Засгийн газар 800 сая ам.долларын өртгөөр “Тэнгэрийн тойрог” төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан нь хэл ам дагуулаад байна.
Ардчилсан намын даргын зөвлөх З.Энхболд “Авто замаа барьж чадаагүй МАН агаарын зам тавилаа юу. Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замаа эхлээд барь” гэж тавлаж байгаа бол “Агаарын зам тавьснаар түгжрэлийг бууруулдаггүй юм” гэж зөвлөх нэгэн ч байна.
“Тэнгэрийн тойрог” төсөлд тусгаснаар газраас 6-12 метр өндөрт, 13 км урт, хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй замыг 100 айл-Сансарын аюулгүйн тойрог-Зүүн дөрвөн зам-Нарантуул-Дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-120 мянгат-Хан-Уул дүүрэг- Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм-100 айл чиглэлд тойрог хэлбэрээр барихаар төлөвлөжээ. Мөн Их тойруугийн есөн уулзварт орох, гарах 27 цэг байгуулах юм. Гүүрэн зам барьснаар замын түгжрэл 46, агаарын бохирдол 20 хувиар буурна гэж тооцоолжээ. Гэвч мэргэжилтнүүд “Агаарын замаар автомашины түгжрэлийг бууруулдаггүй юм, мэтгэлцье” гэж дуэльд ч дуудаж буй.
Төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Хамгийн гол нь хэдхэн сарын дараа УИХ-ын сонгууль болж, Засгийн газар солигдоход “Тэнгэрийн тойрог” төслийг дэмжин ажиллах боломж байгаа юу гэдэгт санаа зовних хэсэг ч байгаа юм.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг сааруулахын тулд хотын захирагч бүр тодорхой шийдвэр гаргаж ирсэн ч амжилт олсон нь цөөн. “Тэнгэрийн тойрог” төслийн санаачлагч нь хотын дарга С.Амарсайхан. Судалгаагаар дээрх төсөл хэрэгжсэнээр авто замын түгжрэл саарах нь баттай бол хэрэгжүүлэх нь зөв ч 800 сая ам.доллар төлөөд эл төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулагч олдох уу гэдэг ч бас эргэлзээ дагуулж буй юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ