Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2020.03.13/ Монгол Улсын 2020 оны хоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийн мэдээллийг танилцууллаа.
Статистик мэдээллээр нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2019 оны IV улирлын байдлаар 1.2 сая төгрөг болж нэмэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 122.4 (10.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 76.3 (6.5%) мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 122.4 (10.9%) мянган төгрөгөөр өсөхөд:
- Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 139.8 (18.8%) мянган төгрөг,
- Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 163.7 (17.5%) мянган төгрөг,
- Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 427.2 (17.1%) мянган төгрөг,
- Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 181.5 (16.3%) мянган төгрөг,
- Ус хангамж; бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарынх 115.1 (14.2%) мянган төгрөг,
- Урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх 102.9 (14.2%) мянган төгрөг,
- Боловсролын салбарынх 121.2 (13.8%) мянган төгрөг,
- Мэдээлэл, холбооны салбарынх 149.6 (13.6%) мянган төгрөг,
- Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарынх 124.2 (13.5%) мянган төгрөг,
- Барилгын салбарынх 148.2 (13.2%) мянган төгрөг,
- Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарынх 101.9 (12.5%) мянган төгрөг,
- Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарынх 185.8 (11.9%) мянган төгрөг,
- Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 144.8 (11.2%) мянган төгрөг,
- Бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарынх 100.7 (11.0%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин өнгөрсөн оны IV дүгээр улиралд 2010 оны мөн үеэс 3.3 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 69.5 хувиар нэмэгдсэн байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл, Баруун бүсэд 838.9 мянган төгрөг, Зүүн бүсэд 951.2 мянган төгрөг, Хангайн бүс болон Төвийн бүсэд 1.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 145.6-403.8 (11.7%-32.5%) мянган төгрөгөөр бага байна. Харин Улаанбаатар хотод ажиллагсдын сарын дундаж цалин 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар 1.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 123.2 (9.9%) мянган төгрөгөөр их үзүүлэлт юм байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ