ жил Улаанбаатар хотод 52.2 км дугуйн замын иж бүрэн төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар Хот төлөвлөлт, судалгааны институтийн дарга Ч.Рэгзмаагаас тодрууллаа.

-Улаанбаатар хотод энэ жил хамгийн урт дугуйн замыг барина гэж сонслоо. Танай байгууллага дугуйн замын зураг төслийг хариуцан ажиллаж байгаа гэсэн үү?

-УИХ -ын 13 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын 2020-2030 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийг төр захиргааны байгууллагууд мөрдлөгө болгон хэрэгжүүлж ажилладаг. Энэ ажлын хүрээнд авто замын мастер төлөвлөгөөг 2017-2018 онд хэд хэдэн томоохон судалгааг хийж, боловсруулж дууссан. Жишээлбэл, өрхийн зорчилтын судалгаа, авто замын ашиглалт, хамгаалалт гэх мэт олон судалгааг хийсэн.

Уг ажлын дагуу 2030 он хүртэл Улаанбаатар хотын барилгажсан нутаг дэвсгэр дээр 800 гаруй км дугуйн зам барихаар төлөвлөөд буй. Манай Хот байгуулалт, хөгжлийн газраас 2018 онд Улаанбаатар хотын дугуйн замын техник эдийн засгийн нөхцлийг захиалж, боловсруулсан. Энэ ажлын хүрээнд хэд хэдэн дугуйн замыг хийгээд байна. Энэ онд ажлаа үргэлжлүүлэн хийх болно.

Манай байгууллагаас нийслэлийн найман байршилд нийт 52.2 км дугуйн замыг барихаар зураг төслийг хийгээд дуусч байна. Уг ажлыг хавар барилгын ажил эхлэхээр хийхээр төлөвлөсөн. Одоо бэлтгэл ажлаа хангаад явж байна.

-Найман байршилд байгуулах дугуйн замын маршрутыг танилцуулбал?

-Нийслэлийн барилгажсан хэсгийн хэвтээ, босоо тэнхлэгт гол замуудаа түшиглэн дугуйн замыг эхний ээлжинд барьж байгуулна. Цаашдаа 2030 он хүртэл дугуйн замыг нэмж байгуулна.

Тодруулбал, Таван шар- 10 дугаар хороолол, Саппорогоос хойшоо 3.4 дүгээр хорооллын гол замаар яваад Баянбүрдийн уулвар хүртэл, Самбуугийн гудамж болон Офицеруудын ордон-Зүүн дөрвөн зам, Зүүн дөрвөн зам-Багшийн дээдийн уулзвар хүртэлх, Богд уулын арын зам, Туул голын арын далан дагасан зам, 2019 онд ажил нь эхэлсэн Улиастайн уулзвараас Налайх хүртэлх зам дагасан байршлын зураг төслийг боловсруулсан. Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар  хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7.1 км дугуйн замыг энэ зун ашиглалтад оруулна.  Одоогийн байдлаар дугуйн замын далан барих ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Дэлгэрэнгүйг ЭНЭ  линкээр орж уншина.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж