Эрүүл мэндийн яам цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Thursday, March 12, 2020
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийж байна. Тус яамнаас Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол гарсантай холбоотойгоор халдвар голомтлон тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд долоо хоног бүр ДЭМБ-аас зөвлөгөө авч, туршлага судлах хүсэлтээ гаргасан байна.
ДЭМБ-аас өчигдөр Монгол Улсын Эрүүл мэндийн яам ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу арга хэмжээг авч хэрэгжүүлж буйг онцлон тэмдэглэжээ.
ДЭМБ-ын ажилтан ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ДЭМБ-ын 12 чиглэлийн 20 удирдамжийг Монгол Улс баталж хэрэгжүүлээд байна. Монгол Улсад анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан халдвар голомтлон тархах, халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд долоо хоногт хоёр удаа эмч мэргэжилтнүүд онлайн сургалт зохион байгуулж, туршлага судлахаар хүсэлт гарган ажиллаж байна” гэлээ.
ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 1273 ИРГЭНИЙГ АЖИГЛАЛТАД АВЧ ХЯНАСААС 282 СЭЖИГТЭЙ ХҮНИЙГ ТУСГААРЛАЖ, ОНОШ ҮГҮЙСГЭГДСЭН
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал
-Халдвар авсан иргэнээ сэтгэл санаагаар унагахгүй арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь халдварын тархалтыг урьдчилан сэргийлж чадна. Хуралд оролцсон олон улсын байгууллагын төлөөллүүд иргэд эмнэлэгт сандарч бөөгнөрөх нь өөрсдөдөө халдвар авах эрсдэл авчрах магадлал өндөр гэдгийг сэрэмжлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1273 иргэнийг ажиглалтад авч хянасан байна. Үүнээс 282 сэжигтэй тохиолдлын онош үгүйсгэгдсэн. Ховд аймгийн Булган суманд тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал сайн байна. Дархан-Уул аймаг Алтанбулагийн хилээр 10 иргэн ирсэн. Филиппин, Тайланд, Шанхай, Германаас ирсэн, тусгаарласан. Тус аймагт 72 хүн ажиглалтад байна.
ХӨСҮТ-д франц иргэний биеийн байдал тогтвортой байна. Тухайн иргэн тайван, хоолоо идэх, шингэн зүйл уух, эмч нартай ярилцаж байна. Зүрх судасны эмчилгээ оношилгоо хийж байна. Засгийн газрын 77 дугаар тогтоолоор 6.5 тэрбумаар эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авахаар зохион байгуулж байна. Хэвлэлийн бага хурлыг нийт 58 удаа зохион байгууллаа.
ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУНД ЭРГЭЛЗЭХ ШААРДЛАГАГҮЙ
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү
-Өвчтөний ойрын хавьтал болсон 58 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Ойр дотно байсан есөн хүний онош үгүйсгэгдсэн гэдгийг онцолж байна. Өнөөдөр Дорноговь аймгаас шинжилгээ нэмэлтээр ирнэ. ХӨСҮТ-д гуравдугаар сарын 11-нд тусгаарлагдсан найман хүнээс авсан шинжилгээний хариугаар коронавирус илрээгүй. Өчигдөр нэг сэжигтэй тохиолдол илэрч, ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Сэлэнгэ аймагт 13 хүнийг хяналтад авсан байна. Хяналтад байгаа хүмүүст байнгын ажиглалт хийж байна. Гэрээрээ байгаа хүмүүс шинж тэмдэг илэрвэл эмчид хурдан мэдэгдэхийг уриалж байна.
Франц иргэний хавьтал болсон иргэдийн талаар дэлгэрэнгүй яривал их зүйл яригдана. Шинжилгээ, тест хангалттай байгаа. Бид өөрсдийн боломж нөөцийг ашиглан зохион байгуулахад онцгой анхаарал хандуулж байна. Нэмэлтээр түргэвчилсэн оношлуур ирсэн. Энэ нь хувь нэмрээ өгөх боловч эцсийн 24:00 цагт гардаг нарийн шинжилгээгээ голлоно. Тиймээс оношлуурын тоо, шинжилгээнд санаа зовох хэрэггүй. Шинжилгээний хариу сөрөг гарсан ч 14 хоногийн хугацаанд тусгаарлаж хянана.
Франц иргэнд дахин шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илэрсэн нь тодорхой болсон. Сэтгэл санаа, биеийн байдал нь хэвийн байна. Франц иргэн Монголд эмчлүүлэх хүсэлтээ гаргасан. Бидний эмчилгээ үйлчилгээнд итгэж найдаж буйгаа илэрхийлж байна. Халууныг өдөрт тодорхой давтамжтай үзэж байна. Амин үзүүлэлтийг нь тогтмол хянаж байгаа. Манай эмчилгээ зөв хийгдэж байна. Дээр нь нэмж хэлэхэд, шинжилгээний мэдээллийг урьдчилан өгсөн хүмүүст бид холбогдох хариуцлага тооцно. Урьдчилан мэдээлэл өгч байгаа нь бидний ажилд хүндрэл учруулж байна. Бид мэдээллийн нэг урсгалаар л өвчтөний биеийн байдлын талаар танилцуулна” гэлээ.
ЭХЭМҮТ-Д ХАЛУУРСАН ХҮҮХЭД ФРАНЦ ИРГЭНТЭЙ ХОЛБООГҮЙ
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл
-Франц иргэнтэй хавьтсан бүх иргэнийг судалгаа шинжилгээгээр олж, хяналтад авсан тул санаа зовох хэрэггүй. Ханиалгаж найтаалгах үедээ тусгаарлагдсан байсан тул тархвар бага хэмжээнд байна гэж бид үзэж байна. Ойрын хавьтлын 207 хүнийг бүрэн шинжилж байгаа. ЭХЭМҮТ-д өндөр халуурсан хүүхдийг эмч мэргэжилтнүүд үзсэн. Хүүхдийн шинж тэмдэг франц иргэнтэй ямар ч холбоогүй”
ИРГЭД ГЭРТЭЭ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЛГЭХЭЭС ИЛҮҮТЭЙ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд ЗӨСҮТ-өөс ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа тул иргэд ЗӨСҮТ-д халдваргүйжүүлэлт хийлгэх дуудлага өгөх болжээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь цэвэрлэгээ гэдгийг ЗӨСҮТ-өөс онцоллоо.
ЗӨСҮТ-ийн Дэд захирал Б.Амгаланбаяр
-Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор аж ахуйн нэгж байгууллага, халдварын сэжигтэй голомтод халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Голомт гарсан сэжигтэй, халдвартай тохиолдлын байсан газруудад халдваргүйжүүлэлтийг зохион байгуулж байна. ЗӨСҮТ-өөс нийт 282 сэжигтэй тохиолдлын зорчсон маршрут 22801 м2 талбайд халдваргүйжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор манай төв рүү иргэд хандаж, халдваргүйжүүлж өгөөч гэх хүсэлт гаргаж байна. Иргэд аж ахуйн нэгжүүдэд анхааруулж хэлэхэд халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг тул иргэд гэртээ цэвэрлэгээ хийх нь илүү үр дүнтэй.
Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх, цонхоо нээж агааржуулах нь хамгийн чухал. Өдөрт хоёр цаг тутамд 10 минут агаар сэлгэх хэрэгтэй. Халдваргүйжүүлэлтийн бодисыг мэргэжлийн байгууллага тооцоолж тусгай газар хадгалдаг тул иргэдэд харшил өгөх эрсдэлтэй. Тиймээс иргэд гарын доорх материалаар саван, близна, цэвэрлэгээний бодисуудыг гэртээ ашиглах нь зүйтэй. Мэргэжлийн халдваргүйжүүлэлтийг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн үед л хийдэг гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй” гэлээ.
Иргэд хүний гар хүрэх бүх бохир зүйлийг өдөрт 2-3 удаа угаахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөв. Энэ нь халдвар гарахаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэлээ.
Холбоотой мэдээ