Улстөрчдийн ургуулсан сэдэв

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

Улстөрчдийн ургуулсан сэдэв

Сүүлийн үед улстөрчид, улс төрд орох сонирхолтой залуус аль нэг сэдэв барьж улстөр хийх нь тренд болов. С.Ганбаатар Оюутолгойгоор, Х.Баттулга Тавантолгойгоор, Г.Уянга Ч.Сайханбилэгээр, О.Баасанхүү С.Баярцогтоор, З.Баянсэлэнгэ АТГ-аар, Л.Эрдэнэчимэг архи тамхиар, Ц.Нямдорж шүүгчдийн цалингаар, Д.Хаянхярваа Үндсэн хуулиар, Х.Болорчулуун Ноён уулаар,  С.Боргил Халх голоор, Ц.Даваасүрэн малчдын асуудлаар, Б.Цогоо Шилэн дансаар, Х.Амгаланбаатар ажил хаялтаар гээд хүн болгон нэг сэдвийг “өмчлөөд” удаж байна. Тэд нэг сэдвийг тордож ургуулаад, тодорч гарч ирнэ гэж боддог, түүндээ итгэчихсэн бололтой юм. Б.Цогтгэрэл Хөгжлийн банкыг АТГ-д өгснөө өөрийн эрх мэдлийн интернэт орчноороо мэдээлжээ. Шударга сайхан харагдахаасаа улс төр хийж байгаа нь ер бол илэрхий байна л даа. Энэ мэтээр тодорч гарч ирэх гэсэн улстөрчдийн тордолгоонд орсон сэдэв болгон гацдаг, унадаг, мөхдөг нь  зүй тогтнол болжээ.

Хамсалтай нь, эдийн засаг, нийгмийнхээ бүх асуудлыг сэдэвчилж, улс төр болгочихсон монголчуудын амьдрал өөдөлсөн ч юм даанч алга.

С.Ганбаатар Оюутолгойгоор, Х.Баттулга Тавантолгойгоор, Г.Уянга Ч.Сайханбилэгээр, О.Баасанхүү С.Баярцогтоор, З.Баянсэлэнгэ АТГ-аар, Ц.Нямдорж шүүгчдийн цалингаар, Д.Хаянхярваа Үндсэн хуулиар, Х.Болорчулуун Ноён уулаар,  С.Боргил Халх голоор, Ц.Даваасүрэн малчдын асуудлаар, Б.Цогоо Шилэн дансаар, Х.Амгаланбаатар ажил хаялтаар гээд хүн болгон нэг сэдвийг “өмчлөөд” удаж байна.

Дэлхийн банкнаас Монголын эдийн засагт хийсэн тойм судалгаагаа танилцуулж, манай улсын эдийн засгийн өсөлтийг энэ оны эцсээр 2.3 хувьтай гарна гэж дүгнэв. Үүнээс өмнө Азийн хөгжлийн банк энэ оны сүүлээр эдийн засгийн өсөлт чинь 2.3 хувьтай гарах нь ээ гэсэн сануулгыг өгч байсан юм.  Гэвч үнэндээ энэ тоонд хэн ч ач холбогдол өгөхгүй, сэдэв хөөсөн улс төрөөр амьсгалж байгааг харахад ёстой тэнэгийн дотор уужуу гэж монголчууд биднийг хэлэх байх даа гэмээр.

Хямрал ганцхан Монголд нүүрлээд байгаа юм биш л дээ. Дэлхий дахинд эрдэс баялгийн үнэ унаж, гадаад зах зээлээс хамааралтай, ялангуяа хөгжиж яваа орнуудын эдийн засагт хүндээр тусч байгаа. Гэхдээ Казакстан, Вьетнам зэрэг улс орнуудын хувьд манайхаас ялгаатай нь дээр дооргүй, гудамж, гэргүй улс төр хийгээд, сэдэв болгон дээр хоёр хуваагдан хэрэлдээд байгаа юм алга. Тийм болохоор тэд хөгжиж, бид уруудаад байгаа юм.

Ялангуяа улстөрчдийн зүгээс явуулж буй сэдэвт улс төр нь улс орны хөгжил, Монголын эдийн засаг, монголчуудынхаа амьдралыг "багалзуурдаад" удаж байгаа нь тэдэнд сонин биш бололтой.  Тэгээд ч улс төр болгоё гэвэл сэдэв олох амархан.

Энэ бүхнээс харахад монголчууд бид яасан ч их завтай, ямар ч их хэрүүл хийх сэдэвтэй ард түмэн бэ. Ингэж хэрэлдсээр байгаад гадаадын хөрөнгө оруулагчдаа хөөж аваад амар сайхандаа жаргасан. Одоо Гацууртаа, Оюутолгойгоо, Тавантолгой, төмөр замынхаа асуудлыг унагааж аваад бүүр жаргах тал руугаа орох биз.

Монголд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт өнөөдөр нэг тэрбум доллар ч хүрсэнгүй, дөнгөн данган 44 саяар хэмжигдэж байгаа нь бүх сэдвээр ам хуурайгүй хэрэлддэг бидний араншингаас болсон хэрэг.

Долларын ханш 2000 даваад буурсан. Буугаад ч шальсан юм алга л даа. Гэвч, энэ бас манай С.Ганбаатарын, Х.Баттулгын, Г.Уянгын, О.Баасанхүүгийн, Х.Болорчулууны, Д.Хаянхярваагийн, Сү.Батболдын хийсэн, хийж байгаа улс төрийн үр дүн.  Ажил хийхээсээ илүү амаа хөдөлгөдөг монголчууд бид ийм л арчаагүй, ядуу амьдрах нь зөв ч юм шиг.

Монголчуудын амин зуулга болсон зэс, нүүрс, төмөр, алтны үнэ дэлхийн зах зээл дээр уначихлаа. Бидний зээлжих зэрэглэлийг  дэлхийн улсууд “В” гэж зарлав. Улсын гадаад өр 21 тэрбум долларт хүрч, дотоодын төсвийн алдагдал нь бараг 900 тэрбумаар тоологдож байна.  Өмнөд Солонгосын эхнэр хүүхнүүд шиг ээмэг бөгжөө тайлаад өгөх эх орончоо  байг гэхнээ энэ их үймээн самуун, улс төржилтөөс болоод эдийн засгаа өвтгөн, иргэдээ ажилгүйдэл, ядуурал руу аваачиж байгаагаа яагаад ойлгодоггүй юм бэ, манай улстөрчид?

Монголчуудын орлого улам хумигдаж,  ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарах магадлалтайг Дэлхийн банк сануулж байна. Ялангуяа уул уурхайн салбарын бууралт ирэх оны эдийн засагт томоохон дарамт болно гэдгийг ч тэд хэлэв.

Аргагүй шүү дээ, парламент нь дотроо байнгын “байлдаантай”, сав л хийвэл Засгаа огцруулна, Ч.Сайханбилэгээ явуулна гэж айлгадаг улстөрчидтэй Монголоос хөрөнгө оруулалт дүрвэх нь хууль ёсны үзэгдэл. Тогтворгүй Засгийн газар, таагүй хууль эрх зүйн орчинтой, зөвхөн сэдэв хөөж амьдардаг Монгол Улсын эдийн засаг 2.3 хувьтай гарна гэсэн таамаглал байгаа нь харин ч сайн үзүүлэлт юм. Түүнээс хасахтай гарахад гайх зүйл үгүй.

Эгийн гол, тавдугаар цахилгаан станц,  Үндсэн хууль, Тавантолгой, Оюутолгой, Гацуурт, Шилэн данс, Сонгуулийн хууль, төмөр зам…..? Бурхан минь бүх асуудлаа том улс төр болгочихсон, түүнийгээ тойроод улсаараа ядуу амьдарч байгаа биднийг гадныхан “үхэр монгол” гэж элэглэхээс ч яахав. Тэгэхээр ямар нэгэн сэдвийг улстөрчид тордож ургуулаад эхэлбэл угаасаа явахгүй гэсэн үг.

 Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж