Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

МҮЭ-ийн холбооноос цалин тэтгэвэр нэмэгдүүлэхийг шаардаж УИХ, Засгийн газарт удаа дараа санал хүргүүлсэн. Гэвч ирэх оны улсын төсөвт уг асуудал тусгагдаагүй байгаа аж. Үүнтэй холбогдуулан МҮЭ-ийн салбарын ҮЭ-ийн холбоодын удирдлагууд хэвлэлийн хурал хийлээ. Хуралд Авто замчдын, Барилгачдын, Эрүүл мэндийн ажилтны зэрэг 11 салбар холбоодын дарга нар оролцов. Тэд хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг нэн даруй эхлүүлж, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлыг ирэх оны улсын төсөвт зайлшгүй тусгахыг шаардаж буйгаа мэдэгдлээ. Ирэх оны улсын төсөвт тусгагдаад байгаа хойшлуулж болох хөрөнгө оруулалт, урсгал зардлуудыг хасах замаар 160 орчим тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой гэж үзэж байгаа аж. Тухайлбал, төрийн далбааны өндөрлөг байгуулах, угтах хаалганы засвар, сонгуулийн санал тоолох машины зардал зэрэг ирэх ондоо тэвчиж болох арга хэмжээнээс 40 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Мөн төрийн захиргааны барилга байгууламжийн засварын ажлыг хойшлуулснаар 20 тэрбум төгрөг хэмнэх нөхцөл бүрдэнэ гэдгийг хурал зохион байгуулагчид хэлж байв. Ингэснээр төрийн албан хаагчдын цалин, өндөр настнуудын тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэв. Засгийн газар шаардлагыг хүлээж авахгүй, ирэх оны улсын төсөвт цалин нэмэгдүүлэх асуудлыг тусгаагүй тохиолдолд хамтын маргааныг үргэлжлүүлж, бүх нийтийн ажил хаялтад хүрэх болно гэлээ.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж