УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбооноос тивийнхээ клубуудын дунд зохион байгуулдаг хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолтууд өчигдөр/2020.03.11/ явагдлаа.
- Ливерпүүл 2:3 Атлетико Мадрид (Нийлбэр дүн 2:4)
Өнгөрсөн жилийн УЕФА Аваргуудын лигийн аварга Английн Ливерпүүл баг өөрсдийн Энфилд цэнгэлдэхдээ Испанийн Атлетико Мадрид багийг хүлээн авч тоглож, 2-3 харьцаатай нэмэлт цаг хожигдлоо. Хоёр багийн эхний тоглолт Мадрид хотын Ванда Метрополитан цэнгэлдэхэд явагдахад талбайн эзэд болох Атлетико Мадрид 1-0 гэсэн харьцаатай хожсон. Ийнхүү Ливерпүүл баг заавал хожих ёстой тоглолтоо гэртээ хийсэн боловч харамсалтай ялагдлаа. Тоглолтын эхний гоолыг нэгдүгээр үеийн 43 дахь минутанд Голланд хагас хамгаалагч Жоржиньо Вейналдум оруулж улаанууд тоглолтыг тэргүүлж эхний үе өндөрлөсөн. Харин хоёрдугаар үед аль, аль баг нь гоол оруулж чадалгүй нийлбэр дүн 1-1 болж нэмэлт цаг гарахаар болсон. Нэмэлт цагийн 94 дэх минутанд Бразил довтлогч Роберто Фирмино оруулж Ливерпүүл баг "бараг" цааш шалгарсан гэж хэлж болно. Гэвч 97, 105+1 минутуудад талбайд сэлгээгээр орж ирсэн Испани хагас хамгаалагч Маркос Йоренте дараалан хоёр гоол оруулж, Ливерпүүлийн аваргаа хамгаалах мөрөөдлийг үгүй хийсэн. Тэгвэл тоглолтын эцсийн цэгийг хуучин Английн Челси багт хүчин зүтгэж байсан Испани довтлогч Алваро Мората 120+1 минутанд оруулж Атлетико Мадрид цааш шалгарлаа.
Диего Симеонегийн удирдлага дор Атлетико Мадрид баг УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд зөвхөн Кристиано Роналдогийн тоглож буй багт л хожигдон хасагдаж байсан.
- Пари Сен-Жермейн 2:0 Боруссиа Дортмунд (Нийлбэр дүн 3:2)
Герман улсад болсон эхний тоглолтод Боруссиа Дортмунд өөрсдийн Сигнал Идуна Парктаа Пари Сен-Жермейн/ПСЖ/ багийг 2-1 харьцаатай хожиж мэдэгдэл хийсэн билээ. Энэ удаагийн тоглолт Парис хотын Парк де Принцес цэнгэлдэхэд үзэгчгүй, хаалттай явагдаж талбайн эзэд ПСЖ баг 2-0 гэсэн харьцаатай өрсөлдөгчөө ялж дараагийн шатанд шалгарлаа. Тоглолтын эхний гоолыг нэгдүгээр үеийн 28 дахь минутанд ПСЖ багийн Бразил довтлогч Неймар оруулж багтаа том тус хүргэсэн. Нэгдүгээр үед ахин нэг гоол орсон нь ПСЖ багийн Испани жигүүрийн тоглогч Хуан Бернат 45+1 минутанд оруулж ПСЖ баг дараагийн шатанд шалгарах эрхээ эхний үед л олж авсан. Харин хоёрдугаар үед Боруссиа Дортмундын Герман хагас хамгаалагч Эмре Чан улаан хуудас хүртснээс өөр онцлох зүйл болж өнгөрсөнгүй. Ийнхүү ПСЖ баг дараагийн шатанд шалгарлаа.
УЕФА Аваргуудын лигийн үлдсэн хасагдах шатны тоглолтууд дараа долоо хоногт үргэлжлэн явагдана.
Холбоотой мэдээ