Хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулан шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх ажлын талаар өнөөдөр /2020.03.13/ холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 14 дүгээр хороод, Дэнжийн мянгын 1, 2, 3, 4 дүгээр хорооны үерийн далангийн сувгууд, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо болон 27 хорооны Толгойт хэсэг, Баянзүрх дүүргийн 9, 13, 14, 22 дугаар хороодын далан сувгууд, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо гэх мэт нийслэлийн хэмжээнд нийт 15 хороодод халиа дошин үүсчээ. Дээрх хороодод хөрсний уснаас үүссэн халиа дошинг холбогдох мэргэжлийн албад хэвийн болгохоор ажиллаж байна.
Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой комиссын нэгдүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шат дараалсан арга хэмжээнүүд авч ажиллаж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 10 хороодод үерийн усны далан суваг барихаар болжээ.
Одоогийн байдлаар далан суваг барих, хөрсний болон булгийн усыг зайлуулах талаарх шугам зургийг баталгаажуулж, Автозамын газартай трассны асуудлаар зөвшилцөж байгаа талаар ЗАА-ны хотын Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн мэдээллээ. Мөн жил бүр хөрсний уснаас халиа дошин үүсч байгаа учир шалтгааныг нарийвчлан тогтоохоор холбогдох эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр дуулгалаа.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ