З.Энхболд гүрийв үү, Л.Наранбаатар гүтгэв үү?

Хуучирсан мэдээ: 2020.03.13-нд нийтлэгдсэн

З.Энхболд гүрийв үү, Л.Наранбаатар гүтгэв үү?

З.Энхболд гүрийв үү, Л.Наранбаатар гүтгэв үү?

Яг энэ янзаараа бол Тавантолгойн хэрүүл хэзээ ч дуусахгүй, эндээс илүү их мөнгө олно гэдэг үлгэр бололтой. Яагаад гэвэл Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал хөндөгдөх бүрт З.Энхболд гарч ирээд галладаг, гацаадаг болсон. Энэ удаад М.Энхсайханы замаар У.Хүрэлсүх, эсвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар алхаж мэдэхээр болжээ.

Эдийн засагч Л.Наранбаатар “Страто” компанитай холбоотой хэвлэлийн бага хурал хийх тухай зар түгээхтэй зэрэгцээд УИХ-ын дарга асан З.Энхболд твиттертээ “Оймс Наранбаатар хэвлэлийн хурал хийж намайг гүтгэнэ” гэж яаран сандран жиргэсэн нь “гэмт хүн гэлбэлзэнэ” гэгч болж харагдав, хардагдав.

Л.Наранбаатарын өгсөн мэдээллээр З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын хамаарал бүхий “Страто” компаниас болж Тавантолгойн хувьчлалыг улстөржүүлж байна гэсэн ойлголт төрсөн. Тэрбээр “Страто” ХХК-ийг З.Энхболд байнга өмгөөлдөг. Тэр битгий хэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 1.5 сая тонн авч ашиг олдог мөртлөө АМНАТ төлөхгүй байх хуулийг батлуулах гэж хичээсэн. Хоёрдугаарт, З.Энхболд “Хишиг арвин” гэдэг ХХК-тай холбоо хамааралтай. Энэ компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайд хөрс хуулж, асар их ашиг олж байгаа.

Улс төрийн нөлөө бүхий хүмүүс Япон улсын иргэнийг хилсээр яллаж хөөж явуулаад “Суруга Монгол” ХХК-ийг дээрэмдэж авсан. Тэр компанийн эзэмшиж байсан газар дээр “Хүннү 2222” гэдэг хороолол боссон. Энэ хорооллын таван орон сууцны наймдугаар давхрыг тэр чигт нь З.Энхболдын төрсөн дүү авсан байна. Энэ байруудын үнэлгээ нь 4-5 тэрбум төгрөг хүрнэ. Тэр хүн ямар мөнгөөрөө ийм их байр авсан асуудлыг хуулийн байгууллагуудаар шалгуулж тогтоолгоно.

З.Энхболд гэдэг хүн Монголын нийт ард иргэдэд очих ёстой ашгийг ганцаараа сорж байгаа учраас би тэр хүнийг шалгуулах хүсэлтээ гаргаж байна” гэв.

“Страто” компанитай холбоотой асуудалд З.Энхболд тайлбар өгөх бүртээ “Страто манай дүүгийн компани биш. Надтай ямар ч холбоогүй. Огт өөр хүмүүсийн компани. Надтай холбоод байвал цагдаад өгнө” гэж айлгадаг, сүрдүүлдэг.

Мөн “Хишиг Арвин” компанийг мөн л өөртэй нь хамааралгүй, хамаатуулж бичвэл цагдаад шалгуулна гэсээр ирсэн. Тэгэхээр өнөөдрийн хэвлэлийн бага хурлын мэдээнээс харахад З.Энхболд гүрийв үү, Л.Наранбаатар түүнийг гүтгэв үү.

Ямартай ч “Хишиг арвин”, “Старто” компани З.Энхболдтой хамаарал бүхий компани биш юм бол З.Хишигтогтох нь тэр баримтаа үзүүлэх хэрэгтэй. Үгүй бол, цагдаагаар сүрдүүллээ гээд З.Энхболдын няцаалт үнэн гэсэн үг биш. Л.Наранбаатарын хэлснээр бол Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах нь З.Энхболдын төрсөн дүүгийн компанид ашиггүй гэнэ. Тэгэхээр Тавантолгойг улс төржүүлж, удаа дараа гацааж ирсэн З.Энхболдын цаад сонирхол нь ард түмний эрх ашиг биш ах дүүсийн компанийн эрх ашиг байсан болж таарав уу.

Хулгайч хулгайчийг бариарай гэж үг бий. Тавантолгойг эдийн засгийн ач холбогдолтойгоор эргэлтэд оруулах гэсэн бүхнийг гэмтэн болгочихоод жинхэнэ гэмтнүүд нь гэмгүй дүрд тоглов уу. Хэрэвзээ, Л.Наранбаатарын үг үнэн бол чононд хонио хадгалуулсантай адилхан болчихоогүй байгаа!

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж