Монголд нефтийн үйлдвэр хэрэггүй болсон уу?

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

Монголд нефтийн үйлдвэр хэрэггүй болсон уу?

Монголд газрын тосны боловсруулах үйлдвэр хэрэггүй, гаднаас хараат байдлаараа дуусъя гэсэнтэй агуулга нэг шийдвэрийг дөнгөж сая УИХ гаргалаа.

Учир юу вэ гэвэл УИХ-ын гишүүн Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг говийн бүсэд баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулахад шаардлагатай хөрөнгийн зардлыг улсын төсөвт суулгасныг хасах санал оруулж ирснийг гишүүд гар өргөн дэмжиж, ярс хийтэл батлаадахлаа. Их л том хэрэг бүтээсэн улсууд шиг Ардчилсан намын гишүүд маадгар сууцгааж байна.

Уг нь хэдхэн цагийн өмнө Ерөнхий сайдыг 11-11 төвд ажиллах үед иргэд Ховд аймагт шатахууны үнэ 1 литр нь 2100 төгрөг байгаа тухай гомдол мэдүүлж, Улаанбаатар хотын хэрэглэгчдийн үнийн төвшинтэй ойртуулж өгөх хүсэлтийг тавьсан. Үнийг ойртуулахад амаргүй болохыг гүйцэтгэх засаглалын тэргүүн учирлаж, дотооддоо боловсруулах үйлдвэртэй болохын төлөө Засгийн газар ажиллаж байгааг хэлсэн. Гэтэл УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон Ардчилсан намын гишүүд нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ барихад шаардлагатай хөрөнгийг хасаад хаялаа шүү дээ.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэчнээн учирлав. Даанч ойлгосонгүй. Газрын тосны боловсруулах үйлдвэртэй болох нь Монголын нэг номерын зорилго байх ёстой. Үүнийгээ ч Ардчилсан намын удирдлагууд энд тэнд очихоороо их гоёоор ярьдаг. Харамсалтай нь, хэлж ярьдаг зүйлийнхээ эсрэг л юм байна.

Нефть бол стратегийн чухал бүтээгдэхүүн, дотооддоо боловсруулдаг болоогүй цагт гадны хараат байдлаас бид гарч чадахгүй. Энэ тухай Д.Ганхуяг гишүүн Уул уурхайн сайд байхдаа мөн ч их ярьсан. Хэлбэр байсан юм уу, нэг том эх орончийн дүрд тоглох.

Үнэхээр харамсалтай, Ардчилсан намынхан энэ асуудалд нэгдмэл байр суурьтай байж чадсангүй. PR хийх болохоороо бид боловсруулдаг үйлдвэртэй болно гэж том ярьдаг. одоо ингэж ярихаа больсон нь дээр биз. Онигоо шүү дээ.

Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 25 жил болж байна, энэ хугацаанд яагаад нэг ч гэсэн нефть боловсруулах үйлдвэр Монголд баригдаагүй, монголчууд дэлхийн зах зээлээс өндөр үнэтэй нефть хэрэглэж байгаа вэ?. Энэ бол улстөрчдийн та бүхний арчаагүйгээс болсон хэрэг. Хэзээ ч нэгдсэн санаатай байж, нефть боловсруулах үйлдвэртэй болох зоригтой шийдэл гаргаж байгаагүйтэй холбоотой шүү.

Нефть боловсруулах үйлдвэртэй болно гэдэг бол Монголын том эрх ашиг. Том “буян” хийлээ, Д.Ганхуяг гишүүн ээ.

Дахиад хэлье харамсалтай, АСЕАМ-ын аюулгүй байдлыг хангахад зориулж 13 тэрбум төгрөг төсөвт суулгаж байж, говийн бүсэд баригдах нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах хөрөнгө болох 1 тэрбум төгрөгийг суулгачихаар яах гээд байгаа юм бол.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж