АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2020.03.12/ өмнөх шигээ гэнэтийн байдлаар нэгэн мэдэгдэл хийсэн юм. Энэ нь шинэ төрлийн коронавирусийн тархалтаас сэргийлэхийн тулд АНУ-аас Европ руу, Европоос АНУ руу ирэх бүх жуулчны урсгалыг зогсоох шийдвэр байв. Огцом, гэнэтийн шийдвэр гаргадаг нь түүний гэм биш зан гэдгийг Ерөнхийлөгч болсноос хойш гаргасан бусад шийдвэрүүдээс нь харж болно.
Уг шийдвэрийг тэр ард түмнээсээ оноо авах гэж гаргасан уу, үнэхээр “Америк нэгдүгээрт” хэмээх үзэл баримтлалынхаа үүднээс гаргасан уу гэдгийг мэдэхгүй ч энэ удаагийн шийдвэр сүүлийн жилүүдэд хөндийрөөд буй АНУ болон Европын орнуудын харилцаанд дахин цав суулгаж мэдэхээр байна.
Коронавирус хэмээх энэ тахал дэлхийн хурцадмал байдлыг улам дордуулж байгаа ч зарим улс орнууд, ялангуяа Хятад, Орос улсуудын удирдагч үүнийг аль хэдийн өөрт ашигтайгаар эргүүлээд эхэлжээ.
Энэ долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпин вирусийн голомт болсон Ухань хотод дахин очиж, эмнэлгийн ажилтнуудад олон арван мянган хүнийг эдгээж байгаа гайхалтай үйлсэд нь талархаж буйгаа илэрхийлэв. Үүгээрээ тэр Хятад улс аюулыг ардаа орхилоо, өвчнийг барьж тогтоож чадлаа гэсэн санаа илэрхийлсэн нь нэр хүндийг нь илт өсгөж байна.
-Давуу талыг хайх нь-
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч мөн Ши Жиньпинтэй адил аюулт өвчнийг өөрт ашигтайгаар эргүүлэхээр шийдсэн бололтой. Энэ долоо хоногт газрын тосны үнэ унасан нь Путины хувьд хар дарсан зүүд байсан ч тэрбээр энэ завшааныг ашиглан олон жилийн турш арын халаасандаа нууж байсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр ханцуй шамлалаа.
Ерөнхийдөө Ши Жиньпин бус, түүний доор ажилладаг хүмүүс, өвчинтэй шууд нүүр тулж буй эмч нар гэх мэт хүмүүс ачааны хүндийг үүрсэн ч магтаал нь Ши дарга дээр ирэв.
Дэлхийн ихэнх улс орнууд коронавирусийг гай гамшиг гэж харж байсан бол Ши үүний давуу талыг хайж байсан. Түүний албан тушаал, Хятадын эдийн засаг, дэлхийн хүчирхэг улс гэх байр суурь, эцэст нь дэлхийн тавцан дахь Ши Жиньпиний өөрийн байр суурь гээд бүх зүйл нь эрсдэлд орсон ч тэр коронавирусийг давуу тал гэж харсаар байсан. Мэдээж Хятад улс энэ өвчнийг ялан дийлж байгаа нь бусад улс орнуудын хувьд туршлага судлах, үлгэр дуурайлал авах хэрэг.
Саяхан хэвлэгдсэн Хятадын Засгийн газрын тайланд “Коммунист нам болон Ши Жиньпиний удирдлага дор Хятадын ард түмэн аюулт өвчнийг хэрхэн ялсан” тухай дурджээ. Тус улсын төрийн мэдээллийн хэрэгслүүд ч мөн утгатай мэдээ мэдээллүүдийг цацах болов. Ийнхүү Ши Жиньпин коронавирусийг дотооддоо эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд ашиглаж байгаа бол Путин үүнийг өөрийн гадаад болон дотоод амбицаа хэрэгжүүлэхэд ашиглаж байна.
Улс орнууд энэ вирусийг хэрхэн даван туулсан бэ гэдгийг тухайн улс орны эдийн засаг өвчний тархалтын үед хэр тогтвортой байсан бэ гэдгээр нь дүгнэж болно. Эсрэгээрээ эдийн засгаа хэвээр нь хадгалж үлдэхэд хэдэн хүний амь үрэгдэх вэ гэдэг “маш хатуу асуулт” улс орон бүрийн удирдагчдад тулгараад байна.
Бүх хүмүүсийг гэрт нь хориод, эцсийн мөч хүртлээ хүлээж вирусийн тархалтыг зогсоож болох ч ингэвэл тухайн орны эдийн засаг маш ихээр уналтад орж, ард иргэд, бизнес эрхлэгчид эргэн хөл дээрээ босохооргүй болох болно.
-Нөхцөл байдлыг аажмаар өөрийн талд эргүүлэх нь-
ОПЕК коронавирусийн үед газрын тосны эрэлт хэрэгцээг хэрхэн зохицуулах талаар Орос улстай тохиролцож чадаагүйн улмаас Даваа гариг (2020.03.09)-т газрын тосны үнэ огцом уналаа. Энэхүү “Хар даваа гариг”-т Путин маш том алхам хийсэн юм.
Тэрбээр Орос улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг өөрчилж, 2036 он хүртэл төр барих санаатай байгаагаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, энэ үнэхээр биеллээ олбол тэр зууны гуравны нэгээс илүү хугацаанд Орос улсыг удирдана гэсэн үг юм.
Путин сүүдэрт хамгийн сайн ажилладаг. "Хар даваа гариг" бол түүний анхаарал сарниулах тактик байв. Харин коронавирус түүнд өөр нэг боломж олгосон. Өнгөрсөн Баасан гаригт Австрийн Вена хотноо болсон ОПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тэрбээр Саудын Арабын газрын тосны олборлолтыг бууруулах төлөвлөгөөг эсэргүүцэж, одоогийн түвшинг хадгалалж, үнийн уналтыг зүгээр хараад суухыг илүүд үзэж байгаагаа мэдэгдсэн. Энэ нь Оросын түүхий газрын тосноос өртөг өндөртэй АНУ-ын занарын газрын тос үйлдвэрлэгчдийг хохироосон юм.
Орос улс коронавирусийн тархалтыг хязгаарлах тал дээр Америкаас сайн ажиллаж байна. Хэрэв Москвагийн гаргасан тоо үнэн зөв бол шүү дээ. Путин ийнхүү Трампаас илүү ажиллаж байгаа нь энэ өвчнийг геополитикийн давуу тал болгон ашиглаж чадаж байгаагийн илрэл.
-Харин Трамп бэлэн биш байна-
Дональд Трамп хавцлын ирмэг дээр байна. АНУ-ын эдийн засаг огцом уналтад орох эрсдэлтэй байна. Эдийн засагтаа анхаарлаа төвлөрүүлэх гэхээр эрүүл мэндийн салбар нь орхигдох эрсдэлтэй. Мөн түүний Европын урсгалыг хязгаарлах шийдвэр нь түүнийг коронавирусийн “шавар"-аас гаргаж чадахгүй л болов уу.
Өнөөдөр Путин, Ши нартай харьцуулахад Трамп дэндүү “түүхий” харагдаж байна. Ши Жиньпин ч мөн эхэндээ барьц алдсан. Гэхдээ тэр эргээд “барьж” чадсан. Харин Трампад ямар нэгэн зүйл дутагдаад байна. АНУ ч гэлтгүй ямар ч улс үндэстэн аймшигт тахлын нөлөөнд хэр удаан байна тэр чинээгээрээ эдийн засаг нь эргэн сэргэх хугацаа нь удаан байх болно.
Итали улсын хувьд авч үзэхэд энэ улс бүхэлдээ хорио цээрийн дэглэмд шилжлээ. Италид Хятад шиг их хүн хүч, хяналт байхгүй. Дээр нь “Их-7”-ийн бүлгийн хамгийн ядуу орон. Гэтэл Италиас ч сул дорой улс орнууд хэдэн арваараа байна. Энэ үед тэдгээр улс орнууд том гүрнүүдийн “зууш” болох магадлал өндөр байдаг бөгөөд энэ үед л их гүрнүүд болон тэдгээрийн удирдагчид эрх мэдлээ бэхжүүлж авдаг.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ