Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас E-mart худалдааны төвд махны үнээ буулгах чиглэл өгч, хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Махны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн гэх иргэдийн гомдлын дагуу өнөөдөр /2020.03.13/ ШӨХТГ-аас E-mart худалдааны төвд ажиллаж дээрх шийдвэрийг гаргасан байна.
ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Бидний тавьсан хяналт шалгалтын дагуу үнээ буулгалаа. Зарагдаж байгаа махандаа шинжилгээний бичгээ тавиагүй, үнээ бичээгүй зөрчил илэрсэн. Өнөөдрөөс үнээ буулгаж хэвийн болгосон. Хомсдол үүсээгүй байхад зохиомлоор үнээ нэмэх ёсгүй. Зөрчлийн хуулиар 5-20 сая төгрөгөөр торгох заалттай. Шалгаж дуусаад ямар шийтгэл ногдуулах нь тодорхой болно. Иргэд хэрэглэгчид үйлчилгээний байгууллагатай холбоотой санал хүсэлтээ нотлох баримттайгаар бидэнд мэдээлбэл хяналт шалгалтыг цагдаагийн байгууллагатай хамтран явуулах болно” гэлээ.
Харин Е-mart худалдааны төвийнхөн "Бид ‘Баяндэлгэр хүнс’ компанийн фирмийн махыг худалдаалдаг. Энэ компани махаа бэлтгэж, тээвэрлэхдээ, чанарын шаардлага тавиад явдаг газар. Мөн коронавирусийн халдварын энэ үед махны нийлүүлэлт ганц манай дээр ч гэлтгүй бусад захуудад ч гэсэн хэцүү байгаа. Манайд мах нийлүүлдэг "Баяндэлгэр хүнс" компани нөхцөл байдалтайгаа нийлүүлээд манайх махны үнээ нэмэх шаардлага тулгараад байна гэсэн хүсэлт өгсөн. Үүний дагуу бид махаа тасалдуулахгүйн тулд хүлээж аваад, махны үнээ жаахан нэмсэн. Огцом айхтар нэмээгүй. Бага зэрэг нэмсэн" гэх тайлбар өгсөн билээ.
Иргэдийн зүгээс өөрийн цахим хуудсаар дамжуулан Е-mart худалдааны төвийн Чингис дэх салбарт энэ сарын 8-ны өдөр үхрийн мах кг нь 16600 төгрөг, хонины нуруу 10600 төгрөгийн үнэтэй байсан бол энэ сарын 11-ний өдөр үхрийн мах кг нь 18100 төгрөг, хонины нуруу 12100 төгрөг болж нэмэгдсэнийг шүүмжлээд байсан юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ