Коронавирусийн халдвартай холбоотойгоор Монгол, БНСУ, Японы хооронд бүх шууд нислэгийг түр зогсоосноос улбаалан гадны улсад түр хугацаагаар зорчсон, мөн их, дээд сургуулиа төгсөж байгаа иргэд эх орондоо буцах хүсэлтээ Элчин сайдын яаманд илэрхийлэх болжээ.
Улсын онцгой комисс энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Токио болон Сөүлд байгаа нэн тэргүүнд яаралтай буцах шаардлагатай буюу өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй болон өндөр настай өөрийн иргэдээ тусгай үүргийн нислэгээр эх орон руу нь авчрахаар шийдвэрлэсэн.
Ингэхдээ БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Истанбул хотоор дамжуулан “МИАТ” компанийн онгоцоор авчрах юм. БНСУ-аас 300, Япон-оос 100 хүн, бусад улс орнуудаас нийлээд 1000 гаруй иргэнийг дөрвөн удаагийн чартер нислэгээр авчрах аж. Монгол Улсаас БНСУ, Японд суугаа Элчин сайдын яамд өчигдөр /2020.12.12/-өөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг бүртгэж эхэлсэн бөгөөд бүртгэл өнөөдөр /2020.03.13/ 18.00 цагт дуусах юм байна.
ШИНЖИЛГЭЭНИЙ 320 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦНА
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг “Өчигдрийн байдлаар БНСУ-аас хүндэтгэн үзэх шалтгаантай 250 орчим иргэн эх орондоо ирэх хүсэлтээ бүртгүүлсэн байна. Эдгээр иргэдийн ихэнх нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар тус улсыг зорьсон иргэд байгаа юм. Нислэгээс өмнө иргэдийг тухайн улсад шинжилгээнд оруулна. Хэрэв халдвар илрэх юм бол тухайн улсад нь эмчлүүлэх дүрэм журмыг нарийн дагаж мөрдөнө.
Тухайлбал, БНСУ-д шинэ коронавирусийн халдварыг нэг хоногийн дотор илрүүлэх шинжилгээний зардал нь 160 мянган вон буюу 320 мянган төгрөгийн үнэтэй. Засгийн газрын нөөц хөрөнгөөс нийт 320 орчим сая төгрөгийг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ эх оронд нь авчрахад зарцуулахаар болсон. Үүнд дөрвөн удаагийн чартер нислэг, иргэдийн шинжилгээний зардал гэхчлэн бүх зүйлс багтсан.
Харин иргэдээс өөрсдөөс нь эх орондоо ирээд 14 хоног тусгаарлагдах хоол, ундны зардал болон нислэгийн зардал гарах юм. Нэг иргэн 14 хоногийн хугацаанд тусгаарлагдах газраасаа шалтгаалаад дунджаар 31.000-50.000 төгрөг гарна гэж тооцоолсон. Харин чартер нислэгийн тийзийн төлбөр нэг хүний 254 ам.доллар байдаг. Хэрэв МИАТ-ын буцах тийзтэй бол хамаарахгүй.Үлдсэн бусад зардлыг Засгийн газар хариуцна” гэв.
Харин УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБААС гадаадаас эх орондоо ирэхээр бүртгүүлсэн иргэдэд доорх зургаан зүйлийг анхааруулж байна.
1.Иргэдийг 14 хоног тусгаарлах байр, хоолны зардал болох хоногийн 40,000 төгрөг буюу нийт 560,000 төгрөг /0-5 настай хүүхэд төлбөргүй/, 6-18 настай хүүхэд хоногийн 30,000 төгрөг буюу нийт 420,000 төгрөгийг тухайн иргэний ар гэрийнхэн нь Монголд Онцгой байдлын ерөнхий газрын дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна. Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана.
2. Сөүлээс эхний нислэгээр ирэх бүх зорчигчийг Дотоод хэргийн их сургуулийн оюутны байранд /цэргийн хуарангийн зохион байгуулалттай байр/ тусгаарлана. Цагаан хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл болон ойр зуурын хэрэглээний эд зүйлсийг Улаанбаатарт байгаа ар гэр нь урьдчилан бэлтгэж, нислэгээс өмнө дээрх байранд хүргэж өгсөн байна.
3. Нийт зорчигчийн ачааг нисэх буудлаас ар гэрийнхэн нь ирж авна. Тухайн зорчигч зөвхөн гар тээштэйгээ тусгаарлах байранд шууд очно.
4. Эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өвчний талаарх мэдээлэл, тухайн иргэний Монголд байгаа ар гэртэй холбоо барих мэдээллийг ЭСЯ–наас 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн дотор Улсын онцгой комисст ирүүлнэ.
5. Чартер нислэгээр нутаг буцах иргэд эрүүл мэндийн асуумжийг санаатайгаар худал бөглөх, халдварт өвчтэйгөө нуух, улмаар бусдад халдаасан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлд заасан “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах” гэсэн үндэслэлээр 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттайг анхаарна уу.
6. Коронавирусийн халдвар дэлхийн 100 гаруй улсад тархсантай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал хэмээн зарласан. Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа тул Улсын онцгой комиссын шаардлагуудыг Монгол Улсын иргэд хатуу мөрдөж биелүүлэх шаардлагатайг анхааруулжээ.
БНСУ-д өнөөдрийн байдлаар Монгол Улсын 48 мянга гаруй иргэн оршин сууж байгаа бол Япон Улсад 12 мянга гаруй иргэн урт, богино хугацаагаар оршин сууж байна.
МЯНГАН ИРГЭНЭЭ НЯМ ГАРИГААС АВЧИРЧ ЭХЭЛНЭ
Улсын онцгой комиссын шийдвэрээр БНСУ, Япон, ОХУ, Бүгд Найрамдах Турк Улс болон Европын орнуудад байгаа мянга гаруй иргэнээ эх орондоо авчрах асуудал яригдаж буй. Гадаад харилцааны яамны сайд Д.Цогтбаатарын мэдээлснээр ирэх Ням гариг (2020.03.15)-аас тусгай үүргийн нислэгийг эхлүүлэхээр болжээ.
Тэрбээр “Бид бүхэн эхний ээлжинд гадаадад байгаа өндөр настан, жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд зэрэг хамгийн эхний шалгуур хангасан мянга гаруй иргэнээ эх оронд нь авчирна. Үүнийг иргэд зөвөөр ойлгож хүлээн авах хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар онцгой нөхцөл байдалд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ эх орондоо авчрахаар болж байгааг ойлгохыг хүсье. Эхний нислэг Ням гаригт эхэлж, Даваа гаригаас Япон, мөн Станбул руу дараа дараагийн нислэг үйлдэгдэнэ. Мэдээж эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийн тоо мянга давсан” гэлээ.
Тухайлбал, БНСУ-аас 300 гаруй, Японоос 100 гаруй иргэнээ авчрахаар төлөвлөжээ. Ингэхдээ эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр явсан, жирэмсэн, ахмад настан, бага насны хүүхэдтэй хүн гэх мэт шалтгаантай иргэдийг тусгай үүргийн онгоцоор авах юм.
Э.БУРАМ
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ