Төв банк дөрөвдүгээр сараас цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн 1 унцын мөнгөн гулдмай, 1000 гр мөнгөн гулдмай, 4 килограмаар савласан үрлэн мөнгө, албан ёсны сертификат бүхий үнэт металлыг байгууллага, иргэний хүсэлтээр худалдаалахаар бэлтгэж байгаа ажээ. Ингэснээр дотоодын гар урчууд гарал үүсэл нь тодорхой үнэт металлаар үйлдвэрлэх явуулах, үнэт металлын худалдаа эхлэх боломж бүрдэнэ гэж үзэж буй юм байна.
Монголбанк 2020 он гарснаас хойш нийт 1.7 тонн цагаан мөнгө худалдан авчээ. Энэ нь худалдаж авсан үнэт металлын дүн III сарын 11-ний байдлаар өмнөх оны мөн үеэс 3.7 тонноор өсөж, 4.9 тонн хүрэхэд нөлөөлсөн байна. Хувиар илэрхийлбэл 400 хувийн өсөлт харуулжээ.
Дашрамд дурдахад, шинэ төрлийн коронавирусийн улмаас алтнаас бусад хөрөнгө оруулалтын хэрэгсэлд итгэх итгэл буурч, олон улсын зах зээлд алтны үнэ 2012 оноос хойш дээд түвшин буюу унц нь 1700 ам.доллар хүртлээ өсөв. Энэ нь алт тушаалтыг нэмэгдүүлэх хөшүүрэг болжээ.
Тухайлбал гуравдугаар сарын 11-нд Төв банкны худалдаж авсан алтны үнэ грамм нь 147 мянган төгрөгтэй тэнцэж байсан нь өмнөх оны мөн үед 109 мянган төгрөгөөр худалдаж авч байсантай харьцуулахад 35 хувиар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн онд АМНАТ-ийн эрх зүйн орчны тодорхой бус байдлаас үүдэж оны эхний саруудад тонн хүрэхгүй алт худалдаж авч байв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ