Гэрээсээ хэрхэн эрүүл ажиллах вэ?

Хуучирсан мэдээ: 2020.03.13-нд нийтлэгдсэн

Гэрээсээ хэрхэн эрүүл ажиллах вэ?

Гэрээсээ хэрхэн эрүүл ажиллах вэ?

Шинэ коронавирусийн халдвар олон оронд илэрч, улмаар хөл хорио тогтоон хүмүүс гэр хэмээх шинэ оффисоосоо ажиллаж үзэж байна.

Анхандаа гэрээсээ ажиллах нь мөрөөдлийн юм шиг л санагддаг байлаа. Ажилдаа явах гэж эрт босохгүй, сатааруулдаг, дургүй ажилтнуудтайгаа тааралдахгүй, даргадаа загнуулж стресстэхгүй гээд л. Гэвч бодит байдал дээр бүх зүйл санаснаар байсангүй. Хүмүүс ганцаардаж, гэр нь жижигхэн санагдаж, ажлын цаг хэзээ ч дуусахаа больсон.

Ажилчдынхаа 40 хувийг гэрээс нь ажиллуулсаар ирсэн 15Five компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Дэвид Хассел “Гэрээсээ ажиллахын хамгийн гол зүйл нь ганцаардлын сэтгэлзүйн нөлөө гэж бодож байна” хэмээгээд дараах зөвлөгөөг өгчээ.

ЗАВСАРЛА

Үнэндээ ямар ч ажилтан оффис дээрээ тасралтгүй найман цаг ажилладаггүй шүү дээ. Бүгд л кофе ууж, хоолонд гарч, хамтрагчидтайгаа ярилцаж, ажлаас хөндийрч олон удаа завсарладаг. Гэрээсээ ажиллана гэдэг нь энэ бүхнийг болино гэсэн үг биш.

“Ачаалал даах чадвар хүн бүрт өөр өөр байдаг. Гэвч тасралтгүй найман цаг ажилладаг хүн гэж үгүй. Тиймээс гэртээ ч завсарлаж байх хэрэгтэй” хэмээн Леновогийн маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Дэвид Рабин ярьжээ. Зөв завсарлах нь ажлын бүтээмжийг ч нэмэгдүүлэх сайн талтай.

ТЭНЭ. ГЭХДЭЭ ХЭТРҮҮЛЖ БОЛОХГҮЙ

Өөр орчинд ажиллаж сурахад цаг хугацаа шаардлагатай. Хэрвээ та ажил дээрээ “гүйдэг” ажилтан байсан бол гэртээ ажиллахдаа ч оффис дээрээ ширээ, уулзалтын өрөө, амрах өрөө зэргээр хэсдэг байсан шигээ “тэнэх” хэрэгтэй хэмээн Рабин зөвлөжээ.

Гэхдээ ажиллах орчноо өөртөө тааруулж төлөвлөх хэрэгтэй. Жишээ нь сайн бодох шаардлагатай ажлыг чимээгүй буландаа, зурвас унших болон хөнгөн ажлуудыг тагтан дээрээ гэх мэт. Мөн ажил бодолгүй завсарлах боломжтой орон зай үлдээхээ мартаж болохгүй. Огт ажил хийдэггүй тийм орон зай үлдээлгүй бүх өрөөндөө ажилладаг болчихвол амрах байтугай шөнө унтахад ч төвөгтэй болдог хэмээн мэргэжилтнүүд зөвлөсөн байна.

ЦАГАА БАРЬ

Гэрээсээ ажиллаж байгаа учир ажилдаа явах гэдэг ойлголт байхгүй болно. Гэхдээ энэ нь таны ажлын цаг эрт эхлэх ёстой гэсэн үг биш. Тиймээс босдог цагтаа босч, ажил эхлэх хүртэл цагийг өөртөө болон гэр бүлдээ зарцуулаарай.

ТОДОРХОЙ ЗААГ ТОГТОО

Мэргэжилтнүүдийн анхааруулснаар гэрээсээ ажиллана гэдэг нь илүү цагаар ажиллах ёстой гэсэн үг биш. Дарга, менежерүүдтэйгээ ажиллах цагаа тохирч, түүнийгээ баримтал.

Ажлын цаг дуусмагц компьютерийнхээ араас босч, гэрийн, эсвэл үдэшлэгийн “хувцсаа өмсөж”, өөрийн амьдралдаа анхаараарай. Ажлаа хийж байхад тань таныг санасаар суусан гэр бүлийнхэндээ цаг гаргах нь сургууль, цэцэрлэг хаагдсан энэ үед бүр ч чухал шүү. Ажлын орчин бүрдүүлсэнтэйгээ адил ажлын цаг, тоглох цаг, амрах цагаа нарийн тооцоолж, түүнийгээ баримтлах нь нэн чухал.

ЦАРАЙГАА ХАРУУЛ

Ажлынхантайгаа холбоо барихдаа аль болох дүрсээ харж ярилцаарай. Тэгвэл ажлын харилцаанд сайн нөлөөтэйн хажуугаар ганцаардлаас ангижрахад ч тустай. 15Five компанийн ажилчид хаанаас ч ажиллаж байсан долоо хоногт гурван удаа дүрстэй дуудлагаар дамжуулан хуралддаг байна.

ЧАЛЧАА БАЙ

Гэрээсээ ажиллаж байхад хэн нэгэн таны, эсвэл та хэн нэгний ширээн дээр очиж “чалчих” юм уу, угаалгын өрөө орох замдаа тааралдсан нэгэнтэйгээ амралтын өдрийг хэрхэн өнгөрүүлэх гэж буйгаа ярилцах шаардлагагүй болно. Ийнхүү эргэн тойронд хүмүүс байхгүй байх нь хүмүүсийн дунд байхдаа эрч хүчтэй байдаг хүмүүсийн хувьд хүнд байж магадгүй.

Гэхдээ ажил дээрх шиг яриаг гэрээсээ ч хийж болно. Та бага зэрэг идэвхтэй байхад л хангалттай. Ажлынхаа үе шатыг багийнхандаа болон даргадаа цаг тухайд нь танилцуулж, шинэ төрсөн санаагаа хуваалцаад үзээрэй. Мөн ажил дээр найзалдаг хамтрагчтайгаа энгийн үед ч гэсэн дүрсээ харалцан ярьж болно шүү дээ.

15Five компанийн хувьд ажилчид хоорондоо ярилцах зориулалт бүхий хоёр суваг байдаг аж. Нэг суваг нь харьцангуй албаны бөгөөд тус сувгаар дамжуулан ажилчид хийж байгаа ажил болон холбоотой бусад зүйлсийн талаар хэлэлцдэг бол “Ус буцалгагч” хэмээн нэрлэдэг нөгөө сувгаар нь хэвийн, чөлөөтэй, хөгжилтэй зүйлсийн талаар ярилцдаг аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж